УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа
-Парламент хуулийн хугацаанд нь төсвөө баталж чадлаа. Ер нь эцэслэн батлагдсан ирэх жилийн төсвийг хэр "чанартай" төсөв болсон гэж харж байгаа вэ. Ажиглаад харахад, төсвийн сүүлийн хэлэлцүүлгүүд чуулган болон байнгын хороон дээр нэлээн шуурхай яваад л батлагдчихлаа?
-Урьд урьдын жилүүдэд төсөв дандаа 3-5 их наядаар нэмэгдэж орж ирдэг байсан бол энэ жил хасагдаж орж ирсэн. Төсвийн төсөөллөөр 37 их наядын төсөв батална гэж төсөөлсөн байсан. Үүнтэй харьцуулахад төсвөө харьцангуй бууруулж баталж чадлаа. Ер нь төсөв багасах л ёстой. Тэр байтугай 25 их наядад багтаана гэж төсөөлж ч болно. Энэ хэмжээнд бол маш хэмнэлттэй л төсөвлөж байна гэж ойлгож болно шүү дээ. Төдий чинээгээр татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа ачаа багасна гэсэн үг байхгүй юу. Хоёрдугаарт, гэвэл их хөгжилтэй л зүйл боллоо л доо. Ирэх жилийн төсөв нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн төсөв боллоо. Нөгөө айхтар 14 мега төсөл ор сураггүй алга болсон. Мөн ач холбогдол багатай, хэрэгтэй хэрэггүй, өндөр дүнтэй төсөв арга хэмжээ харьцангуй бага орж ирлээ. Гуравдугаарт, МАН-ын зөрчил асар ихээр нэмэгдсэний "ачаар" зардал танах тал дээрээ тун давгүй ажилласан. Энэ Засгийн газрыг эсэргүүцэж байгаа МАН-ын нэг хэсэг гишүүд нь "Үүнийг хас. Түүнийгээ хас" гээд идэвхтэй ажилласны дүнд төсөв нэлээн танагдсан. Тухайн танасан төсвөөр эмч, багш нарын цалинг нэмэхэд зарцуулахаар болсон.
Тэгэхээр гишүүд маань ирэх жил төсөв хэлэлцэх үед энэ жилийнх шигээ ажиллаасай гэж хүсэж байна. Учир нь эвлэрч нэгдээд "дайсангүй" болчхоороо дахиад хамтраад төсвөө ихээр тавиад унах вий гэж санаа зовж байна.
-Олон нийтийн зүгээс гол хүлээлт тавьж байсан зүйл бол бизнесийн орчин болоод татварын шинэчлэл байсан. Гэтэл энэ агуулгаа хангасан бодлого төсөвт суусан уу. НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх ажлын хэрэгжих хугацаа нь хүртэл 10 сараар хойшлогдлоо?
-Дэвшилттэй болсон тал гарсан. Нөгөөтээгүүр шүүмжлэх зүйлс ч маш их байлаа. Нөгөө л хэрэгтэй хэрэггүй замууд, тодорхой сегментийг ивээх тэтгэх тусгайлан авч үзэх ажиллагаа байсан. Тухайлбал, "Шинэ хоршоо" хөдөлгөөний үр дүнд асар олон тэрбум төгрөгийн зээлийг малчдад олгож байгаа. Тухайн зээл нь банкаар дамжиж байгаа боловч хүүгийн татаасыг нь төрөөс төлж байгаа. Үүнийг хасуулах гээд зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч дэмжигдээгүй. Хоёрдугаарт, төсөл арга хэмжээний эрэмбэлэлт тодорхойгүй үлдсэн. Юун дээр үндэслэж эрэмбэлээд байгаа юм бэ, энэ төсөл арга хэмжээгээ үндэсний хэмжээнд авч үзэж байна уу гэх мэтээр эрэмбэлэх ёстой. Гэтэл ийм зүйлээ хийхгүйгээр аймаг бүрийг тус тусад нь авч үзээд дахиад л тойргоо бөөцийлсөн, сонгогчдод таалагдах гэсэн төсөв байсан. Гуравдугаарт, өөрийн тань хөндөж байгаа ААН-үүдээ дэмжсэн татвартай холбоотой асуудал төсөвт тусгагдаагүй гэж хэлж болно. ААН, иргэдээ яаж дэмжих вэ гэвэл ерөөсөө л татварын бодлоготой шууд холбогдоно шүү дээ. Тэгэхээр дарааллын хувьд Татварын багц хуулиа оруулж ирж шинэчлэх ёстой байсан. Түүндээ ААН, иргэдэд ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх вэ гэдгийг тусгаж, хуулиараа тогтоож өгсний дараагаар төсвөө батлах ёстой. Харамсалтай нь тийм зүйл огт хийсэнгүй.
