Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Төсвөөс 2.1 их наяд төгрөг танаснаар импортын зардал 400 гаруй сая ам.доллароор буурч, төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
6 минут 33 секунд

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э.Батшугартай цаг үеийн сэдвээр товч ярилцлаа.

-Өнгөрсөн жилийн өдийд 7 хувийн өсөлт үзүүлсэн эдийн засаг энэ жил эхний улирлын байдлаар ердөө 2.4 хувийн өсөлт үзүүлттэй байна. Инфляцийн түвшин улсын хэмжээнд 8.3 хувьтай байна. Засгийн газар цаашид инфляцыг хоёр оронтой тоо руу оруулахгүй барих, оны эцэст зорилтот түвшиндээ хүргэхэд төсөв, мөнгөний бодлогыг хэрхэн уялдуулахаар ажиллаж байгаа вэ?

-Улсын хэмжээнд 8.3 хувьтай байгаа инфляцын түвшнийг харвал манай улс цаашид яах вэ гэдэг асуудалтай тулгарна. Хэд хэдэн хүчин зүйл бий. Импортын инфляц. Энэ нь нийт хэрэглээний сагсны бараг 42 хувийг эзэлж байна. Ханш суларвал гаднаас худалдаж авч байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж инфляцад автоматаар нөлөөлнө. Тиймээс төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого барих нь зөв. Төлбөрийн тэнцлээс энэ нь шууд хамаарна. Хэдийгээр нүүрсний үнэ 40 хувиар унасан ч биет хэмжээ нь огцом буураагүй шүү дээ. Үүнээс шалтгаалж, Монгол Улсад орж ирж байгаа валют буурчихсан. Үүнтэй холбогдолтойгоор манай төлбөрийн тэнцэл оны эхний улиралд 400 гаруй сая ам.долларын алдагдалтай гарсан.

Цаашид бид хоёр зүйлийг л хийх ёстой. Эхний удаад яаж гадаадын хөрөнгө оруулалтыг татах уу гэдэгт анхаарах цаг болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар төлбөрийн тэнцлээ ашигтай биш юм гэхэд ядаж балансад нь барих боломжтой болно. Хоёрдугаарт, гадагш гарч байгаа ам.долларын урсгалыг яаж хязгаарлах вэ гэж байгаа юм.

Ерөнхий сайдын хувьд хэд хэдэн зүйлийг хэлсэн. Түүний нэг нь тансаг бараа, хэрэглээний татварыг нэмэгдүүлье гэж байгаа. Тухайлбал, 400, 500 сая төгрөгийн автомашинаас авхуулаад өндөр үнэтэй бараа, үйлчилгээний татварыг нэмэх тухай ярьсан.

Хоёрдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалтаа татъя гэж байгаа юм. Нэг ёсондоо ам.долларыг шууд татан төвлөрүүлэх шийдэл юм. Та бүхэн санаж байгаа бол 2011 онд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр өссөний дүнд ам.долларын ханш 1180-1200 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш 3500 төгрөг давсан байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын татах нь чухал байгаа учраас нэн тэргүүнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа эргэж харах хэрэгтэй.

Нөгөө талдаа бид ямар салбарууддаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах вэ гэдгээ эрэмбэлж, тодорхой болгох ёстой. Учир нь өнөөдрийн байдлаар дан уул уурхайн салбарт л хөрөнгө оруулалт шингэж байна. Гэтэл барилга, дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлагатай.

-Энэ оны төсвийг 2.1 их наяд төгрөгөөр тодотгох гэж байна. Төлбөрийн тэнцэлд ямар нөлөө үзүүлнэ гэж Засгийн газраас тооцоолж байгаа вэ?

-Сая үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдлийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болж дэмжигдлээ. Тодотголоор 2.1 их наяд төгрөгийн таналтыг хийхээр мөн төлөвлөсөн байгаа. Энэ нь цаагуураа дам байдлаар төлбөрийн тэнцэлд эерэг үзүүлэлт авчирна.

Учир нь нийт төсвийн зардлын 60-70 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн болдог гэж ойлгож болно. Тэгвэл 2.1 их наяд төгрөгийг 65 хувиар тооцож, тухайн дүнгээ ам.доллар руу шилжүүлбэл ойролцоогоор 360 сая ам.доллартой тэнцэнэ гэсэн үг. Товчхондоо 380-400 сая ам.долларыг төлбөрийн тэнцлийн дарамтаас шууд сэргийлж, бууруулахаар байна.

Эдийн засгийн өсөлт эхний улиралд 2.4 хувиар өссөн. Манайд цэвэр экспорт ашигтай гарч байгаа. Энэ бол Оюу толгойтой холбоотой. Тус компани энэ жил 800 мянган тонн хүдэр экспортод гаргасан. Гэхдээ Оюутолгойн экспорт гаалийн статистик мэдээлэл дээр эерэг гардаг хэр нь Монгол Улсад тооцогдох дүн нь хамаагүй бага. Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах шатандаа орчихсон, дээр нь хүмүүсийн цалин хөлсний зардалтайгаа уялдаад тооцоолол харьцангуй бага гарч байгаа юм.

Бид төлбөрийн тэнцэлд маш сайн анхаарах ёстой. Хоёрдугаарт, яаж экспортын урсгалаа нэмэгдүүлэх вэ гэдгээ бодох ёстой. Өргөн хэрэглээний бараа дээр нэг сайн мэдээ нь ирэх 8, 9 сард махны үнэ харьцангуй тогтвортой болно. Харин манай урд хөрш болох БНХАУ-ын инфляц дотооддоо харьцангуй нам байхаар төлөв гарч байгаа. Тиймээс Монголд ирж байгаа импортын шууд ханшнаас бус хамааралтай инфляц огцом өсөхгүй байх магадлалтай. Эсрэгээрээ шатахууны үнэ ханшид нөлөөлж байгаа байдал эрсдэл дагуулахаар гэж харж байгаа. ОХУ-ын талтай хийгдэж буй шатахууны нийлүүлэлт тогтвортой байвал энэ эрсдэлийг даван туулж чадна гэсэн үг.

-2025 оны төсвийг баталж байх үед ЗГ-аас инфляцын түвшнийг энэ онд 6 хувьд байхаар тооцоолсон байдаг. Гэтэл өнөөдрийн 8.3 хувьтай байгаа инфляц оны эцэст 12 хувь рүү дөхнө гэж эдийн засагчид ярьж буй. Үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Хэрэв миний түрүүний хэлсэн дээрх хэд хэдэн бодлогын арга замуудыг бид хэрэгжүүлж чадвал оны эцэст инфляц бидний зорилтот түвшин болох 6 хувь болох боломж бий гэж харж байна.

Ярилцсанд баярлалаа

Энхтайваны гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2026 онд эхлүүлнэ
Энхтайваны гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2026 онд эхлүүлнэ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.