Ц.ДАВААДОРЖ: Төсвийг зориудаар олон нийтийн анхаарлаас холдуулж, төр гаргасан шийдвэрээ тулгах сонирхолтой байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
20 минут 33 секунд

Манай улс ирэх оны төсвөө удахгүй батална. 2025 онд эдийн засгийн өсөлтийг 8 хувь байхаар төсөөлж орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар төсөвлөж байна. Харин түүхэндээ хамгийн өндөр гэгдэх 40 их наяд шүргэсэн төсвийн тэлэлтийг дагасан төсвийн алдагдал үүсгэх эрсдэлтэй гэж эдийн засагчид сануулж буй. Төсөв тойрсон асуудлаар Эдийн засагч Ц.Даваадоржтой ярилцлаа.

-----------------------------

- Жилийн жилд төсвийн орлогыг өөдрөг төсөөлж ирсэн. Энэ жишгээр 2025 оны төсвийн орлого, зарлагыг ч бас өндөр төсөвлөж байна. Эдийн засгийн мөчлөг дагаж төсвийн орлогыг өөдрөг тусгах нь эргээд төсвийн алдагдал үүсгэх эрсдэлтэй болохыг сануулж шүүмжилж байна. Хэрэв төсвийн орлого бүрдэхгүй бол төсөв тасрах эрсдэл байгаа байх?

-Улсын төсөвт олж буй орлого, зарлагын хэмжээг харахаар хэтэрхий өндөр төсөөлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийхээ үнийг өндөр тавьсан. Гэтэл эдийн засгийн хувьд олон улсын шинжээчдийн таамгаар уул уурхайн бүтээгдэхүүнүүд зарим бүтээгдэхүүний үнэ унах гэж байгааг прогнозз хийж харуулаад байна. Харин бид үүнийг нь аль болох өндрөөр авч үзээд байх юм. Тэгэхээр энэ бол хөөсөрч байгаа төсөв шиг л харагдаж байна. Тоог нь харахад өмнөх жилээс их хэмжээний орлого олох том төсөл хийж байна. Ийм төсөөлөл дээрээс 2 хувийн алдагдал зэрэг хувилахаар бидний бодож байснаас илүү их хэмжээний өртөг гарч байна. Энэ бодлогыг засах чиглэл харагдахгүй байна. Уг нь улсын төсвийг аль болох алдагдалгүй батлах систем рүү орох ёстой гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа юм.

Өөрөөр хэлбэл орлого зарлагаа тэнцүүлж өөрийнхөө хөнжлийн хэмжээгээр хөлөө жийдэг тогтолцоог бий болгохгүй бол жил ирэх тусам орлого заавал зарлагаас бага байдлаар харагдаж байна. Бусад зардлаа тэвчиж, заримыг нь эрэмбэлэх ёстой.

Өрх гэрийн тухайд мөн ялгаагүй сарын цалингаа орлогынхоо хэрээр бүгдийг нь үрж, илүү зарлага гаргасан алдагдалтай байхыг хэн ч боддоггүй биз дээ. Ийм л зарчмыг барьдаг болмоор байна гэсэн үг.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДСЭН НЬ САЙН ТАЛТАЙ Ч СӨРӨГ ХҮЧИН НЭГ ЗАСАГТ НЭГДЭЖ ДУУ ХООЛОЙ НЬ ХАРАГДАХГҮЙ БАЙНА

-Саяхан УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нарын гишүүн төсвийн урсгал зардал 3.5 их наяд төгрөгийг танах шаардлагатай гэж мэдэгдэх боллоо. Төсвийн тэлэлт үнэхээр Сангийн яамны тайлбарлаж байгаа шиг хүн амын өсөлт, эдийн засгийн идэвхжилтэй шууд холбогдож байна уу?

-Улсын төсөв орлого, зарлага гэсэн хоёр хэсэгтэй. Урсгал зардал дотор тодорхойгүй зардлууд байгааг УИХ-ын зарим гишүүд шүүмжилж байна. Тэдний шаардлага зөв. Төсвийг эргүүлж татаад дахин боловсруулах шаардлага тавьж байгаа нь тодорхой хэмжээгээр ард түмний дуу хоолой очиж байгаа юм болов уу гэж харж байна.

УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэний сайн тал нь харагдаж байна. Өмнө нь 76 гишүүн санал нэгддэг байсан бол одоо үгүй. Гэвч сөрөг хүчин болох хэсгүүд хамтарсан Засагт нэгдсэн учраас энэ дуу хоолой өндөр харагдахгүй сонсогдохгүй байна.