Шулуухан хэлэхэд, төсвийн бодлогод иргэдийн аж амьдралд нөлөөлөх, бодит орлогыг нэмэгдүүлэх агуулга тусгагдаагүй. Яахав, НӨАТ-ын буцаан олголттой холбоотой өөрчлөлт байсан боловч түүнийх нь хэрэгжих хугацаа хойшлогдсон. Ингээд харвал, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ААН-ийн ачааг бууруулах бодлого ороогүй гэж дүгнэнэ.
-Та төсвийн алдагдлын хувьд юу хэлэх вэ. Энэ удаа 1 их наяд 55 орчим тэрбум төгрөгийн алдагдалтайгаар төсвөө баталлаа шүү дээ?
-Анх 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар оруулж ирж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл төсөв батлагдахад энэ дүн нь ойролцоогоор 300 орчим тэрбумаар буурч, 1 их наядын алдагдалтай байхаар батлагдсан. Дэвшил гэж хэлэх нь ч хаашаа юм. Гэхдээ алдагдал нь өөрөө Монгол Улсын эдийн засагт бодитой үр өгөөж авчрахгүй л юм бол аль болох алдагдалгүй батлахыг л зорих хэрэгтэй. Алдагдалгүй батална гэдэг зарчим тогтох хэрэгтэй байгаад байна. Энэ зарчмаа тохирчихвол түүн дээрээ суурилаад төсвөө анхнаасаа алдагдалгүй байхаар тооцоолж оруулж ирнэ шүү дээ. Гэтэл үр өгөөж өгөх юм бол алдагдал байж болно гэдэг дээр дөрөөлөөд алдагдалтай оруулж ирээд байна. Эцэст нь гэхэд, энэ нь өөрөө үр дүн үйлдвэрлэсэн үү гэдэг асуулт хэвээрээ л үлддэг. Тиймээс би алдагдлыг буруутгаж, шүүмжилж байгаа.
-Зарим гишүүдийн зүгээс төсвийн тодотголын асуудлыг хөндөж эхэллээ. Таны хувьд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Нэг жилийн дотор таван удаа төсөв баталж байсан шүү дээ. Төсвийг яагаад ингэж олон удаа батлав. Төлөвлөлт буруу байна л гэсэн үг. Анхнаасаа шүүсийг нь шахсан, тодотгол хийхгүй хэмжээний төсөв оруулж ирэхэд бүх анхаарлаа хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар тодотгол хийхгүй шүү гэдэг "малгай өмсөж" байгаад төсвөө оруулж ирсэн бол тодотголын асуудал яригдахгүй. Гэтэл шүүмжлэх зүйл байгаа учраас тодотголын асуудал яригдаж байна гэсэн үг.
