Монгол Улсын Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэслэгч Баярцогтын Мөнхзаяа ээлжит амжилтаа бүтээсэн тухай сайн мэдээ ирлээ. Ердөө нэгхэн сарын өмнө БНХАУ-ын Хөх хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд тэргүүлсэн тэрээр энэ удаа БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан олон улсын уралдаанд шулуун замын 10 километрийн зайд 33.31 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарч, Монгол Улсын рекордыг анхлан тогтоожээ.
Энэ талаар сэтгэгдлийг нь хуваалцахад “Этиоп, Марокко зэрэг марафон гүйлтээр тэргүүлэгч 10 гаруй орны шилдэг 100 гаруй тамирчинтай өрсөлдөж, тусгай байрт шалгарлаа. Шулуун замын 10 километрийн зайдаа Монгол Улсын эмэгтэй тамирчдаас анхлан оролцсон учраас рекорд амжилт тогтоолоо. Монгол Улсаас ганцаараа оролцсон, одоо эх орон руугаа буцаж байна. Намайг бүх талаар дэмждэг Монгол Улсын Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хороо, дэмжигч компани, аж ахуй нэгжийн удирдлага, хамт олонд баярлалаа” гэлээ. Одоо түүний өмнө ирэх 12 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах марафоны гол тэмцээн нь хүлээж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!