Одоогоос 20 гаруй хоногийн өмнө 2026 оны улсын төсвийг УИХ эцэслэн баталсан. Тэгвэл энэ өдрүүдэд аймгууд орон нутгийн төсвөө хэлэлцэж буй. Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай орон нутгийн төсвийн хуваарилалт зэрэг асуудлуудаар ярилцлаа.
-Ирэх оны улсын төсөв орон нутагт, тэр тусмаа Дундговь аймагт хэр өгөөжтэй, дэмжлэгтэй төсөв болсон гэж харж байна?
-Энэ удаад тийм ч хангалттай төсөв батлагдаагүйг бүгд мэдэж байгаа. 2025 оны төсөв нэлээн хөрөнгө оруулалттай, өргөн цар хүрээтэй мега төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн өөдрөг төсөв байсан. Гэвч нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Монгол Улсын төсвийн орлого хумигдсан. Үүнээс шалтгаалж долоодугаар сард улсын төсвийг тодотгосон бол наймдугаар сард аймгууд төсвөө тодотгосон. Үүгээр төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхтгож, төсвийг нь 30 хувиар бууруулсан.
Бид аймгийнхаа төсвийн орлогыг давуулан биелүүлж, үүнийгээ ч нэмэгдүүлнэ гэж төсөөлж байсан бол улсын төсвийн нөхцөл байдалтай холбогдуулан хасаж тодотгосноор 21 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, улсаас 19 тэрбумын татаас авч байсан бол Дундговь аймаг анх удаа улсын төсөвт орлого төвлөрүүлсэн гэсэн үг.
Сангийн яамнаас улсын болон орон нутгийн төсвийг УИХ-д оруулахдаа тодотгол хийсэн хэмжээнд буюу 2025 оныхоос 30 хувиар бууруулсан хэмжээгээр хянаж, өргөн мэдүүлсэн. Үүний дараа багш, эмч нарын цалин болон ахмадын тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор 13-14 хувиар төсөв буурсан байгаа.
Манай аймаг энэ удаад хамгийн бага буюу 577 сая төгрөгийн дэмжлэг авч, бусад зардлаа өөрөө санхүүжүүлж байна. Өмнөх жилүүдэд 19-21 тэрбум төгрөгийн дэмжлэг авдаг байсан юм билээ.
Орон нутагт улсаас олгож буй төсөв төрийн албан хаагчдын цалин урамшуулал, цахилгаан, дулааны зардал болон зайлшгүй засвар үйлчилгээний зардалд багтаж байгаа. Харин сайд нарын багц дээр Дундговь аймагт боломжийн төсөв тавигдсан. Тухайлбал, Зам, тээврийн сайдын багцад зам засварын 40 орчим тэрбум төгрөг тусгагдсан байгаа. Түүнчлэн, Мандалговь-Чойр чиглэлийн замын ажил 2024 онд эхэлсэн бөгөөд 2025 онд үргэлжлээд 30 км орчим зам баригдсан. Энэ ажил цааш үргэлжлэх ёстой гэж үзээд 20 тэрбум төгрөг тавигдсан. Тиймээс энэ ажил зогсохгүйгээр үргэлжилнэ. Мөн Дундговь аймгийн халаалтын систем буюу хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний ажилд 44 орчим тэрбум төгрөгөөс эхний ээлжийн төсөв тавигдаж байгаа.
Түүнчлэн, Дундговь аймгийг “Дуу хуурын өлгий нутаг” гэдэг ч театрын барилгагүй, хуучны кино театрын барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгвэл анх 2012 онд Төв Халхын дуулалт жүжгийн театрыг бариулахаар улсын төсөвт тусгаад ажил нь явж байсан боловч тендер нь амжилтгүй болж, ажил гүйцэтгэж байсан “Суурь” гэж компани нь дампуураад, нэг суурь бариад орхисон юм билээ. Тэгвэл үүний төсөв, төлөвлөгөөг нь шинэчилж, аудитаар оруулж байгаад тодорхой төсөв тавиулсан. Нийтдээ 32.9 тэрбум төгрөгийн өртөгтэй театрын барилга. Үүнийг 3 жилд барьж дуусгахаар төлөвлөж, энэ жил 8.5 тэрбум төгрөг тавиад байсан ч төсөвт таналт хийж буйтай холбоотойгоор 3.6 тэрбум төгрөг суусан.
-ААН-үүдээс олох орлого 10 орчим тэрбумаар давах төлөвлөгөөтэй байна-
-2026 оны төсөв хангалттай хэмжээнд батлагдаагүй гэлээ. Улсын төсөвт орлого төвлөрүүлэх Дундговь аймаг орлогоо яаж бүрдүүлэх юм бэ?