-Ухаа худагийн Түр хороо "унасан" учраас Харбины түр хороогоо явуулна. Харбины гэрээ энэ хэвээрээ 16 жилийн турш үргэлжилбэл монголын ард түмэн хохирогч нь болно-

-Үргэлжлүүлээд түр хороотой холбоотой зарим асуудлыг тодруулъя. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ухаа худагийн асуудлаар Түр хороо байгуулах санаачилга УИХ-аар дэмжигдсэнгүй. Ингэснээр нэг түр хороо байгуулах орон зай үүслээ. Таны хувьд Харбины хэлэлцээрийг Хянан шалгах түр хороогоо явуулах уу?
-Явуулна. Ухаа худагийн асуудлаар Түр хороо байгуулах асуудал дээр гурван ч удаа санал хураалт явагдсан ч УИХ-аар дэмжигдээгүй. Ухаа худаг тойрсон асуудал дээр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ажлаа хийж байгаа. 10-аад шинжээч томилогдож, хэдэн хайрцаг шахуу материал цуглуулчихсан. Энэ ажлыг л үргэлжлүүлэхэд Ухаа худагийн асуудал дээр дүгнэлт гараад ирэх юм билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн гарын үсэг зурж үзэглэсэн гэрээнүүдийг өөрөө шалгана гэдэг нь логикийн хувьд ч утгагүй. Өөрөө өөрийгөө шалгана гэж байхгүй. Өөрийнх нь хийсэн гэм нүгэл, юуг нууцалсан юм бэ гэдгийг нь гаргаж ирэхийн тулд хөндлөнгийн хүмүүс л шалгах ёстой. Энэ хоёр үндэслэлийг тавихад Түр хороо байгуулах санаачилга нь унасан. Манай Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороо байгуулагдах нөхцөл бүрдсэн. Хуулийн процесс үргэлжилж байна. Дараагийн алхам нь, хуулиараа АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлөөс тухайн Түр хороонд ажиллах гишүүдийн нэрийг өгөх ёстой.
-Та Харбины хэлэлцээрийн түр хороогоо явуулна гэж байна. Гэтэл Ц.Баатархүү нарын гишүүд 1992 оноос хойшхи газар олголтын асуудлаар түр хороо байгуулах санаачилгыг өргөн бариад байгаа юм билээ. Санаачлагч гишүүдийн нэрс дунд Д.Ганбат гишүүн та хоёрын нэр байна лээ. Яагаад тухайн түр хорооны санаачилгыг дэмжсэн юм бэ?
-Бид өнөөдрийн нөхцөлд аль нь илүү чухал вэ гэдэг өнцгөөс хандана шүү дээ. Мэдээж газрын асуудал чухал. Харбины гэрээ илүү чухал. Монгол Улсад улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний 36 их наяд төгрөгийг гэрээнд өөрчлөлт оруулснаар оруулж ирэх боломжтой. Хуулиараа түрүүлж өргөн барьсан нь эхэлж батлагдаад явна. О.Батнайрамдал гишүүний Оюутолгойн асуудлаарх Түр хороо байгуулагдаад ажиллаж байна. Энэ намрын чуулганы тухайд нэг л орон зай байсан. Үүн дээр аль нь түрүүлэх вэ гэдэг л асуудал яригдсан. Л.Оюун-Эрдэнийн санаачилсан оффтейк гэрээнүүдийг шалгах Түр хороо унана гэдэг нь дарааллын хувьд манай түр хороо орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр манай түр хороо байгуулагдах дээр ямар ч асуудал байхгүй. Манайх газрын асуудлаарх түр хорооны асуудлаас өмнө хэлэлцүүлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ руу ороод тогтоолын төсөл батлагдана. Газар олголтын асуудлаар түр хороо байгуулах санаачилга нь дарааллын хувьд 3-т бичигдэж байгаа юм. Хэрэв манай түр хороо УИХ-аар дэмжигдээгүй нөхцөлд тус түр хороо дарааллын дагуу хэлэлцүүлэгдээд явна л гэсэн үг.