Улс төрийн намын нэг хүчин, хувь гишүүний дуу хоолой болж харагдаад байгаа нь сул болгож байж магадгүй. Сангийн яам бол яах аргагүй Засгийн өгсөн чиглэлийг барьж байгаа байх. Ийм үүрэг даалгаврын хүрээнд боловсруулсан төсвийг яамныхан “ард түмний, эдийн засгийн цар хүрээ өссөн” гэх бүрхэг тайлбар өгч байгаа юм.

Гэхдээ улсын төсөв ард түмнийх биш. Төрийн байгууллагын санхүүгийн асуудал болж байгаа юм. Төрд ажилладаггүй хүмүүст хүртээл багатай харагдаад байна.

Төсвийн зарлагын задаргаа нь тодорхойгүй ерөнхий байдлаар “Соёлын сайдын багц” гэж бүрхэг тодорхойлсон. Үүн дотор кино үзвэрийг дэмжих зэргээр тусгаж байгаа нь олон нийтэд ойлгомжгүй болж байгаа юм. Яагаад хувь хүний үзэх гэж байгаа соёлын асуудлыг төр даах гээд байгаа юм. Нөгөөтээгүүр "төр байгаа цагт татвар байдаг" гэх ойлголтыг хүчээр механик ойлгуулаад байна. Угтаа татвар бол миний амьдралын чанарыг баталгаажуулах буюу аюулаас хамгаалах, амьдрах орчныг аюулгүй байлгахын төлөө өгч буй төлбөр. Хүмүүст ингэж ойлгуулах ёстой. Иймээс гэр хорооллын орчныг сайжруулах нь төрийн үүрэг.

Заавал газрыг нь хурааж нийтийн байр барих нь зөв ч юм уу. Монголд нийтийн үнэтэй байранд орвол амжиргааны түвшин дээшилсэн гэж харуулах гээд байдаг. Бусад оронд хувьдаа сууцтай бол илүү амжиргааны түвшин дээшилсэн гэж ойлгодог.

Дэд бүтэц гэж ярихаараа л өндөр байшин барихыг хэлээд байх юм. Яагаад гэр хорооллыг тохижуулж болохгүй юм, энэ мөнгө нь хаана байгаа юм.

ШИНЭ ХОРШОО ХӨТӨЛБӨРӨӨР ХӨДӨӨ ОРОН НУТГИЙНХНЫ САНАЛЫГ ХУДАЛДСАН. ХАРИН МАЛЧДЫГ ХЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨРӨНД ОРУУЛАХ БОЛ?

- Ялангуяа 2024 он сонгуулийн жилийн төсөв болсон шүү дээ. Энэ цалин тэтгэвэр, халамж, зээл гэж тараасан мөнгө, төсвийн тэлэлтийн дарамт өнөөдөр эдийн засагт мэдрэгдэж байна уу?

- Маш том асуудал байгаа. Сонгуулийн жилд улсын төсөв тэлдэг. Энэ нь зүй тогтол шиг болчхож. Ийм байх ёсгүй юм. Сонгуулийн жилд төсвийн тэлэлт одоо эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг шууд хэлэхэд бэрх. Бид хөдөө аж ахуйн хоршоолол гэдгийг огцом компаничилж байгуулсан.

Шинэ хоршоодод шууд их хэмжээний зээл өгсөн. Үүний хүчинд хөдөө орон нутгийн саналууд маш их худалдагдсан гэж хардаг. Хэчнээн малчныг хэр их хэмжээний өрөнд оруулах юм бол доо. Төлөх чадвар нь үнэхээр байсан уу гэх асуудал яригдана.

Энэ асуудал ирэх оны төсөвт нөхөгдөх байдлаар орж магадгүй. Төсвийн зарлагыг харахад. Дараа жилийн төсөв дээр ч нөхөгдөнө. Энэ мэтчилэн хүчээр шахам зээл өгсөн хоршоодын хэд нь дампуурч оршин тогтнох юм болдоо гэдэг энэ байдлыг бид харахгүй байна. Ийм хэмжээний зарлагыг улсын төсвөөс нөхөх бодлого энэ төсөв дээр байж магадгүй. Сонгуулийн жил гарсан маш их хэмжээний зардлуудыг улсын төсвөөс нөхөх нь утгагүй. Гэтэл үүнийг эрх барьж буй хүчин аль болох дарахыг л бодож байна.

