Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар томилогдоод тав хонож буй. Тэрбээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ хэрхэн байгуулах нь хүлээлт үүсгэж, гацаанд орсон. Олон нийт түүнээс цомхон бүтэцтэй, бүтээмж өндөртэй Засгийн газар байгуулахыг шаардаж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар ямар нөхцөл байдалтай нийгэм, эдийн засгийг хүлээж авсан бэ. Энэ талаар онцлон хүргэж байна.
-Авлигын индексээр 114 дүгээрт жагсаж байна-
“Трансперенси интернэшнл” байгууллагаас танилцуулснаар Монгол Улс авлигын индексээрээ ардчилсан бус орны тоонд хамаарч буй. Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх зэрэг нэн чухал 13 мэдээллийн эх үүсвэрээр эрэмбэлдэг энэ индексээр манай улс сүүлийн жилүүдэд 180 орныг сүүл мушгисан хэвээр байна. Хамгийн сүүлд буюу 2024 оны авлигын индексийг танилцуулахад, 180 орноос 114 дүгээрт жагссан байдаг. Өөрөөр хэлбэл, 2023 оныхоос 7 байраар урагшилсан аж.
-Эдийн засгийн өсөлтийг зорилтот 6.5 хувьд хүргэж чадах уу-
2021 он буюу цар тахлын үед -4.6 хүртлээ агшаад байсан Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7.4 хувийн өсөлт үзүүлсэн. Харин өнгөрсөн 2024 оны эцэст буурч, 4.9 хувь болсон байдаг. Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай байгаа юм. Харин хамтарсан Засгийн газраас энэ онд эдийн засгийн өсөлт 6.6 хувьтай байна гэж төсөөлсөн билээ.
Гэвч уул уурхайн салбарын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ унасантай холбоотойгоор эдийн засгийн өсөлт төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй гэдгийг эдийн засагчид болон зарим УИХ-ын гишүүд хэлж буй.
-7 байраар урагшилсан хэвлэлийн эрх чөлөөг дахин урагшлуулж чадах уу-
Монгол Улс 2021 оноос хойш Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр тасралтгүй ухарсаар байгаа юм. Тодруулбал 2021 онд 68 дугаар байрт байсан бол 2022 онд огцом ухарч 90 дүгээрт жагссан байдаг. Харин 2023 онд 88, 2024 онд 109 дүгээрт жагссан бол 2025 онд долоон байр урагшилж 102 дугаарт орсон юм.
-Нүүрсний экспортыг 2024 оныхоос давуулж чадах уу-
Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг гол бүтээгдэхүүн нүүрсний экспорт өнгөрсөн онд түүхэн амжилт үзүүлж, экспорт нь 83.7 сая тоннд хүрсэн. Гэвч энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний үнэ унаж, тийм ч сайнгүй байгаа юм. Тиймээс Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны эцэст хэчнээн сая тонн нүүрс экспортолж чадах вэ гэсэн сорилттой тулаад буй юм.
-Ардчиллын индексээр 81 дүгээрт жагсаж байна-
2018 оноос хойш ардчиллын индексээр тасралтгүй ухарсан. 2021 онд 61 дүгээрт жагсаж байсан Монгол Улс 2022 онд 66, 2023 онд 77, 2024 онд 81 дүгээрт жагссан. 2025 онд мөн 81 дүгээрт жагсаад байна.
-Сүүлийн 4 жилийн гуравт нь өсөлт үзүүлсэн Засгийн газрын өр буурах уу-
Засгийн газрын өр сүүлийн дөрвөн жилд 2023 оноос бусад үед тасралтгүй өсжээ. 2020 оны байдлаар Засгийн газрын өр 26.2 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 35.2 тэрбум ам доллар болж 8.3 их наядаар нэмэгдсэн дүнтэй гарч байжээ. Энэ дүн цааш хэрхэх вэ гэдэг нь асуулт хэвээр байна
-Нэг хүнд ногдох ДНБ 6890 ам.доллартой тэнцэж байна-
Цар тахлын оргил үе 2021 онтой харьцуулахад, нэг хүнд ногдох ДНБ 2233 ам.доллароор нэмэгджээ. Тодруулбал 2021 онд 4657 ам.доллартой тэнцэж байсан бол 2024 оны эцсийн байдлаар 6890 ам.доллартой тэнцсэн байна. Тэгвэл шинэ Засгийн газар энэ дүнг хэрхэн өөрчлөх вэ.
-Инфляц 8.3 хувь-
2025 оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляцын түвшин 8.3 хувьтай гарчээ. 2022-2024 оны хооронд дараах байдлаар инфляцын түвшин хэлбэлзжээ. Тодруулбал, 2022 оны зургаадугаар сард 16.1 хувьтай байсан бол үүнээс хойш 2024 оны зургаадугаар сар хүртэл 5.1 хувь хүртэл буурсан байдаг. Харин 2024 оны сонгуулиас хойш өссөөр 9 хувьд хүрсэн байдаг.
-Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараараа 69 орноос 65 дугаарт жагсаж байна-
Дөнгөж өчигдөр /2025.06.17/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын судалгааны дүнг танилцуулсан. Монгол Улс 69 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн гэдгийг тус төвөөс мэдээлсэн юм. Тодруулбал, нийт 100 оноо авахаас 40.9 оноо авсан нь өмнөх оныхоос 5.39 оноогоор буурч, дөрвөн байр ухарсан үзүүлэлт аж. Үүнд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигтай ажиллагаа, дэд бүтэц гэсэн бүлгийн оноо буурсан нь ийнхүү байр ухрахад нөлөөлжээ.