ХЭҮК: Цахилгааны богино холболт үүсэх эрсдэлтэй дотуур байранд 62 сурагч амьдарч байна

Огноо
Унших
2 минут 31 секунд

Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын “Хүмүүн цогцолбор сургууль”-ийн “А” дотуур байранд амьдарч буй сурагчдын Монгол Улсын Үндсэн хууль, хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилт, дотуур байрны нөхцөл байдал, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт болон Хүний эрхийн Үндэсний 2023 онд хүргүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилтийг Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, Төв аймаг дахь референт У.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг яг одоо газар дээр нь шалгаж байна.

Тус дотуур байр нь нийт 80 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар 1987 онд ашиглалтад орсон. Хоёр давхар байгууламжийн барилга ашиглалтад орсноос хойш их засвар огт хийгдээгүй. Тус дотуур байр нь 2024-2025 оны хичээлийн жилд Төв аймгийн Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян -Өнжүүл, Баянцагаан, Мөнгөнморьт, Сэргэлэн зэрэг 7 сумын 62 сурагч хүлээн авсан.

Барилгын насжилтаас хамаарч хана болон цонхноос дулаан алдалт ихтэй, халаалтын систем доголдолтой. Хана, модон шалны салхи нэвчилтээс үүдэн байгууламж бүхэлдээ хүйтэн, чийгшилттэй болж хана таазны будаг, шохой хуурч унасан, цахилгааны богино холболт үүсэх эрсдэл үүссэн нөхцөлд сурагчид амьдарч байна.

Тус хяналт шалгалтын хүрээнд тус дотуур байрны орчин нөхцөл, амьдарч буй сурагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хяналт шалгалтын дүнг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан арга хэмжээг авах юм. Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2022 онд тус дотуур байранд хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар нэг давхрын хувцас хатаах өрөө, хичээл давтах танхим, хоёрдугаар давхрын 11, 13, 14, 17 дугаар тасаг болон ариун цэврийн өрөө, хөгжүүлэх өрөө, хонгилын хана таазны шавар нурсан, чийгшил ихтэй, хүүхэд амьдрах боломжгүй гэж дүгнэсэн.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна
 
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!