-Харбины хэлэлцээрийн ард оффтейк гэрээ, үнийн хөнгөлөлттэй холбоотой олон асуудал бий талаар та хэлж байна. Гэтэл тухайн үеийнх нь Ерөнхий сайд, салбарын сайд нар нь ч тэр "Больчихъё л доо. Хохирогч нь монголын ард түмэн л болно" гэдэг зүйлийг ярьж байна лээ. Ер нь энэ гэрээний хүрээнд хэр хэмжээний алдагдсан боломж яригдах вэ?
-Эсрэгээрээ, Харбины гэрээ энэ хэвээрээ 16 жилийн турш үргэлжилбэл монголын ард түмэн хохирогч нь болно. Мэдээж төмөр замын хил холболт чухал. Хил холбохыг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа. Яаралтай холбох хэрэгтэй. Хамгийн гол нь хил холболтын гэрээ гэдгийн дор нүүрс борлуулах асуудлыг хийчхээд байгаа шүү дээ. Гэтэл манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс. Тэгэхээр энэ нүүрсийг ямар үнээр авах вэ гэдэг нь Монгол Улсад маш чухал асуудал. Харбины гэрээг хэлэлцэж байх явцад айлын талаас биржийн үнээр авахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байдаг. Гэтэл айлын талын зөвшөөрсөн зүйлийг болиулаад 59 доллараар зарахаар болчихов гэдэг л асуудлыг бид яриад байгаа юм. Тиймээс энэ асуудлыг хянан шалгана. Боломж байвал гэрээг дахин сайжруулах тухай асуудал ч яригдана. Өмнөх сайд дарга нар нь "Болохгүй бол өөрчилчих" гэж хэлээд байгаа. Тийм ээ. Эцсийн дүндээ гэхэд бид үүний төлөө л ажиллана. Хэрэв тэр 55-59 ам.долларыг хамгийн багадаа 10 ам.доллароор нэмэгдүүлэхэд л 10 орчим их наяд төгрөгийн орлогыг манай улс олж чадна. Энэ чинь асар их мөнгө шүү дээ.
-Аливаа асуудлыг зарчмын хувьд л харах ёстой. АН-ын санаачилгыг улстөржүүлсэн өнцгөөс нь харах уу, улс орны эрх ашгийн үүднээс харах уу гэдгээ л бодох ёстой-

-Намрын чуулган эхэлснээс хойш өрнөсөн улс төрийн хажуугаар УИХ-аас төсвөөс бусдаар нэр цохож хэлэх баталсан хууль байхгүй байна. Одоо намрын чуулган хаалтаа хийхэд хоёр орчим сарын л хугацаа үлдлээ. Ер нь төрийн ажил жигдрэх шинж байна уу?
-Төрийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь ард түмний сайн сайхны төлөө, аж амьдралыг сайжруулахын төлөө, төр нь тогтвортой байхын төлөө бахй ёстой. Энэ нь парламентын түвшинд иргэдэд ээлтэй хуулиуд батлагдаж байх ёстой. Тэгвэл иргэдэд өнөөдөр ямар тулгамдсан асуудал байна вэ гэвэл, орлого үнийн өсөлтийг гүйцэхээ больсон, инфляциа барьж дийлэхгүй байгаа, мөнгөний ханш унаж төдий чинээгээр иргэдийн худалдан авах чадвар унаж байна. Энэ бол маш чухал асуудал. ААН-үүд ашиг орлого нь буурч байгаа дүр зураг ч ажиглагдаж байна.
Тиймээс Засгийн газрын зүгээс татварын багц хуулиа яаралтай оруулж ирэх ёстой. Үүгээр л иргэдийн аж амьдралыг хэрхэн сайжруулах вэ, ААН-үүдийн татварын ачаалал хэр буурах вэ гэдэг зүйл нь орж ирнэ. Эл хуулийн төсөл ороод ирвэл бидний санаачилсан Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийг давхар хэлэлцээд явах боломж бий болно.