-2023 онд батлагдсан татварын хуулийн өөрчлөлтөөр орон нутаг олсон орлогоо тайлагнаж байх ёстой. Манай аймгийнх биш ч энд үйл ажиллагаа явуулаад орлого олсон ААН-ийн төлсөн татварынх нь 40 хүртэлх хувь нь орон нутагт үлддэг болсон. Үүнтэй холбоотойгоор манай аймгийн орлого тодорхой хэмжээнд өсөөд явж байгаа. Тухайлбал, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглээд байсан Салхитын мөнгөний орд дахь “Эрдэнэс Алт” гэж компани бий. Тухайн компанийн татвараас аймагт ногдох орлогын хэмжээ нь ирэх онд 27-28 тэрбум байх нь гэж тооцоолж байгаа.
ААН-үүдээс олсон орлого 2024 онд 5-6 тэрбумаар давж байсан бол 2025 онд 10 орчим тэрбумаар давж биелэх төлөвлөгөөтэй байна. Ирэх жил ч өөдрөг төсөөлөлтэй байна.
Харин газрын орлогын төлбөр тасарч байна. Өнгөрсөн онд төсөв батлах үеэр газрын орлогын төлбөрөөс 6 орчим тэрбумыг төвлөрүүлнэ гэж тооцсон ч 3 орчим тэрбум нь тасарсан. Уул уурхай, ашигт малтмалын лиценз эзэмшиж буй ААН-үүд мэдээллийн санд газраа оруулах ёстой. Ингэснээр газрын алба татвараа авах боломж нь бүрдэнэ. ААН-үүд мэдээллээ оруулахын тулд сумын ИТХ-аар оруулж эрхээ авдаг ч ИТХ нь үүнийг ойлгохгүй, зөвшөөрөхгүй гэдэг нэртэйгээр хойшлуулаад байдаг. Сумын ИТХ газар нутгаа хамгаалж байна гэж ойлгоод байгаа боловч бид төлбөрөө авч чадахгүй л сууж байна.
-УИХ-ын гишүүд нь өөрөө явж хөөцөлддөг аймгууд төсвөө тавиулж байна-
-Жил бүр орон нутгийн төсвийн хуваарилалт хэл ам дагуулдаг. Тоотой хэдэн аймаг л Монгол Улсыг тэжээдэг бол дийлэнх нь өндөр хэмжээний дэмжлэг авдаг. Төсвийн хуваарилалт тэгш байж чадаж байна уу?
-Орон нутагт шинэ бүтээн байгуулалтын төсөв гэж тавьдаггүй. Үүнийг улс хийж, засвар үйлчилгээгээ орон нутаг хийнэ гэдэг. Улсын төсөв дээр өөрсдөө төсвөө тавиулна гэдэг бол УИХ-ын гишүүдийн асуудал болчихоод байгаа. УИХ-ын гишүүд нь өөрөө явж хөөцөлддөг аймгууд төсвөө тавиулж байна. Мөн Засаг дарга нар нь өөрөө хөөцөлдөлгөө сайтай байж төсвөө тавиулдаг болчихоод байна.
Дундговь аймаг түрүүн хэлсэнчлэн, өмнөх жилүүдэд 15-20 тэрбум төгрөгийн дэмжлэг авч явсан бол энэ жил 2 тэрбумыг улсдаа төвлөрүүлсэн. 2026 онд 500 сая төгрөгийн дэмжлэг авна гэж эхний байдлаар ирүүлсэн байна лээ. Гэхдээ бидний хувьд татаас авахгүйгээр өөрсдийгөө аваад явах боломжтой болсон гэж харж байгаа. Улсын төсвийн томоохон хөрөнгө оруулалтууд таны хэлдгээр тэгш бус хуваарилагдаж байгаа нь үнэн. Жишээлбэл, Өмнөговь аймаг 2 их наядыг улсад төвлөрүүлчихээд 400 орчим тэрбумыг нь л авч үлдэж байх жишээний.
Гэвч Улаанбаатар хот хэтэрхий өндөр төсөвтэй байгаа. 4-5 их наядын төсөвтэй болсон байна лээ. 2012 онд 100 орчим тэрбум төгрөг л байсан. 2016 онд Э.Бат-Үүл даргын үед 700 орчим тэрбум болсон. Су.Батболд, С.Амарсайхан нарын үед 1.2 их наяд болж өссөн. Гол нь аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон татвар төлөгчдийн төсөв бүгд нийслэл болон улс руу явчихдаг. Энэ нь өөрөө төсвийн хуваарилалт тэгш бус гэдэг асуудлыг үүсгэж байгаа юм. Аймгийн газар нутгийг ухаад, үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн орлого нь өндөр байсны төлөө нийслэл, улс руу татаас авчихдаг.
