Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын 80 хүн л дэнчингийн мөнгөө тушаажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 20 секунд

Өнгөрөгч оны төгсгөлд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, шинэ гишүүдийг батламжлахаас гадна 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн дэнчингийн мөнгөний хэмжээг тогтоож, намын нийт гишүүддээ танилцуулсан. С.Эрдэнэ даргын ирэх сонгуулийн стратегийн нэг хэсэг болох дэнчингийн хувь хэмжээ нь УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар тойрог авахын тулд эрчүүд нь 100 сая, эмэгтэй нь 60 сая төгрөг намдаа хандивлахаар болсон. Харин залуучуудад боломж олгож дээрх дэнчинг графикийн дагуу төлүүлэхээр болсноо зарласан.

Намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигархын халаасанд гүйж ордог нам биш. ҮБХ-ны гишүүд маань Ардчилсан намын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулъя гэсэн санал санаачилга гаргав. Хэд хэдэн хувилбар санал болголоо. Тухайлбал, одоо авч байгаа гурван сая төгрөгийн татварыг 10 сая болгоё, сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа 2012, 2016 онд 50 сая төгрөгийн татвар авч байсныг сэргээе, мөнгөний ханшийн уналтаа тооцоод 80-100 сая болгоё гэдэг ч юм уу, олон хувилбар яригдсан. Гэхдээ асуудал нээлттэй үлдсэн. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал. Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгэн олигархийн халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нам биш ээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

            Тэрбээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 419 гишүүнээс 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй эрхмүүд 100 болон 60 сая төгрөгийн дэнчингээ төвөггүйхэн төлж, толгойны өвчин болсон намын сонгуулийн санхүүжилийг нэн тэргүүнд босгох боломжтой хэмээн тооцоолсон. Гэвч түүний тооцоолол бүтэлгүйтэж, он солигдох мөчтэй зэрэгцэн 40 горилогч л дэнчингийн мөнгөө тогтоосон хугацаанд нь төлжээ. Ингэснээр С.Эрдэнэ даргын төлөвлөгөө нурж, өөрийн биеэр толгой дараалан утас цохижээ. Тэрбээр 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа бол дэнчингийн мөнгөө тушааж, нам доторх өрсөлдөөнд яаралтай орохыг сануулжээ. Гэвч намын гишүүд нь төдийлэн үгэнд нь ороогүй бөгөөд арай хийж 80 хүнээс л дэнчингийн мөнгийг нь салгаж чадсан байна. Ямартай ч, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны нийт гишүүний дөрөвний нэг хүрэхгүй нь дэнчингийн мөнгөө тушаасан байна. Ингэснээр С.Эрдэнэ дарга намынхаа олон гишүүнээс дэнчингийн мөнгийг нь авч сонгуулийн санхүүжилттэй босгох хүндхэн сорилттай нүүр тулгараад байна.

            Угтаа бол дэнчингийн мөнгө нэрийдлээр нам доторх сонгуулийн сунгааг хөрөнгө мөнгөний сунгаа болгох ёсгүй байсныг намынх нь олон гишүүн хэлсэн. Санаж байгаа бол Үндэсний бодлогын хорооны энэхүү шийдвэрийн дараа намын гишүүд нь дэнчингийн мөнгийг эсэргүүцэн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн. Уг нь бол аль ч намын хувьд хийсэн ажил, судалсан судалгаа, дэвшүүлсэн санаа, итгэл үнэмшил, бодлого барьж ажилласан хүнээ дэвшүүлж улс орныхоо хөгжлийн төлөө ажилладаг баймаар.

Норвегийн улаан тарланг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Норвегийн улаан тарланг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.