Хуулийн төслөө боловсруулаад бэлэн болгосон байгаа. Гагцхүү ЗГ-аас Татварын багц хуулийг оруулж ирэхтэй зэрэгцэж өргөн барих гээд хүлээж байгаа юм. Энэ мэт иргэдэд чиглэсэн хуулиуддаа илүү ач холбогдол өгөх ёстой.
-УИХ-ын даргын томилгоо олны анхаарлын төвд байна. Үүнтэй зэрэгцээд танай намын бүлгээс аль нэг намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй гэх агуулга бүхий хуулийн төслийг санаачилж буй талаараа мэдэгдсэн. Эл хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Аливаа хуулийн төслийг санаачилахад тодорхой үндэслэл байдаг. УИХ-ын дарга гэдэг нь чуулганы хуралдааныг зохион байгуулж, даргалах л үүрэгтэй. Өөр ямар нэгэн давуу эрх байх ёсгүй. Спикерийн үндсэн үүрэг нь л тэр. Харамсалтай нь өнгөрсөн хоёр сарын турш УИХ чинь будиллаа шүү дээ. Ирц нь хүрэхгүй, хэлэлцэх асуудалгүй болж ч үзлээ. Яагаад гэвэл, УИХ-ын дарга өөрөө МАН-ын даргаар сонгогдоод байгаа юм уу, сонгогдох гээд байгаа юм уу, тэр нь хүчинтэй эсэх гээд сонин асуудал болоод хувирчихсан. Хоёрдугаарт, аль нэг намын хатуу гишүүнчлэлтэй спикер байгаа тохиолдолд субъектив хандах асуудал гардаг. Өнгөрсөн хугацаанд ч байсан. Яагаад гэвэл даргын дэргэдэх зөвлөлөөр ямар хуулийн төслийг хэлэлцэх вэ гэдгийг шийддэг. Магадгүй сөрөг хүчний зүгээс оруулж ирж байгаа хуулийн төслийг хойшлуулах, өөрсдөдөө "халтай" хуулийг хойш шидэх зэрэг субъектив хандлага байна.
Мөн чуулганы хуралдааны үеэр сөрөг хүчний гишүүдийн микрофоныг хаах, үг өгөхгүй байх, дахин санал хураалгахаар хандахад үл тоох гэх мэтээр жижиг мэт харагддаг хорон ажиллагаанууд явагддаг нь үнэн шүү дээ.
Өөрийнхөө албан тушаалыг ашиглах боломжууд тодорхой хэмжээнд байдаг нь үүнээс харагдаж байгаа юм. Гэтэл парламент өөрөө мэтгэлцээний талбар байх ёстой. Эрх тэгш хэмжээнд бүх талыг мэтгэлцүүлэх үндсэн чиг үүргийг нь хэрэгжүүлэхэд УИХ-ын дарга туслах л үүрэгтэй. Хэрэв субъектив хандлага гаргаад байх юм бол энэ хүн намын гишүүнчлэлээсээ татгалзах ёстой. Эдгээр үндэслэлүүд нь байгаад байгаа учраас л энэ асуудал яригдаж байгаа юм.
-УИХ-ын даргын томилгоо яригдаж буй энэ цаг үед тус хуулийн төслийг санаачилж буйгаа мэдэгдсэн нь танай намыг улстөржлөө гэж харах хүмүүс байна?
-Энэ бол тухайн намын л асуудал. Яагаад энэ хуулийн төслийг улстөржүүлж хараад байгаа нь би мэдэхгүй. Магадгүй тэдэнд улс төр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ асуудлыг улстөржүүлсэн өнцгөөс нь харах уу, улс орны эрх ашгийн үүднээс харах уу гэдгээ л бодох ёстой. Түүнээс биш ар дээр нь ийм асуудал явах гэж байна гэж хараад байвал ямар ч хуулийн төсөл явахгүй шүү дээ. Аливаа асуудлыг зарчмын хувьд л харах ёстой.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!