
Өнөөдөр Монголд хөгжлийн хүрд хурдацтай эргэлдэхийн хэрээр хэдхэн жилийн өмнө огт яригддаггүй байсан “мэдээллийн аюулгүй байдал”, “хэрэглэгчээ таних систем (KYC)” зэрэг ойлголтууд бидний амьдралын зайлшгүй нэг хэсэг болж эхэллээ. Санаж байгаа бол бид хэдхэн жилийн өмнө банкнаас эзэмшигчийн нэргүй карт авч, Мобикомоос бүртгэлгүй дугаар аваад явах боломжтой байв. Зах зээл өсч, бизнесийн арга барил тэлэхийн хэрээр боломж бололцоо дагаад сүүдэр ч ургадаг—энэ бол хөгжлийн жам.
Гэвч сүүлийн жилүүдэд нэг зүйл тод харагддаг боллоо: Монголд жинхэнэ утгаараа KYC — худалдан авагчаа таних систем дутагдаж байна. Энэ нь энгийн нэг бюрократ процесс биш, харин иргэн “насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай этгээд мөн эсэх”-ийг баталгаажуулдаг үндэсний хамгаалалтын шүүлтүүр юм. Өсвөр хүүхэд дур зоргоороо архи, тамхи, садар самуун агуулсан бараа, зохисгүй эм тариа авах боломжийг хаах л механизм.
Харамсалтай нь УИХ-аар хэлэлцэж буй тамхины хуулийн төслийн хэлэлцүүлэгт энэ бодит нөхцөл байдал бүрэн тусгагдсангүй. Манай хууль санаачлагчид KYC байхгүй учраас архи, тамхины дэлгүүр бүрийн үүдэнд цагдаа зогсоох юм шиг төсөөлөөд байгаа нь хөгжилтэй атлаа санаа зовоох. УИХ-ын дарга Учрал “хэрэгждэггүй хууль байснаас байгаагүй нь дээр” гэсэн нь ч оргүй биш. Үнэхээр тэгэхэд: Энэ олон хүнээс насыг яаж таних юм бэ?
Улаанбаатар хот 1.5 сая хүнтэй. Өнөөдөр бүгд л ямар нэгэн банкны дансаараа төлбөр тооцоо хийдэг болж, бэлэн мөнгө биедээ авч явах нь цөөрсөн. Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй бол банк яг яаж мэдээд гүйлгээг татгалздаг билээ? Учир нь банк хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг, түүнтэй хамт насны мэдээллийг ч төвлөрсөн байдлаар эзэмшдэг. Энэ бол технологийн давуу тал.
Тэгвэл хүүхдээс том хүнийг ялгаж чадахгүй байгаа юм шиг дүр зураг зурцгаахын оронд энэ боломжоо ашиглаж болохгүй гэж үү?
Шинэ шийдэл: AI-тулгуурласан ухаалаг автомат машин
Тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнийг банкны KYC дээр суурилсан AI powered vending machine-ээр худалдаалах нь хамгийн бодит, хамгийн хэрэгжихүйц, хамгийн найдвартай гарц.
Энэ машин:
• Бэлэн мөнгө авдаггүй
• Карт уншдаггүй (карт бол шилжүүлж өгч болдог)
• Зөвхөн Apple Pay, Google Pay, болон банк бүрийн өөрийн CRM-д холбогдсоноор насанд хүрсэн этгээд гэдгийг баталгаажуулдаг дижитал төлбөрийг хүлээн авна
Ийм системд хүүхэд эцэг эх, найзын картаар авч өгөх боломж үндсэндээ хаагдана. Apple Pay болон Google Pay нь хэрэглэгчийн devices-д суурилдаг тул хүмүүс хооронд шилжүүлж ашиглах боломжгүй, банк CRM автоматаар насны шалгалт хийдэг. Дэлгүүр бүрийн үүдэнд цагдаа зогсоох шаардлагагүй. Хүүхдээ хамгаалах хамгийн үр дүнтэй, хамгийн шударга, хамгийн 21-р зуунд нийцсэн арга зам бол технологи ашиглах явдал.
Энэ бол асуудлын шийдэл биш, хөгжлийн шинэ үе
Технологи бидний амьдралыг аль хэдийн өөрчилсөн—харин тамхины худалдаанд ингэж ухаалаг шийдэл нэвтрүүлэх цаг нь боллоо. Ингэснээр:
• Хууль амьдрал дээр хэрэгждэг болно
• Худалдаачдад дарамт биш, хариуцлагатай систем бий болно
• Хүүхдүүд үр дүнтэй хамгаалагдана
• Төрийн хяналтын зардал огцом буурна
Монголд бодит боломж байгаа юм. Технологи байна, банкны базад насны мэдээлэл байна, төлбөрийн дижитал системүүд байна. Одоо зөвхөн ухаалаг шийдлээ хэрэгжүүлэх улс төрийн хүсэл л дутуу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!