ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Хойд бүс буюу Хөвсгөл, Булган, Орхон аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын асуудлыг хэлэлцүүлэхээр Булган аймагт энэ сарын 28-29-ны хооронд Булган аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймаг дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Булган аймаг дахь референт Д.Мөнхсайхан, Булган аймгийн Засаг даргын Тамгын дарга Д.Алтаншагай, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү болон цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны холбогдох төлөөлөлтэй хүний эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид Булган аймаг дахь албан томилолтын хүрээнд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөг зохион байгуулах, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төслийг төрийн байгууллагын албан хаагчид болон иргэд, олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх улмаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаж, зарим төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай товч мэдээлэл өгч, жендэрийн эрх тэгш байдал, хүүхэд хамгаалал тэр дундаа гэмт хэрэг, зөрчил таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хэрхэн хангасан талаар тодрууллаа.
Булган аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай “Аймаг, нийслэл, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024-2028 оны сонгуулийн дүнд МАН-аас 15, АН-аас 14 төлөөлөгч Иргэдийн хуралд сонгогдсон. Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн анхдугаар хурал 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдана.
- Аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлын нэг нь эрүүлжүүлэх байрыг стандартад нийцүүлэх шаардлагатай.
- Иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, 70347034 тусгай дугаараар иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авч байна. Хөдөө орон нутаг дахь иргэдийн зүгээс төрийн зарим үйлчилгээтэй холбоотой гомдол мэдээлэл ирүүлдэг. Гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэж, хариу өгч байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлд ХЭҮК, Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажилласан” гэдэг мэдээллийг өглөө.
Үргэлжлүүлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд ахиц дэвшил гарч байгаа ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Аймгийн хэмжээнд 2400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгагаас тэдгээрийн олонх нь хөдөлгөөний бэрхшээлтэй, 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалт буурч байгаа шалтгаан нь осол, гэмтэл, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг, зүрх судасны шалтгаант өвлөл голлох шалтгаан болж байна.
Түүнчлэн аймгийн хэмжээнд шүдний өвчлөл хүүхдүүдийн дунд түгээмэл байгаа нь ундны усны чанар, байгаль цаг уурын онцлог, хүнсний буруу хэрэглээнээс үүдэж байгааг албаны төлөөлөл мэдээллээ.
Уулзалтын дараа үргэлжлүүлэн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн хүрээнд “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төслийг Хөвсгөл, Орхон, Булган айгмийн төрийн холбогдох албаныханд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Ташрамд дурдахад, Булган аймаг нь 60 мянга гаруй хүн амтай, Засаг захиргааны хувьд 16 сум, 1 тосгон, 75 багтай. Нийт хүн амын 74.5 хувь хөдөө орон нутагт амьдардаг. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуйн салбар.
2023-2024 оны хичээлийн жилд бага сургууль 2, дунд сургууль 5, ахлах сургууль 15 нийт 22 сургуулийн 456 бүлэг хичээллэж байна. Бүтэн өнчин 13, хагас өнчин 315, малчны хүүхэд 5024 байна.
Гэр бүлийн хүчирхийлэл 211 бүртгэгдсэн нь 4.7 хувиар, хүүхдийн эрх зөрчил 26 бүртгэгдсэн нь 46.2 хувиар, танхайрах 78 бүртгэгдсэн нь 39.7 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын хөндлөнгийн үнэлгээгээр 2021 онд 36.49, 2022 онд 47.14 байсан бол 2023 онд 40.08 болж өссөн үзүүлэлттэй байна.
ХЭҮК-оос Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичигт тусгагдсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж үзэхэд:
- Хөрсний бохирдол үүсгэж хог хаягдал, нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэх
- Химийн хорт болон аюултай бодисын асуудалд анхаарал хандуулж, хүн, амьтан, хүрээлэн буй орчныг учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгуулан батлуулах
- Стандартын бус барилга тэр дундаа дотуур байрны дотор, гадна орчны аюулгүй байдал, усны хангамжийг сайжруулахад анхаарал хандуулж, төсөв, хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч хүүхдийн сурч боловсрох эрхийг хангаж ажиллах
- Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл, арга, ажиллагааг нэвтрүүлэх
- Аймгийн хэмжээнд халдварт өвчлөлийг бууруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамжийг сайжруулахад анхаарах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулах шаардлагатай гэж дүгнэгдсэн.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 21 аймаг тус бүрийн Засаг дарга нарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичигт тусгагдсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд асуудал, түүний хэрэгжилтийн нөхцөл байдалд 2023-2024 онд дүн шинжилгээ хийсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа Комисоос хийсэн дүн шинжилгээний дүгнэлтэд дурдсан асуудлуудад онцгойлон анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж, зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх тогтвортой байдлын зорилтын зарчмыг эрхэмлэж, хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг Комисс сануулсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!