Хоёрдугаарт, зарим аймгууд сайд нартай эсвэл сонгогдсон гишүүд нь хөөцөлдөлгөө сайтайгаас шалтгаалдаг юм уу, хэтэрхий тэгш бус хуваарилалттай гэх асуудлыг мөн үүсгэдэг.
Манай аймаг өмнө нь хөрөнгө оруулалтууд маш муу явдаг байсан юм билээ. Харин өнгөрсөн дөрвөн жилд Сү.Батболд гишүүн тодорхой хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан байна гэж харж байгаа. Харин энэ жил бид тал талаас нь хөөцөлдөж байгаад, гацаад байсан ажлуудаа хөдөлгөж байна.
-Гацсан ажлууд гэснээс Дундговь аймаг замын асуудлаар багагүй хэл ам дагуулдаг аймгуудын нэг шүү дээ. Замуудаа яах юм бэ?
-Энэ онд 38 тэрбум төгрөгийн их засвар хийгдсэн. Дорнодын “Тамын-50” гэдэг шиг Дундговийн замыг маш хэцүү гэж хүмүүс шүүмжилдэг. Тэгвэл үүний ихэнхийг нь зассан. Ирэх жил 40 км зам, түүний дараа үлдсэн 70 км замыг засах ажил бий.
Уг нь манай улсын төсөв хэн нэгний хөөцөлдөлгөөгөөр бус нэгдсэн, урт хугацааны төлөвлөгөөгөөр эрэмбэ дараалалтай хуваарилагдах ёстой.
-Манай аймаг өрсөлдөх чадвараар хойгуур байгаа нь дэд бүтэц муутай холбоотой-
-Сайд, гишүүд, Засаг дарга нарын хөөцөлдөлгөө чухал гэлээ. Та өөрөө хэр сайн хөөцөлдөж байна?
-Ер нь хөөцөлдөж байна. Хөөцөлдөх ч ёстой. Би НИТХ-ын төлөөлөгч байхдаа УИХ-ын гишүүдээс илүү өөрийнхөө тойрогт төсөв тавиулж чаддаг байсан. Цэвэр хөөцөлдөлгөөний асуудал. Нэг хурал дээр нэг хэлээд, дараагийн хурал дээр “Тэр яасан бэ” гээд байж болохгүй. Улсын төсөв батлагдахаас өмнө бүх сайд нарт асуудлаа танилцуулсан. Хөөцөлдөнө гэдэг нь асуудлуудаа хариуцсан яам, сайдад нь танилцуулж, ойлгуулах л гэсэн үг. Манай аймаг өрсөлдөх чадвараараа хойгуур яваад байгаа нь юуных вэ гэхээр дулааны шугамын шинэчлэл байхгүй, халаалтын зуухгүйтэй холбоотой. Мөн 13 жил гацсан барилгын ажлуудаа явуулах талаар ажиллалаа. Ер нь улс, аймгийн төсвөөр ажил хийж байгаад гацаагаад орхичихдог. Хувийн юм хийвэл ямар нэг байдлаар хийж дуусгана шүү дээ.
Жишээлбэл, Цагаандэлгэр суманд соёлын төвийн ажил хийгдэж байгаад гацаад 3-4 жил болсон барилга байна. Цаашид яах нь тодорхойгүй. Мөн суманд ахуй үйлчилгээний барилга 80 хувийн гүйцэтгэлтэй зогссон. Хувийн юм байсан бол 2 сарын дотор дуусгахаар л ажил. Эрдэнэдалай суманд баригдаж байгаад орхигдсон, эзэн холбогдогчгүй зам байна. Эдгээр ажлуудыг цааш нь үргэлжлүүлэхгүй бол үргүй зардал бий болох эрсдэлтэй.
Дутуу дуусгасан барилгуудыг зайлшгүй дуусгах шаардлагатай. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр энд тэндгүй хэдэн хана босгоод орхисон зүйл олон. Манай аймагт гэхэд л 4 барилга, 1 зам ийм байдалтай 10 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
-Мэдээж төсөв санхүүгийн асуудал байгаа байх. Ингэж олон жил гацахад тодорхой ашиг сонирхол яваад байна уу?
-Одоо ийм асуудал үүсэхгүй байх. Учир нь AI технологид тулгуурлан төсөв хуваарилж байна. УИХ-ын гишүүд чуулган дээрээ гэнэт мэргэн санаа гаргаад, “Энийг оруулъя” гэж лоббиддог байдал больсон. Үнэхээр зураг төсөвтэй, нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлж, улмаар Сангийн яамаар ороод шийдэгддэг болсон учраас цаашдаа бүр гайгүй болно.