ТӨСӨВ СОЦИАЛИСТ СИСТЕМИЙН ЗАГВАРЧЛАЛТАЙ, ТАТВАР ТӨЛӨГЧИД ТӨРД Л НАЙДДАГ БОЛСОН

-Төсвийн алдагдлын тухай эргэн ярихад, 2025 оны төсвийн төсөлд алдагдлыг ДНБ-ий 2 хувьтай тэнцүү буюу 1.9 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Сангийн яамнаас “төсвийг алдагдалгүй баталж байгаа юм” гэх тайлбарыг өгч байгаа шүү дээ. Гэтэл ОУВС-аас төсвийн тэлэлт нь гадаад, дотоодын тогтворгүй байдлыг үүсгэх тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй гэж сануулж эхэллээ. Тэгэхээр бид төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувьтай тэнцүү барьж чадах уу. Энэ тухайд хэрхэн харж байна?

-Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуулийн заалт л байна шүү дээ. Тэгэхээр энэ заалтаа барьж байгаа гэх. Төсвийн төлөвлөлтийг нь харахаар зардлын хэмжээг ДНБ-ий 2 хувьд хүргэнэ гэдэг нь алдагдал зардлаа 2 хувиар үржүүлээд тэд болно гэсэн гаргалгаа хийдэг байж магадгүй.

Өөрөөр хэлбэл, зардлаа үр дүнгээс нь хөөгөөд зорилтоо тавьдаг. Үүнийг хэн ч чадна.

Хар үгээр хэлбэл, би ирэх сард 50 мянган ам.долларын зардалтай болбол байраа ч засна, машинаа ч авна гэж л бодоод байна. Уг нь би 50 мянган ам.долларын зардал гаргахын тулд хэр их хэмжээний орлого олох вэ гэдгээ тооцно гэсэн үг. Үүний тулд зардлаа тодорхой тэдэн хувиар барина. Үнэхээр миний сарын цалингийн хэмжээ зардалд хүрэх үү. Бодит байдал дээр хүрэхгүй л байгаа юм. Тиймээс бид ийм бодит биш байдлаар л гаргаж байна гэсэн үг.

Улсын төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдал гаргана гэдэг нь доторх зардлаа гаргахаар ДНБ-ий тоо гарч ирнэ. Барагцаалсан тоогоор 2 хувиа барина гэх ийм хөөлтийн аргаар бодохоор асуудал үүсээд байгаа юм шүү дээ. Уг чанартаа орлогоо тооцож зардлын чадамжаа гаргана гэсэн үг.

Бид эсрэг талаасаа хөөж байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрүүлээд байна. Ялангуяа улсын төсвийг УИХ дээр хэлэлцэж буй байдлыг харахад тойргууд Их хурлын гишүүдийн шахалтаар анх орж ирсэн төсөв өөрчлөгдөх явдал их байна. Зөв тал руу ч байна, буруу тал руугаа ч яригдаж байна. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн, шинэ гишүүнтэй байгааг харахад тэдний хувьд үнэхээр эрүүл төсөв байж чадаж байна уу гэх шүүмжлэлийг гаргаж ирж байгаа нь их сайшаалтай.

Төр бол төсвийн мөнгийг зарцуулах гэж буй зорилго нь үндсэндээ ард түмний аж амьдралыг шууд дээшлүүлэхэд нөлөөлөх үү, үгүй юу гэх асуудал. Энэ нь иргэдийн амьжиргаа дээшлэхэд шууд нөлөөлөх эсвэл бизнес эрхлэгчдээр дамжуулж нөлөөлөх ёстой. Тиймээс биш төр өөрөө гурил, талхаа үйлдвэрлээд эхэлбэл социализм руу орж байна гэсэн үг.

Тэгэхээр төсвийг харахаар үндсэндээ социалист системийн загварчлал болж харагдаж байна. Би хүсээгүй байхад надад жижиг өмд өгөхтэй адил төрийн бодлого ийм байна. Өнөөдөр би заавал кино үзэх албагүй. Олон суваг бий болсон шүү дээ. Гэтэл төр заавал намайг кинотеатрт кино үзүүлэх гээд байна гэсэн үг. Харин улсын төсвийг ийм зүйл зарцуулж болохгүй энэ асуудлыг Их хурал дотроо гаргаж ирж буй тал харагдаж байна. Энэ жишгээр зөв тал руугаа тогтож чадвал миний төлсөн татвар зөв зүйлд зарцуулагдана. Эргээд надад өгөөжөө өгнө. Бид үүнийг л ойлгох хэрэгтэй.

