
Намрын урь хэдийнэ орж, зөөлөн салхинд нь хацар жиндэх хэдий ч нүд баясгам амьтны ертөнцөөр зочилж, зураг хөргөө татуулан гүйлдэх бяцхан жаалууд. Амьтан бүрийг сониучирхан харах тэдний дэггүй зан "Amazing Zoo Park"-нхныг хоёр өдрийн турш тун завгүй өнжөөлөө. Тодруулбал, энэ сарын 6-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа Спорт ордны гаднах талбайд “Amazing Zoo Park”-ын хамт олон нэг өдрийн үйл ажиллагаагаа хүүхэд залууст хүргэж ажилласан юм. Энд жигүүртэн амьтдаас авхуулаад махчин амьтад ч байх бөгөөд элдвийг тодруулан асуух балчируудаас гадна хүүхэдтэйгээ цуг уулга алдсаар алхах эцэг, эхчүүдийн дүр зураг ч түгээмэл.
Тус газрын ажилчид хүрэлцэн ирсэн хүмүүст бага насны хүүхдүүд төөрөх эрсдэлтэй учраас тэвэрч, хөтөлж явахыг сануулж мөн дайрч халдах магадлалтай махчин амьтдын төрөл зүйлд хүрэхдээ халдах боломжгүй үед нь хүрэх боломжтойг зарлаж байв.
Энэ үеэр бид эл арга хэмжээг зорин ирсэн иргэдээс сэтгэгдлийг нь сонссон юм. Хоёр хүүхдийн хамтаар “Amazing Zoo Park”-аар зочилсон иргэн Т ярихдаа “Амьтдын нэр, онцлог зэргийг багтаасан мэдээллүүдийг нь хүүхдүүддээ уншиж өгөхөд ойлгомжтой, дажгүй санагдсан. Урьд харж байгаагүй амьтдыг хараад гайхширч, сонирхолтой санагдсан. Жишээ нь, манай охин анх удаа илжиг харсан юм. Тэгээд түүнийгээ манай найзтай ижилхэн харагдаж байна гэж хэлсэн шүү /инээв/” хэмээн бяцхан охиныхоо хэнэггүйхэн хэлсэн үгийг онцлон хуваалцаад амжив. Мөн тэрбээр амьтдын тайлбарлагчаар ажиллаж буй залуусыг ажлаа чин сэтгэлээсээ хийж байгааг онцлоод, "Ажилчид нь амьтдын талаар асуух бүрд тайлбарлаж өгч, гэмтэх эрсдэлтэйг сануулж өгч байсан" гэв.

Дараагаар нь хоёр хүүхдээ хөтөлсөөр, тэмээн хяруулыг харж зогсох нэгэн аав ярихдаа "Анх удаа л тэмээн хяруулыг харлаа. Надаас өндөр, их том сүрлэг сонирхолтой амьтан байна. Үзэж сонирхсон амьтад манай хүүхдүүдэд таалагдсан. Маш сонирхолтой санагдсан” гэлээ. Өнөөдрийн арга хэмжээг үзэж сонирхохоор ирсэн үзэгчид махчин төрлийн амьтдаас мануул, сулуус, өмхий хүрэнг онцлон ойроос харахад сүрдмээр, догшин төрхтэй, зөөлөн үстэй байсан талаар хэлж байв.

Амьтдыг жигүүр болгож хуваасан ч жигүүртэн амьтдыг үзэх хэсэгт хүмүүс олноор цугларах аж. Тэд хүлээцтэй гэгч нь шил шилээ дагаж хүлээн зогсоно. Харин дотогш орох хүмүүс тогос шувууг гайхширан харж зургийг нь тал талаас дарна. Тэр дунд шувууны өдөнд хүрэхээр зангах хүүхдүүдэд ажилчдын зүгээс анхааруулга хүргэж байв. Түүнчлэн тогос өдөө дэлгэх агшин нь ховорхон байдгийг ч үзэгчдэд тайлбарлан хэлж байлаа.
Ийнхүү амьтдыг сонирхож дууссан эцэг эх, асран хамгаалагчид хэсэгхэн амарч сууна. Тэд хоорондоо “Таван хошуу малаа оролцуулан энэхүү амьтны хүрээлэнгээ хийсэнд их бахархууштай, тааламжтай санагдсан. Өнөөдрийн хувьд олон хүмүүс бужигнаж, хүн багатай байх магадлалтай гэж бодсон. Дураараа аашлах хүүхдүүдэд ажилчид хүлээцтэйгээр зөв шаардлага тавьж байсан нь сонирхож буй бусад хүмүүст тааламжгүй байдлыг өгөхгүй байхад тусалсан болов уу” хэмээн санал бодлоо хуваалцлаа.

Олон хүн нэг дор цуглах арга хэмжээ тул мэр сэр асуудлууд гарах нь бий. Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд ажиллаж байгаа залуучууд хүмүүсийн бөөгнөрөл үүссэн газарт зохицуулалт хийх явцдаа тулгарсан хэд хэдэн асуудлыг дурдсан билээ. Тэдний зүгээс “Зарим хүмүүс хэт дураараа байх гээд байдаг. Тэр дундаа амьтдыг тоглоом мэт аашлах нөхцөл хэд хэдэн удаа үүссэн. Тухайлбал, тогос. Тогос нь эмэгчин шувуундаа таалагдах зорилгоор өдөө дэлгэдэг, өд сүүлэнд нь хүрэхэд гэмтээх эрсдэлтэй байдаг тул амьтдад хүндэтгэлтэй хандах талаас шаардлага тавьж ажилласан” гэв.
Ц.АНУЖИН