Өмнө нь яаж байсан бэ гэхээр, УИХ-ын гишүүд гэнэт мэргэн санаа гаргаж, зураг төсөвгүй ажлуудыг оруулж ирээд, төсөв нь хүрэхгүй байхад бага мөнгө тавиулчихдаг. Гэвч бодит байдал дээр мөнгө нь хүрэхгүй, ажил гүйцэтгэгч компани нь дундаас нь хаях асуудал үүсэж байгаа юм. Улмаар лоббины компани ороод, “Төсөв нь хүрэхгүй байна” гэж байгаад төсвөө нэмүүлдэг.
Дээрээс нь, он дамжуулж төсөв тавьдаг явдал асуудал дагуулж байна. Жишээлбэл, Дундговь аймагт 32.9 тэрбум төгрөгийн ажил дээр ирэх онд 10 хувь буюу 3.6 тэрбум төгрөг тавьсан. Энэ мэтээр жил бүр 3-4 тэрбум төгрөг тавьж яваад байвал энэ ажил урагшлахгүй. Жил бүр бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, мөнгөний ханш унаж байгаа тохиолдолд 5 жилийн дараа 32 тэрбумын ажлыг 50 тэрбумаар хийнэ гэсэн үг. Тиймээс чадвартай компанийг оруулж, түргэн шуурхай ажлаа дуусгуулах шаардлага үүсэж байна.
-5-р сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй бол төсөв буцааж татдаг алдааг засах шаардлагатай-
-Энэ буруу тогтолцоог яаж өөрчлөх юм бэ?
-Төсвийг олон жилээр хувааж, жижиглэж тавьдгийг болих хэрэгтэй. Өөр нэг том асуудал байгаа нь Хэмнэлтийн тухай хууль. Энэ хуулиар 5-р сарын 31-ний дотор тендер зарлаж гэрээ байгуулаагүй ажлуудыг цааш нь явуулахаа больсон. Манай аймгийн тухайд, орлого нь давж биелэсэн, төсөв нь байгаа боловч энэ ажлыг 5-р сарын 31-нээс хойш явуулахгүй шүү гэдэг нь учир дутагдалтай. Үүнд Тендерийн тухай хууль ч нөлөөтэй. Юу вэ гэхээр, эхлээд тендерээ 30 хоногийн хугацаанд зарлаж, сонгон шалгаруулалт явсны дараа аж ахуйн нэгжээс гомдол гаргана. Гомдлыг нь шалгаж байна гэж хугацаа алдана, Сангийн яам хянаад “Болж байна” эсвэл “Буцаана” гэнэ. Ингэж явсаар байгаад 5-р сарын 31-нд хүрнэ. 5-р сарын 31-нээс хойш ажил явахгүй байна гэдэг бол жилийн талыг нь өнгөрүүлж байна гэсэн үг шүү дээ. Ийм учраас Хэмнэлтийн тухай хуулийн энэ буруу заалтыг өөрчлөх хэрэгтэй.
-Хугацаандаа дуусаагүй, он дамжсан ажлууд дээр хариуцлагын асуудал яригдаж байна уу. 13 жил гацсан 32.9 тэрбумын ажил дээр хууль хяналтын байгууллагад хандсан уу?
-2012 онд тендерт шалгарсан “Суурь” ХХК нь сууриа цутгаад явж байтал хяналт тавьсан байгууллага нь “Гүйцэтгэл хангалтгүй” гэх шалтгаанаар дараагийн санхүүжилтийг нь олгоогүй юм билээ. Улмаар шүүхийн маргаан үүсээд, ажил нь бүрэн зогссон. Шүүхдэж явах хооронд тухайн компани нь дампуурлаа зарласан байдаг. Сүүлд 2022 онд Соёлын яамны талд шийдвэр нь гараад, ажлыг цааш үргэлжлүүлэхээр болсон юм билээ. Өмнөх гүйцэтгэлээрээ гадна, дотно тохижилтгүй байсныг шинээр зураг төсөв хийлгэснээр төсөвт өртөг нь 34 тэрбум төгрөг болсон.
Түрүүн хэлсэнчлэн, Эрдэнэдалай суманд тавигдаж буй зам мөн л компани нь алга болсон. Шалтгаан нь олгосон санхүүжилтэд таарсан ажил гүйцэтгээгүй учраас дараагийн санхүүжилтийг нь олгогдоогүй. Иймээс компани ажил гүйцэтгэх боломжгүй гэж ажлаа орхисноос олон жилийн гацаа үүсдэг нь энэ.
