
Улаанбаатар хотын хойд дэнж, Хайлаастад өнөр олуулаа амьдардаг хөдөлмөрч гэр бүлийг UBN сайт онцолж сурвалжиллаа. Т.Дашдоржийнх Хайлаастын дэнжид 0.07 га газартаа 8 хүүхэд, хоёр ээж, нэг мууртайгаа 13-уулаа амьдардаг. Хашааных нь хаалгаар ороход л амьдрал буцалж, хүүхдүүдийн инээд хөөр, нэгэн жигд хэмнэлтэй оёдлын машины чимээ угтах аж.
8 хүүхдээ өсгөхийн зэрэгцээ хоёр ээжийгээ хажуудаа авч, харж ханддаг нь сайн аав, ээжээс гадна сайн хүү, охин гэдгийг нь тодхон гэрчилнэ.
8 ХҮҮХЭД НЬ ЭЭЖ, ААВДАА ТУСЛАЖ, ГЭР БҮЛИЙН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛСЭЭР ТУН ЧИГ ХҮМҮҮЖИЛТЭЙ ӨСӨЖ БАЙНА
Т.Дашдоржийнх хашаандаа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Том, жижиггүй зүү ороож, өнгө алагласан даалин, бүс урлахын зэрэгцээ даалингийн бэлдэц гаргаж, худалдаалдаг. Энэ ажилд гэр бүлийн гишүүн бүр гар, бие оролцож, хамтын хүчээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа гэдгээрээ онцлогтой. Хоёр бага нь уутны ам онгойлгож, удаах охин нь утсаа бэлдэнэ. Гурван том нь ээжтэйгээ хамт даалин урлаж, аав нь бүс урлана. Хамгийн бага хоёр настаас бусад бүх хүний гар хөдөлж, хөдөлмөрлөсний хүчинд өрхийн үйлдвэрлэл нь өдөр өдрөөр өргөжиж, хөдөлмөр зүтгэлээрээ олон түмэнд танигдсаар байна.
Хөдөлмөр гэдэг хүнд ачаа биш, харин гэр бүлээ босгох хамтын зүтгэл гэдгийг тэд багаасаа ухаарчээ.
ХҮҮХДҮҮДЭЭ ХӨДӨЛМӨРТ СУРГАХААС ГАДНА БОЛОВСРОЛ, МЭДЛЭГТ НЬ ОНЦГОЙ АНХААРДАГ
Аав, ээж хоёр нь өрхийн үйлдвэрлэлээ ажиллуулахын зэрэгцээ үр хүүхдүүдийнхээ боловсролд хамгаас илүү анхаардаг. Хөдөлмөрч хүн эрдэм номтой байж гэмээнэ ирээдүйд илүү хол явна гэдгийг тэд мэддэг учраас хүүхдүүдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд цаг үргэлж дэмжиж иржээ. Том хүү нь одоо 25 настай. Батлан хамгаалахын их сургуулийг төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байгаа. Удаах охидууд нь аялал жуулчлал, багш, гоо сайхан ч гэх мэт өөрсдийн хүссэн мэргэжлээрээ суралцаж байна.
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР АЖЛАА ХОЙШ НЬ ТАВИАД ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ТОГЛОЖ, ӨНГӨРҮҮЛДЭГ
Т.Дашдорж, Г.Оюунбилэг нар амралтын хоёр өдрийг хүүхдүүддээ зориулахыг хичээж, уламжлал болгожээ. Тийм ч учраас 10-уулаа амралтын өдрийг хүлээж, томчууд нь хөзөр, багачууд нь шагай тоглож өнгөрөөдөг байна. Энэ талаар Г.Оюунбилэг, "Найман хүүхдийн минь дуу хуур, жаргалтай инээд Хайлаастын дэнжийг тэр чигт нь дулаацуулах шиг болдог шүү дээ" хэмээн онцолж байлаа.
Мөн тэрбээр, бидний хийж буй зүйл, асгаж буй хөлс болгон үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүй, боловсролын төлөөх хөрөнгө оруулалт. Тэд маань зөв хүмүүжилтэй, эрдэм номтой, бие биедээ хайртай өсөж байвал бидний зорилго биелж байгаа нь тэр" хэмээн бахархалтай ярьсныг энд онцлоё.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!