Р.Даваадорж: Ил болсон оффтейк гэрээ дунд 1 сая тн гэж тохирчихоод 3 сая тн нүүрс нийлүүлчихсэн гэрээ ч байсан

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
18 минут 19 секунд

Эдийн засагч Р.Даваадоржтой ил болсон нүүрсний гэрээнүүд болон төсвийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас сар гаруйн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бусад хуулийн этгээдтэй 2019-2022 онд байгуулсан оффтейк нөхцөлтэй нүүрс нийлүүлэх 40 гэрээг ил болгосон. Үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоногт тус компанийн 2010-2025 оны хоорондох нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээг ил болголоо. Та эдгээр гэрээнүүдийг татаж харав уу. Анх оффтейк гэрээ ил болох үед нэлээдгүй олон дүгнэлтийг та гаргаж тавина лээ?

-Оффтейк гэрээтэй холбоотой түүхийг яривал их урт л даа. 2008 оноос эхтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиар С.Баярын Засгийн газар иргэдэд 1.5 сая төгрөг амалж, улмаар 2012 онд буюу сонгуулийн цикл дуусахаас өмнө Чалко компаниас 350 сая ам.доллар, Оюутолгойгоос 200 сая ам.доллар, Эрдэнэтээс 200 тэрбум зэргээр 1 тэрбум ам.долларыг авч тухайн үеийн сонгогчдодоо тарааж байв. Энэ нь монголын эдийн засагт нэн хортой үйлдэл болсон. Энэ бол Монгол Улсын түүхэнд Засгийн газар нь оролцсон анхны оффтейк гэрээний жишээ болсон юм. Нүүрсээ тонн тутмыг нь 20-30 ам.доллароор тооцож өгч, 2019 онд буюу гурав, дөрвөн Засгийн газар дамнаж байж дууссан. Хэрэв энэ үйл явцаас төр сургамж авсан бол оффтейк гэрээг ингэж олноор нь байгуулахгүй байх байсан юм. Гэтэл 2022 онд валютын олдоц багасч, төгрөгийн ханш суларсан зэргээр манай эдийн засагт хүнд нөхцөл байдал бий болсон. Тухайн үед ОУВС-гаас манай улсад ирж ажиллаад буцахдаа "Танай эдийн засаг хүндэрч буй гол шалтгаан бол асар их нууц гэрээ байгуулсантай холбоотой. Их хэмжээний нүүрс хилээр гарч байна. Гэхдээ валют орж ирэхгүй байна" гэдэг дүгнэлтийг хийснээр нэлээдгүй асуудал үүссэн. Парламент нь мэдээгүй байхад Засгийн газар нь маш олон оффтейк гэрээ хийчихсэн байсан. Ингээд 7 оффтейк гэрээг ил болгосон. Г.Занданшатарын Засгийн газар бүгдийг нь ил болголоо шүү дээ.

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Бодь Групп ХХК барихдаа 30 гаруй нууц гэрээ байгуулаад барьсан байдаг. Тухайн ил болсон 30 гэрээг үзэхэд үнэхээр харамсалтай зүйлс байна. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр тонн тутам нь 450 ам.доллар хүрч байсан коксжих нүүрсийг 60 ам.доллароор тооцож өгсөн байна. Өөрөөр хэлбэл, 60 ам.доллароор тооцсон нүүрсний үнэ дээр хил хүртэлх тээвэрлэлтэд 10-15 орчим ам.доллар нэмэгдлээ гэж бодоход 75 ам.доллароор өгч байсан гэсэн үг. Энэ нь өөрөө улсын эдийн засагт туйлын хор хөнөөлтэй, асар их боломжийг алдсан дүгнэлтэд хүрсэн. 60 бүү хэл 36 ам.доллароор тооцсон гэрээ ч байсан. Эрчим хүчний нүүрс дээр 9.5 ам.доллароор гэрээ хийсэн байна лээ шүү. Тэгэхээр нууц гэрээн дор нэг компанид 19 сая тонн нүүрс борлуулах эрхийг Засгийн газар өгсөн байсан. Зөвхөн үнэ ханшаас нь харахад, ганцхан компанид нүүрс борлуулах давуу эрхийг өгч бусад компаниудаа ажилгүй болгоно гэдэг нь зах зээлийн нийгэмд байж боломгүй асуудал. Гэтэл тэр Бодь компанийнх нь хийсэн төмөр замыг та бүхэн харж байгаа биз дээ. Тухайн үе мэргэжилтнүүд нь зөндөө хэлж байсан. Бодит үнээс хоёр дахин өндөр үнээр төмөр зам тавьсан байна гэж. Өнөөдөр тэр төмөр замаар нь нэг вагон нүүрс ч Хятад руу нийлүүлж чадаагүй л явна. Эдийн засагчийнхаа хувьд, ядарсан монголын эдийн засагт, ард түмний амьдралд, улс орны ирээдүйд чөдөр тушаа болсон буруу шийдвэрүүдийг тухайн оффтейк гэрээнүүдээр гаргажээ гэж дүгнэсэн.