Манай татвар төлөгчид үнэхээр хүч сул байна. Бүх зүйлийг төрөөс хийнэ гэсэн хүлээлт өндөр болчхож. Төр шийдвэрээ гаргаж энийг боль, тэрийг хий зэргээр хүчээр тулгаад байдаг болжээ. Энэ нь яваандаа эдийн засагт муугаар нөлөөлөөд байна. Эдийн засгийн хөгжил бодит салбарт муу нөлөөлөөд байна гэдгийг харуулж байгаа юм.

- Таны хэлсэнчлэн бид социализмын үеийн сэтгэхүйгээсээ салахгүй байна уу. Төсвийн алдагдлын гол алдаа нь тэгээд социализмын үеэсээ салахгүй байна гэсэн үг үү?

- Энэ бол эрх барьж буй улс төрийн хүчний л тулгалт гэж би харж байна. Төр засгийг яаж удирдаж байна вэ гэдгийг бид харж байна. Тэр эрх мэдлийг авсан хүчин өөрсдийн эрх мэдэл, байр суурийг алдахгүйн тулд шийдвэрээ өөрсдөө гаргаж бусад нь дагадаг ийм л тогтолцоог барихыг хүсээд байгаа юм. Энэ нь бидний ярьдаг байсан хуучны арга барил. Сайн тал ч байсан, сул тал ч байсан.

Төр барьж буй шийдвэр гаргаж буй хүмүүс илүү ухаантай, сайн байвал уг нь урагшилна, зөв явна. Хятадын жишээг харж болно. Төвлөрсөн тогтолцоогоор хатуу гараар барьж байгаа ч эдийн засгийн өсөлт нь дэлхийн хэмжээний ямар том эдийн засаг боллоо. 1990-ээд оны үед биднийг очиход манайхаас хөгжил муутай юм байна гэж харагддаг байсан. Одоо бол нүд гялбам, гүйцэхээ ч больж. Энэ нь эдийн засгийн бодлого, шийдвэр гаргаж буй хүмүүсийн хандлага эр зориг. Тэр хүмүүсийн хувьд өөрсдөөсөө илүү эх орноо том хэмжээнд хүргэе гэсэн бодол санаа нь илүү байна. Мэдээж тодорхой хэмжээгээр сул талууд байгаа л байх.

- Харин манай улсад?

- Манай улс эсрэгээрээ. Эрх баригчид нь эхэлж өөрсдөө эрх мэдэл, байр сууриа алдахгүй хадгалах зорилготой болчихоор урагшлах гэж эдийн засгийн бодлого нь үүн рүү чиглэж буруу шийдвэр гаргах нь их байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг нь улсаа хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилт болгож байхад нөгөө хэсэг нь нам бүлгийнхээ асуудлыг нэн тэргүүнд авч үзээд дараа нь улс орныхоо хөгжлийг эрэмбэлж байна гэсэн үг.

Манайх эрх баригчид улсаа хөгжүүлнэ гэж ярьдаг ч үйлдэл нь эсрэгээрээ. Шийдвэр гаргаж буй зүйл болгон нь, өөрсдийнхөө байр суурийг бэхжүүлсэн, өөрсдийнхөө шийдвэрийг дагуулах гэсэн шийдвэрүүд гаргаж байгаа нь төсөвт ч бас тусгагдаж байна.

Улс төрийн хүчин дотроо хуваагдаж аль хүчтэй нь өөрсөд рүүгээ хувааж авах гэж байгаа нь бидний нүдэн дээр харагдахгүй ч цаад тэмцэл нь явагдаж улс орны муухай болгож харуулаад байна.

ТӨСВИЙГ АЛБААР ОЛОН НИЙТИЙН АНХААРЛААС ГАРГАЖ, ИРГЭДДЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИУЦЛАГА ӨВДӨЛТИЙГ МЭДРҮҮЛЭХГҮЙ БАЙХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

-Таны хэлсэнчлэн төсвийн зарлагын зорилго нь иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх байтал өнөөдөр УИХ-аар төсвийн хэлэлцүүлэг дээр сайд, гишүүдийн зарлага тойрсон хэрүүл өрнөж байгаа харагдаж байна. Зорилгоо ойлгохгүй байна гэсэн үг үү?