Эцэст нь татвар төлөгчдийн мөнгө үр зарлагадаж, орон нутгийн иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй хохирч байна. Одоогийн байдлаар манай аймагт дор хаяж 10 гаруй тэрбум төгрөгийн цааш үргэлжлэх боломжгүй, яах нь мэдэгдэхгүй балгас байна.
-Улсын хэмжээнд яригдаж буй нэг том асуудал бол сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж. Танай аймагт боловсрол, эрүүл мэндийн хүртээмж хэр байна. Ирэх онд шинээр ашиглалтад орох барилга бий юу?
-Шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэж байхгүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 350 хүүхдийн өргөтгөл бариулах саналаа хүргүүлсэн. Энэ шийдэгдэх байх. Аймгийн хэмжээнд 2, 3 ээлжээр хичээллэж буй сургууль байхгүй.
Гол тулгамдсан асуудал бол сургуулийн барилгын чанар хэцүү байгаа. Тухайлбал, Эрдэнэдалай суманд нэг сургуулийн барилга тавиулах гэж Сангийн яам, Боловсролын яаманд хандсан. Гэтэл хуучин сургууль нь байгаа учраас шинээр тавьж өгдөггүй юм байна. Заавал шаардлага хангахгүй барилгаа нурааж, хичээлийн ээлж нь 2-3 болсон тохиолдолд шинэ барилгын төсөв хөрөнгө тусгаж өгдөг юм байна. Харин Мэргэжлийн хяналтаас “Барилга нь чанарын шаардлага хангахгүй” гээд дүгнэлт гаргачихдаг.
Гэхдээ бид аль болох улсаас төсөв хараад байхгүйгээр өөрсдийн боломжийн хэмжээнд шинээр тусгахыг нь тусгаад, байгааг нь засаж шинэчлээд явж байна.
-Таны цахим хуудсыг харж байхад, ирэх онд 140 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ гэсэн байна лээ. Ямар ямар ажлууд хийгдэх юм бэ?
-Хэвтээ тэнхлэгийн зам дээр 20 тэрбум, Улаанбаатараас Өмнөговь руу явах замын 40 км-т нь шинээр их засвар хийгдэх ажлын 40 орчим тэрбум төгрөг, Гурвансайхан сумын төвд засмал зам тавих 3 тэрбум, Сайнцагаан сум болон аймгийн төвийн үерийн ус зайлуулах шугамын ажилд 1.5 тэрбум, Төв Халхын дуулалт жүжгийн театрын эхний санхүүжилт 3.6 тэрбум төгрөг тавигдана.
Үүнээс гадна аймагт 800 хүний суудалтай усан спорт сургалтын төвийн ажил бий. Гүйцэтгэл нь бараг 90 хувьд хүрсэн ч ирэх жил 300-хан сая төгрөг тавьчихаад, үлдэгдэл 6 орчим тэрбумын асуудал дээр гацчихсан. Сарын дотор хийх ажлыг л 1-2 жил сунжруулах гээд байна. Үүнийг ССААЖЗ-ын сайд Ч.Ундрамтай ярилцаж байгаад шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Дундговь аймаг хөгжлийн индексээр “сүүл мушгиж” байгаа талаар та ярьсан. Ингэсэн гол шалтгаан нь юу юм бэ?
-Гол асуудал нь дулааны станц. Солонгосын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа 10 аймгийн дулааны станцын нэг нь манай аймагт баригдаж эхэлсэн. Гэвч 40 хувийн гүйцэтгэлтэйгээр гацчихсан. Дулааны станцгүй учраас шинээр барилга барьж болдоггүй. Халаалтын зуухны компаниуд нь хүчин чадлаа нэмэгдүүлье гэхээр удахгүй дулааны станц нь ашиглалтад орчих гээд байгаа учраас үргүй зардал гаргахгүй гэдэг.
Тийм учраас бид орон нутгийнхаа төсвөөр халаалтын зуухуудаа шинэчилсэн. Мөн хог шатаагаад дулаан гаргах станцын ажил удахгүй дуусна. Энэ нь дулааны станцын 50 хувьтай дүйцэх юм.
Өөр нэг хүндрэлтэй асуудал нь манай аймаг халуун усгүй. Айл өрх, ААН-үүд нь дандаа бойлероор усаа халаадаг гэсэн үг. 21-р зуунд халуун усгүй аймгийн төв байж болохгүй. Тийм учраас хоёрдугаар хэлхээний шугамын төсвийг улсын төсөвт тусгуулсан.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!