-Ер нь эдгээр оффтейк гэрээнүүд дээр алдагдсан боломжийн өртгийг тооцвол ямар дүн гарах бол?

-Нийт 19 сая тонноос 7.2 сая тонныг нь гаргаад зарчихсан байна. Түүнийг нь өөрсдийнхөө байгуулсан гэрээгээр авч үзвэл 400 гаруй сая ам.долларыг бид авсан. Нэмээд Засгийн газраас дахин мөнгө авна гээд байгаа байхгүй юу. Гэтэл миний тооцооллоор, 800 гаруй сая ам.долларын зөрүү гарч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бид нууцлалгүйгээр олон нийтийн нүдэн дээр ил гэрээгээ байгуулсан бол манай улсад хамгийн багадаа 800 гаруй сая ам.доллар олох боломж байжээ. 3.5 сая хүнтэй Монгол Улсын эдийн засагт энэ хэмжээний хохирлыг ганц компани Засгийн газартай хамтарч байгаад учруулсан гэсэн үг.

-Өмнө таны хэлсэнчлэн үнийн хөнгөлөлт тал дээр нэлээн давуу байдал харагдана лээ. Мөн нийлүүлэх хэмжээн дээр ч тэр?

-Тийм ээ. Бас нэг анхаарал татсан зүйл байсан. Чухам аль гэрээ гэдгийг нь сайн санахгүй байна. Нэг гэрээний хүрээнд 3 сая тонн нүүрс нийлүүлчихсэн байна. Гэтэл гэрээн дээрээ 1 сая тонн нүүрс борлуулна гэчихсэн. Нэг сая тонн нүүрс нийлүүлэхээр гэрээлэнгүүтээ 3 сая тонныг нийлүүлсэн энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Энд хулгай явчихсан юм биш үү гэдэг зүйлийг харж болохоор байгаа юм. Ер нь оффтейк гэрээ гэдэг бол ААН-үүдийн хооронд хийгддэг л гэрээ. Бэлэн болоогүй бүтээгдэхүүнийг урьдчилан зарж гэрээ хийгээд санхүүжилт авах л процесс. Энэ нь том компаниудын хооронд байдаг л асуудал. Гэхдээ ийш төр ороод, бизнес хийгээд түүнийгээ нууцална гэдэг бол хулгай мөн. Тухайлбал, ногоон автобусыг худалдаж авахад түүнийг нууцын гэрээнд оруулах ёсгүй. Гэтэл нууцалсан гэрээний цаана ямар автобус оруулж ирснийг бид мэдэж байгаа шүү дээ.

Тэгэхээр нууцын гэрээ ТӨХК хоёр нийлэхээрээ хулгай болдог юм гэдгийг л бид харж байна. Үүнийг жирийн иргэн хийж чадахгүй. Эрх мэдэл бүхий хүмүүс оролцоод улс оронд хохиролтой зүйл хийдэг юм байна гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ.

Одоо хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж, улс орноо хохиролгүй болгох байх. Цаашдын Засгийн газар болоод төрд ажиллаж буй хүмүүс нь үүнээс сургамж аваасай, улс орноо бодоосой.

-Ер нь нууцын тамга дарагдсан эдгээр гэрээнүүдийг ил болгож байгаа процесст та ямар дүгнэлттэй байна?

-2022 онд 10-аад оффтейк гэрээ байсны 7-г нь ил болгосон юм. Цаана нь үлдсэн МАШ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ гэрээнүүдийг ил болгох шаардлага байна. Ил болсон 7 гэрээ нь улс орны эдийн засагт хохиролтой байсныг харлаа. Одоо хууль хяналтын байгууллага нь ажиллах хэрэгтэй. Хэн хариуцлага алдаж, хэн нь хулгай хийсэн байна вэ, улсын төсөвт орох ёстой валютууд хаашаа оров гэдгийг хууль хяналтын шалгаад тогтоогоосой гэдэгт л хүлээлт тавихаас өөр зүйл үлдээгүй.

-Гоё харагдаж болно. Гэхдээ гишүүд маань улс орныхоо эдийн засаг, санхүүг сүйрүүлэх хэмжээнд попорч болохгүй-

-Ирэх оны төсвөө хуулийн хугацаанд нь нэлээн тулгуу баталлаа. Мэдээж та төсөвт өөрийн дүгнэлтээ хийсэн байх. Нөгөөтээгүүр энэ удаагийн төсвийн ард бидний "уншиж" чадаагүй хулгай байсан уу гэдэг асуулт байна?