-УИХ-аар төсөв хэлэлцүүлж буй гол процесс нь буруу л байна гэсэн үг. Үндсэндээ улсын төсвийн ихэнх хэсэг нь татварын орлого бүрдүүлж буй.

УИХ-ын гишүүд төсвийн зорилгыг ойлгохын дээдээр ойлгож байгаа ч хүнд харуулахдаа л буруугаар илэрхийлээд байна гэсэн үг. Зориудаар олон нийтийн анхаарлаас гаргаж байна. Би шийдвэр гаргавал дагах ёстой гэсэн ойлголтыг бий болгож байна. Сонгуулийг ч хар.

Үндсэндээ бид бүх талаасаа бодитой гэж харуулж байгаа мөртлөө эцсийн сонголт бол байдаг л хүн рүүгээ явж байна гэсэн үг. Муулсан хүнээ эргээд л сонгодог. Жишээ нь, би өнөөдөр орлогоо нэмэгдүүлэхийн төлөө гүйхийн оронд төр засгаас бэлэн хоол өгөхийг шаарддаг түвшинд очсон гэсэн үг. Хувьцааны мөнгөө өг гэдэг. Яагаад ийм болов гэхээр, төр засаг нь байсхийгээд зээл тэглэлээ гэдэг. Уг нь энэ бол зах зээлийн зарчим биш. Хүний хариуцлагыг байхгүй болгож байна. Уг нь би зээл аваад хариуцлагатайгаар төлж байтал бусдынх нь зээлийг тэглэчихээр яагаад төлөхгүй байж болдог юм бэ гэх ойлголт хандлагатай болгож байна. Энэ нь эдийн засгийн чадвар, сахилга хариуцлагыг нь үгүй хийж байна гэсэн үг. Төр ийм бодлого явуулсаар 30 хэдэн жил боллоо. Иргэдээ хуурч улсаа хорлож байна л гэсэн үг. Уг чанартаа эдийн засгийн харилцааны гол механизм болсон зээлийг төлдөг гэх ухамсарт орвол хүмүүс ч эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй, илүү хариуцлагатай болно.

Зээлийн хүү өндөр байна гэж хашхирдаг. Үүнд олон нийтийн анхаарлыг хандуулдаг. Хувийн хэвшлийнхэн банкны буруу юм шиг ойлгуулдаг. Угтаа бол төрийн бодлого нь ийм болгосон. Үүнийг бид засахгүй бол урагшлахгүй. Ялангуяа хүмүүсийн эдийн засгийн мэдлэг, хариуцлагыг гүнд нь хүртэл ухамсарлуулах нь чухал.

Хөгжсөн улс орнуудыг харахад маш их уруудаж, хүмүүс нь үнэхээр амьдралаараа мэдэрч байж өнөөдрийн хөгжлийг босгосон байдаг. Харин бид чадахгүй байна. Төр засаг л шийдвэр гаргавал болох юм байна гэх бэлэнчлэх хараат сэтгэхүйтэй болгож байна.

- Гэхдээ иргэд нь бүсээ чангалж амьдралаараа эдийн засгийн өвдөлтийг мэдрээд байгаа биш үү?

-Эргэлзээтэй. Мэдэрлээ гэж нэг хэсэг нь гарч ирэхээр төрөөс жаахан жаахнаар амсуулах байдлаар өгч байгаа байхгүй юу. Эдийн засгийн хувьд мэдрүүлж байгаа байх. Байсхийгээд л багахан юм /хувьцааны ноогдол ашиг, зээл, халамж/ өгөхөөр дуугүй болдог ийм л тогтолцоо руу оруулаад байна. Угтаа бол төр засаг хариуцлагагүй байдал гаргахгүйн тулд хууль эрхзүйн орчныг нь чангаруулах байдлаар зохицуулсан байх хэрэгтэй. Хариуцлагууд нь тодорхой болох ёстой. Шүүхийн шийдвэр нь гардаг атал нөгөө хүн нь чадваргүй гэхээр орхидог. Энэ нь хүн хуурдаг сэтгэхүйг л бий болгож байна. Том том хулгайн хэрэг үнэндээ ийм л байна шүү дээ.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Ж.Ганбаатарын оронд Ц.Сандаг-Очирыг оруулахаар дэмжлээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Ж.Ганбаатарын оронд Ц.Сандаг-Очирыг оруулахаар дэмжлээ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!