Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн одоогоос 6 жилийн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганаар 76.2 хувийн саналаар сонгогдсон байдаг. Хуулийн дагуу тэрбээр 6 жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүний ажлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт авахаар яригдаж буй. Тэгвэл Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажилласан 6 жилд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг хүргэж байна.
-Ам.долларын ханш 2706 төгрөгөөс 3563 болж, 31.7 хувиар өсжээ-

Ам.долларын ханш Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчийг төв банкныхаа ажлыг авах үед 2706 төгрөгтэй байв. Гэвч шат дараалсан төсвийн зарлага нэмэгдэж, энэ хэрээрээ импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт эрс нэмэгдсэн он жилүүд өнгөрлөө. Үүнийг дагаад төлбөрийн тэнцлийн алдагдал улам бүр нэмэгдэж ирснийг дурдах нь зүйтэй. Ингээд зургаан жилийн дараах нэг төгрөгтэй харьцах ам.долларын ханш 31.7 хувиар нэмэгдэж өнөөдрийн байдлаар 3563 төгрөгтэй байна.
-Инфляц ба МӨРӨӨДӨЛ-

Монголбанкны үндсэн чиг үүргүүдийн нэг. Хамгийн товчхондоо инфляц өндөр байх тусмаа бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Иргэдийн худалдан авах чадвар буурна гэсэн үг. Мэдээж өнгөрсөн зургаан жилийн инфляцад ковид цар тахлаас эхлээд олон хүчин зүйл нөлөөтэй байж ирсэн. Гэвч Төв банк Засгийн газрын бодлогыг угтуулан дэмжиж бонд гаргах, ашиглалтад ороогүй орд газарт баталгаа гаргах замаар тэтгэврийн зээлийг тэглэх, элдэв гоёл чимэглэлээр дүүрэн шинэ хоршоо, эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэв. Энэ хэрээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш болон инфляцад сөрөг нөлөө үзүүллээ. Мөн дээр нь ЗГ-ын өргөн барьдаг, УИХ-ын баталдаг улсын төсвийн асар үрэлгэн зарлага дээр "хазаар" болж чадсангүй.
-Төгрөгийн худалдан авах чадвар 6 жилийн дотор 2.12 хувиар буурлаа-

Инфляц, ам.долларын ханш нэмэгдэх хэрээр төгрөгийн худалдан авах чадвар жилээс жилд муудаж байна. 2019 онд 20 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан барааг бүтээгдэхүүнийг өнөөдөр ойролцоогоор 42,342 төгрөгөөр худалдан авч байна. Энэ барааны үнийн өсөлт иргэдийн амьдралд жинхэнэ утгаараа дарамт үүсгэж цалингийн өсөлтийг "хог" дээр гаргаж, амьжиргааны түвшин уруудахад нөлөөлж байгаа юм. Энэ бүх эдийн засгийн бурангуй бодлогын эсрэг Монголбанк дорвитой дуугарч, ЗГ-ын бэлэн мөнгөний касс шиг ажиллаж байгаагүй бол өнөөдөр үнийн өсөлт, инфляц, ам.долларын ханш бидний амьдралд дарамт үзүүлэхгүй нөхцөл байдалтай байх байлаа.
-М2 буюу мөнгөний нийлүүлэлт 23 их наядаар нэмэгдэв-

Өнгөрсөн зургаан жилийн Монголбанкны хамгийн том алдаа бол мөнгөний нийлүүлэлт байв. Нөгөө л инфляцыг нэмэгдүүлж, Засгийн газраас санаачилсан хөтөлбөрүүдийг дэмжиж зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр төгрөг үнэ цэнээ маш ихээр алдав. Эдийн засаг дунджаар 5-6 хувиар өсөж байхтай зэрэгцэж мөнгөний нийлүүлэлт 15-20 хувиар өссөн байна. Зах зээл дээр үйлдвэрлэгдсэн байгаа бараа бүтээгдэхүүнээс хэд дахин өндөр мөнгийг нийлүүлэхэд эрэлт хиймлээр бий болж бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэдэг энгийн логикийг бодож үзэх хэрэгтэй байлаа.
-Төсвийн зарлага сүүлийн зургаан жилд 119 хувиар өсжээ-

Инфляц, цаашлаад авлига хулгайн гол эх үүсвэрүүдийн нэг бол төсвийн хязгааргүй тэлэлттэй зардал юм. Гоё ганган төсөл хөтөлбөрүүдийг урдаа тавьж, урсгал зардлуудаа жил бүр өсгөж, халамжийн хувилбаруудаа шигтгэсэн улсын төсвийн зарлагыг хязгаарлах боломж уг нь байсан. Гэвч одоо эргүүлээд буулгах боломжгүй болтлоо төсөв данхайлаа. Гачлантай нь энэ төсвийн зарлагын ихэнх хувь импортыг тэтгэнэ. Ингээд төлбөрийн тэнцэл, валютын ханш, инфляц гэх нөгөө л үндсэн сэдвүүдийг босгож ирсээр байх болно.
-Эдийн засагт "хор" дагуулсан хөтөлбөрүүд өнгөрсөн зургаан жилд...-
Эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн маш олон бодлогуудыг ЗГ-аас авч хэрэгжүүлсэн. Үүний зорилго нь ерөнхийдөө ЗГ-ын үйл ажиллагаагаа сайн харагдуулах, иргэдээс нэмэх оноо авах, сонгуулийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэх гэсэн давхар зорилгуудтай байлаа. Монголбанк заримд нь шууд утгаараа оролцож, эдийн засгийн нөхцөл байдалдаа хортой нөлөө үзүүлэх шийдвэрүүдийг гаргав. Үүний тод жишээ нь тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал байв. Мөн өнгөрсөн 2024 оны сонгуулийн өмнө банкны салбарын 100 жил хэмээн тунхаглаад "Хар жагсаалт"-д байгаа иргэдийн мэдээллийг нэг удаа өршөөв.
-Мөнгөний бодлогын хүүг 12 хувьтай үлдээж байна-

-Зээлийн хүү өсөх үү, буурах уу зэрэг олон чухал үзүүлэлтэд нөлөөлдөг Монголбанкны мөнгөний бодлогын хүү Б.Лхагвасүрэнг ажлаа авсны дараахан буюу 2020 оны 4-р сард 9 хувь байжээ.
Харин 2021 оны 5-р сард 6 хувь,
-2022 оны 6-р сар - 10 хувь
-2023 оны 6-р сар - 13 хувь
-2024 оны 5-р сар - 11 хувь
-2025 оны 9-р сар - 12 хувьд хүрчээ.
-Валютын нөөц хэрхэн өөрчлөгдөв-

2019 онд түүнийг ажлаа хүлээн авч байх үед валютын нөөц 4.3 тэрбум ам.доллартай байлаа. Ингээд 2022 онд 3.3 тэрбум болтлоо багассан ч сүүлийн жилүүдэд нүүрсний гарц нэмэгдэж буйтай холбоотойгоор өсөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 5.9 тэрбум ам.доллар болоод байна. Гэвч үүнтэй зэрэгцэж төсвийн тэлэлтээс үүдэлтэй импортыг дэмжих бодлого нэмэгдсээр байгаа тул төлбөрийн тэнцэл хүссэн хэмжээнд ашигтай гарч чадахгүй байна гэж хэлэхэд болно.
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!