-Би 10-аад жил төсөв "уншиж" байгаа хүн л дээ. Урьд урьдын жилүүдэд төсвийн зардал тэр дундаа ТЕЗ нарын урсгал зардал жил бүр 10-20 хувиар, нийт төсөв нь зарим жилүүдэд 30 гаруй хувиар нэмэгддэг зүй тогтол ажиглагдаж байсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүн үнэд орж бид ашиг олох тусам эрх баригчдын хэрэглэх ёстой төсөв нь нэмэгдсээр ирсэн. Дарга сайд нарын хэрэглэдэг унаа тэрэг, суудаг сандал ширээ гээд л олон зүйлээс харж болно. Төсвөө ямар ч үр дүнгүй зарцуулж ирсэн. Харин энэ удаагийн төсөв дээр онцлох нэг зүйл нь урсгал зардал өнгөрсөн жилийн түвшинтэй ижил хэмжээнд орж ирсэнд сайшаалтай хандаж байгаа. Өмнөх шигээ 20,30 хувиар данхайлгасангүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн төсвийн хэмжээнээс багасгаж оруулж ирсэн нь авууштай. Мэдээж төсвийг нарийвчлаад дотроос нь харвал шүүмжлэх зүйлс гарч ирнэ. Гишүүд ч хангалттай ярьж байх шиг байна. Гэхдээ энэ төсөв дотор бодлого орж ирсэн гэдэг нь чухал.

Эрүүл мэндийн салбар тэр тусмаа хавдрын эмнэлгийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэж оруулж ирсэн. Мөн багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмлээ. Ний нуугүй хэлэхэд, төсөвт суусан хөрөнгийн зардал бол улс орныг хөгжүүлэхэд чиглэсэн зардал. Энэ утгаараа хөрөнгийн зардлаа урсгал зардал руу оруулах нь буруу гэдгийг хэлмээр байна. Энэ улс орон чинь ганцхан жилээр төсвийн хөрөнгөө зарцуулдаг биш дотор нь бодлого байх ёстой. Хөрөнгийн зардлаар дамжаад эрүүл мэндийн байгууламжууд, сургууль цэцэрлэгүүдийг барьж, аялал жуулчлалын гол бүсүүд рүүгээ замаа тавих ёстой. Энэ мэт зардлуудаа анхаарах ёстой.

-Эмч, багш нарыг цалинг нэмсэн шийдэл нэлээн чухал байлаа?

-Эрх баригч нам хоёр хагарсан дуулиан, шуугиантай ийм хүнд үеийг далимдуулаад төрийн албанд ажиллаж байгаа алба хаагчдынхаа цалин урамшууллыг нэмчихлээ. Дараа дараагийн салбарууд нь гомдоллоод янз бүрийн зүйл яриад эхэлж байгаа нь бодууштай зүйл. Энэ удаад урсгал зардлаа тодорхой хэмжээнд таначихлаа. Гэхдээ цаашид Засгийн газар үүндээ анхаарах ёстой. Монгол Улсад 1.4 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна. Хувийн хэвшилд 700-800 мянга, төрийн албанд 220 мянга, ТӨХК-иудад 66 мянган хүн ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл, 220 мянган хүний цалинг нэмэх гээд 700,800 мянган хүнийхээ татварыг нэмж болохгүй шүү дээ. Тиймээс манай шийдвэр гаргагчид том зургаар нь харж ажиллана байх гэж найдаж байна. Түүнээс биш төрийн өмчийн нэг салбар жагсаж цуглаад ирэхээр цалин нэмээд явна гэдэг нь буруу бодлого. Цаана чинь инфляц гэдэг зүйл байдаг юм.

-Ер нь жагсаж цуглахдаа хүрч байж л эмч, багш, ахмадын тэтгэвэр нэмэх асуудал руу орсон. Өмнө бидэнд шийдэл, боломж байгаагүй юу гэдэг асуудал хөндөгдөж байна л даа?

-Бид маш тодорхой харж байгаа шүү дээ. 2019 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Түүнд 700 орчим мянган тэрбумыг зарцуулсан. Үүнээс хойш ахмадуудын тэтгэврийг 3-4 дахин нэмсэн. Тэглээ гээд асуудал шийдэгдсэн гэж үү. Өнөөдөр ахмадууд өгч байгаа тэтгэвэр чинь амьдралд хүрэлцэхгүй байна гээд жагсаж байна. Тэгэхээр сонгууль бүрийн өмнө нэмээд байсан мөнгө чинь асуудлыг шийдэж чадаагүй гэдэг нь харагдаж байгаа юм. Өнөөдөр тэтгэврийн ахмадууд 700 тэрбум биш 2.3 их наядын өр зээлтэй болчихсон. Өөрөөр хэлбэл, өр зээл нь гурав дахин нэмэгдсэн.

