
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Япон Улсын донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэргээн засах чиглэлээр ажилладаг байгууллагын судлаач, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд холбогдох хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн талаар мэдээлэв. Мөн донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг сайжруулах, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, Япон Улсад хэрэгжүүлж буй үр дүнтэй арга, туршлагыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.
Японы талын мэргэжилтнүүдийн зүгээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр хэлбэрээр илэрдэг. Харин донтох эмгэг нь гэр бүлийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйл болохыг онцолсон байна.
Түүнчлэн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, сэргээн засах үйл ажиллагааг богино хугацааны арга хэмжээгээр хязгаарлахгүй, урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тулгуурлан хэрэгжүүлж, нийгмийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол шинэчлэх нь үр дүнтэй болохыг тэмдэглэжээ. Уулзалтын төгсгөлд талууд донтолтын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ хоёр улсын холбогдох байгууллагуудын  хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхээр тохиролцлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!