Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮҮНИЙ ТУХАЙ: Өөрийн үүсгэн байгуулсан гоо сайхны брэндээрээ АНУ-ын зах зээлд танигдаж, амжилттайгаар урагшилж буй МОНГОЛ БҮСГҮЙ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 49 секунд

АНУ-д өөрийн брэндээ үүсгэн байгуулж, АНУ-ын шилдэг 100 эмэгтэй бизнес эрхлэгчийн нэгээр нэрлэгдэж чадсан “OYU Botanica” брэндийн үүсгэн байгуулагч Д.Төгс-Оюуныг UBN сайт ТҮҮНИЙ ТУХАЙ буландаа онцолж байна.

-Сайн байна уу. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Нийт монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Даваадоржийн Төгс-Оюун гэдэг. Анх 2008 онд сургуульд сурахаар АНУ-ыг зорьсон. Магистраа бизнесийн удирдлагаар төгсөж монголдоо ирээд хувийн хэвшил болон хэд хэдэн яаманд ажилласан. 2016 оны сүүлээр гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж, АНУ-д ажиллаж, амьдрах шийдвэрт хүрээд өнөөдрийг хүртэл америкийн зах зээлд бизнес эрхлээд явж байгаа эмэгтэй байна даа.

-АНУ-д очоод хамгийн эхлээд эхлүүлсэн ажил нь номны ажил байсан билүү?

-Тийм. Очоод "Завсарлагатай мацаг" номоо англи хэл дээр бичиж, 2019 онд худалдаанд гаргасан. Гэхдээ америкийн тэр том зах зээлд Монгол эмэгтэйн бичсэн шууд зарагдаад, амжилтанд хүрнэ гэдэг боломжгүй юм байна. Маш их хөдөлмөрлөж, маркетинг хийсний хүчинд Nutrition буюу шим тэжээлийн категори дээр BEST SELLER болж байсан. Тэр номоор минь хүмүүс намайг сайн мэддэг болсон.

“Оюу Ботаника” брэндийг өөрөө үүсгэн байгуулж, бүтээгдэхүүнээ америкийн зах зээлд гаргаж эхэлсэн тэр цаг мөчийг эргээд дурсвал?

-Эрүүл ахуй болон хүний биед хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олонд хүргэх зорилгоор үүсгэн байгуулсан. Номоо бичихийн тулд Станфордын их сургуулийн шим тэжээлийн курст сурч төгссөн. Гоо сайхны брэндээ гаргахын тулд “Формула Ботаник” хөтөлбөрийг дүүргэж, органик гоо сайхны бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр диплом хамгаалсан. Анх 2020 онд Oyu cosmetics гэдэг нэртэй худалдаанд гарч байсан. Саяхан нэрээ өөрчлөөд “OYU Botanica” болгож өөрчилсөн байгаа.

-Өөрийн брэндээ гаргаж, зах зээлд танигдан гэдэг амар биш. Тэр дундаа Монгол хүн америйн зах зээлд өөрийн брэндээрээ танигдаж, амжилттай урагшилна гэдэг амар байгаагүй болов уу. Ямар замыг туулж өнөөдрийн энэ өдөрт хүрсэн бэ?