Гар дээр авч буй хэдэн төгрөгийг нь нэмэх сайхан. Гэтэл нэмүү өртөг шингээхгүйгээр их хэмжээний мөнгө гаргаж болдоггүй гэдгийг л хүн бүр мэдэж байх ёстой. Тэр тусмаа бодлого тодорхойлогчид маань мэдэж байх ёстой. Юмны хазаарыг барьж байх ёстой.

Багш нарын цалинг 3.5 саяд хүргэнэ гэдэг тоо хаанаас гарч ирсэн гээч. Орон нутгийн сонгуулийн өмнө нийслэлийн удирдлагууд санал авахын төлөө ТҮК-ийн ажилчид болон автобусны жолооч нарын цалинг 3.5 саяд хүргэсэнтэй л холбоотой. Энэ 3.5 сая төгрөгийн цалин гэдгийн цаана 500 сая ам.долларын бонд босгоод ирээдүйдээ өр үйлдвэрлээд л өгчихсөн зүйл шүү дээ. Тэгэнгүүт багш, эмч нар уурлаж гомдох нь аргагүй. Жагсаж байгаа нь зөв. Гэхдээ бодлого тодорхойлогчид буруу бодлого гаргавал "Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана" гэдэг л болно шүү. Одоо эмч нар жагсаж байна. Ганц хоёр салбарыг нь онцгойлоод цалин нэмэх нь туйлын буруу.

Бид том зургаар нь харах ёстой. Хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн амьдрал ч хүнд байгаа шүү дээ. Эд маань ийм үнийн өсөлт дунд чадан ядан амьдарч яваа. Сүүлдээ аль болох хэвийн хэвшлээс гараад яаж ийж байгаад л төр рүү оръё гэдэг ч болно. Тиймээс л бодлого гаргаж буй хүмүүст хэлээд байгаа юм. Битгий попор. Гоё харагдаж болно. Гэхдээ улс орныхоо эдийн засаг, санхүүг сүйрүүлэх хэмжээнд попорч болохгүй.

-Зарим гишүүдийн зүгээс тодотгол хийх ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд эхэлсэн байна лээ. Таны хувьд үүнийг юу гэж харж байна?

-Цалин мөнгөтэй холбоотойгоор нэмэх байх шүү гэж ярьж байх шиг байна. Ер нь тодотгол буруу шүү дээ. Тодотголгүйгээр зөв тооцоолол хийх ёстой. Үүний тулд л Сангийн яам, төсөв хариуцсан агентлагууд түүнд өндөр цалин аваад ажиллаж байгаа мэргэжилтнүүд байна шүү дээ. Эдгээр нь анхнаасаа зөв төсөв оруулж ирвэл шууд л батлаад явчхана. Ний нуугүй хэлэхэд, УИХ-ын гишүүд дотор нь үймүүлээд хаячихаж байна.

Ер нь манай эдийн засгийн голлох хоёр бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ унаад, савлаад байхгүй тохиолдолд тодотгол хийх шаардлага байхгүй.

Нүүрсээ боломжийн түвшинд тооцоолсон байна лээ. Зэсийн хувьд мөн ялгаагүй. Зэсийн экспорт дээр манай улс нэлээн боломжийн түвшинд явчих дүр зураг ажиглагдаж байгаа. Нүүрсний үнийн асуудал дээр Засгийн газар л ажиллах ёстой. Хятадын талтай уулзах ёстой. 200-хан км газарт машинаар тээвэрлээд хүргэчих нүүрсийг ахиухан зарах үүргийг Засгийн газрынхан л хийхээс биш өөр хэн хийх вэ дээ. Хятадын асар том зах зээлд нүүрсний хэрэгцээ байгаа шүү дээ. Тэгэхээр ЗГ-ынхан өрөөндөө суугаад байлгүй очоод уулзаж, ярилцаад шийдвэрлэх юм бол нүүрсэн дээр боломж байгаа. Хүсэл нь байна уу, үгүй юу гэдэг л байна. Г.Занданшатар эдийн засагт хаана нь юу болохгүй байна вэ гэдэгт их зөв онош тавьсан харагдсан. Цаашдын нөхцөл байдлыг харъя. Ямар ч байсан төр хулгай хоёр нэг хөнжил дотор байж болохгүй. Хэрэв Г.Занданшатарын Засгийн газар амлаад байгаа шигээ нүүрсний хулгайтай тэмцэхгүй, хоорондоо тохиролцоод өнгөрвөл улс орон сүйрнэ. Нүүрсний хулгайн асуудалд цэг тавих ёстой.

Ярилцсанд баярлалаа

ҮЗЭХ:

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Төсвийн байнгын хорооны даргын үүргийг түр гүйцэтгэхээр боллоо
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Төсвийн байнгын хорооны даргын үүргийг түр гүйцэтгэхээр боллоо
 
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!