-Эхлээд би эрүүл ахуй болон хүний биед хоргүй маш сайн бүтээгдэхүүн хийж сураад, хийгээд тавьчихвал зарагдчихна гэж бодсон чинь тийм юм байдаггүй юм байна лээ. Ид шинээр нэг хүн вебсайтыг маань олж ороод бараа бүтээгдэхүүнийг худалдаад авна гээд хүлээгээд суувал худлаа юм байна гэдгийг ойлгосон. Бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд эхлээд нягтлан бодох бүртгэл, америкийн хууль эрхзүйн асуудлыг мэдэх шаардлагатай болж байгаа юм. Үүнээс гадна маркетингийн мэдлэг гээд маш их зүйлийг сурч, судалж мэдэх шаардлагатай болсон. Энэ бүх үе шатыг даван туулсан. Мэдээж эхний хоёр маш хэцүү байсан. Гурав дах жилээсээ зах зээлд танигдаж, Амазоноос "Бид танд үнэ төлбөргүй платформоо ашиглуулая. Манай HAND MADE" категорид бүтээгдэхүүнээ байршуулаад өгөөч" гээд надтай холбогдсон. 2023 оны дөрөвдүгээр сараар бүтээгдэхүүнээ байршуулж эхлээд 2024 онд Facial Sprays & Mists” буюу нүүрний серум бүтээгдэхүүний ангилалд топ 10-д жагсаж, бестселлер бүтээгдэхүүн болсон. Солонгос болон Францын нэр хүндтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдтэй зэрэгцэн борлуулагдаж байсан хэрнээ байгалийн гаралтай орц, Монгол түүхий эд, амьтанд туршилт хийгдээгүй гэдэг нь хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж, ийм амжилтыг гаргаж чадсан болов уу гэж боддог.

-АНУ-д гадаад хүмүүс бизнес эрхлэхэд дэмждэг үү, эсвэл?

-Хууль зөрчөөгүй бол зүгээр. Сүүлд нэг тоо харахад 42 мянга орчим монгол иргэд АНУ-д амьдардгаас 10 орчим мянга нь бичиг баримтгүй гэж сонссон. Тэгэхээр бичиг баримтаа л хурдан авах хэрэгтэй. Бас виз өгөхгүй орнуудыг зарлахад манай улс багтаагүй болохоор гайгүй байх. Трамп Ерөнхийлөгч өөрөө бизнесмен хүн учраас харин ч бизнесүүдэд ээлтэй.

-Шантрах үе бишгүй л тохиолдож байсан байх. Тэр бүхнийг хэрхэн даван туулдаг вэ?

-Хэцүү, шантармаар үе их олон тохиолддог ч холын зорилготой, алсын хараатай хүн жижиг чулуунд бүдэрдэггүй. Харин ч өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, хамгийн ихээр хичээж, шаргуу хөдөлмөрлөснөөр зорилгодоо хүрч болдгийг мэдрээд байна. Сайхан хамт олон, сайхан гэр бүл, сайн ханийн ачаар олон ажилд түүртэлгүй, нэгэн зэрэг амжуулчихдаг л юм. Нэг алхам урагшлахад хоёр алхам ухрах талтай байдаг, ямар ч бизнест. Хийсэн буруу алхам маань сургамж болж, алдаан дээрээ суралцаж л явна даа. Энэ жилийн зорилгоо, тав, арван жилийн зорилгоо, ер нь л бүх зүйлийг тодорхой бичсэн учраас жижиг саад бэрхшээл бишгүй тохиолдоно. Анх үл ялиг жижигхэн зүйлээс хүртэл эмзэглэдэг байсан бол одоо тэр бүхнийг хаяж сураад, илүү чухал цаг зарцуулахыг эрмэлздэг болсон доо.

-Маш олон чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, олон сургууль дүүргэсэн гэж сонссон юм байна?

-МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг 2006 онд бакалавр, 2010 онд Америкийн Голден Гэйт их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Мөн 2018 онд Америкийн Иэлийн их сургуульд эрүүл ахуйн шинжлэх ухаан, 2019 онд Стэнфордын их сургуульд шим тэжээл мэргэжлээр сурч, 2020 онд Англид органик гоо сайхны химич, 2021 онд Проадвайзер КБИ онлайн көүч, 2022 онд маркетингийн бүүткамп көүчийн гээд өөрийгөө хөгжүүлэх бүх боломжийг эрэлхийлэхийг хичээдэг.

Г.Занданшатар: Гурван талт хэлэлцээрийг тодотгон сануулахын учир нь ажил олгогч, ажиллагчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө хулгайд алдагдсан явдал
Г.Занданшатар: Гурван талт хэлэлцээрийг тодотгон сануулахын учир нь ажил олгогч, ажиллагчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө хулгайд алдагдсан явдал
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.