Бүсчилсэн хөгжил, 14 мега төсөл, шинэ сэргэлтийн бодлого гээд Засгийн газрын "поп" зорилтуудад чирэгдсэн улсын төсөв ирэх онд элгээрээ хэвтэх үү, эргэлдүүлэх хөрөнгөтэй болж өндийх үү гэдгийн заагт яригдаж байна.Учир нь бид Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүнтэй төсвийн төслийг удахгүй батлах гэж буй.
Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн зарлагыг 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогыг 33.9 их наяд төгрөг байхаар төлөвлөж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.93 их наяд төгрөгийн буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөсөн.
Тэгвэл ирэх оны төсвийн орлогын гол хөшүүрэг болох нүүрсний экспортын хэмжээ, нүүрс, зэсийн үнийн төсөөлөл, зах зээлийн бодит ханшийн талаар УИХ-ын нэр бүхий гишүүдээс асуухад тодорхой хариулт өгч чадаагүй юм.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Надад бол ерөнхий баримжаа л байна. Нүүрс бол гол орлогын 70 хувийг эзэлж байгаа. Тэнцвэржүүлсэн үнэ 115 билүү 129 ам.доллар ч билүү байсан. Цаасан дээр янз бүрээр л тоонууд бичигдэж байна. Ирэх онд экспортлох нүүрсний хэмжээг 80 сая тонн гэсэн байх. Миний хувьд ерөнхий хувийг нь л харсан болохоос нарийн тоо, хэмжээгээр нь харж амжаагүй байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Ямар деталчилсан асуулт асууж байна вэ. Ер нь бол төсвийн төсөл гэсэн бүтэн нэг ном бий. Би өөрийнхөө нийгмийн чиглэлийн төсвүүдийг их анхаарч байгаа учраас яг үнэндээ эдийн засгийн чиглэлийн тоонууд цээжинд алга байна.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Ирэх онд экспортлох нүүрсний үнэ, хэмжээг хараахан харж амжаагүй байна. Ирэх оны төсвийн орлого болон зарлагыг хараад болгоомжилж байгаа зүйл бий. Яагаад хэт өөдрөгөөр төсөөлсөн бэ гэхээр гол орлого нүүрсний экспортооос хамаарах юм. Гэтэл түүхий эдийн үнэ тонн тутамдаа тогтвортой байж чадах уу гэдэг нь том асуудал. Нөгөө талаас ЗГ 14 мега төсөл урагшлуулна гэж байгаа. Үүнийг дэмжинэ. Гэхдээ импортыг дэмжсэн маш том тэлэлтийг бий болгох эрсдэл харагдаж байгаа. Үүний үр дагаварт Мөнгөний бодлогоын хүү буурах, ААН-д олгох зээлийн хүү буурах боломж харагдахгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Монгол Улсын төсвийн орлогын гол эх үүсвэр болох нүүрсний борлуулалтын тэнцвэржүүлсэн үнийг харсан. 129 ам.доллар гэж байсан. Гэхдээ үүнийг баталгаатай биелэх үнэ гэж олон улсын байгууллагаас үзэхгүй байгаа. Экспортын хэмжээ бол төлөвлөгөөндөө хүрч болох ч үнэ төсөөлсөн шигээ байж чадахгүйд хүрэхэд бид одоо батлах гээд байгаа өндөр зарлагаа хэрхэн нөхөх вэ гэдэг тооцоолол давхар байх ёстой юм билээ. Харин зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх прогнозыг эдийг засагчид гаргасан юм билээ. Би төсвийн төслөөс зэсийн үнэ ханш, экспортын хэмжээг харж амжаагүй байгаа.
Миний хувьд 2025 оны төсвийн төслийг боломжийн хэмжээнд судалж үзсэн. Гэхдээ огт мэдэж, мэдээлэл авч чадахгүй зүйлс бас бий. Ялангуяа мега төслүүдийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд үндэслэлийг нь тайлбарлуулж чадахгүй байгаа. Аргаа бараад холбогдох яамдуудад албан бичиг явуулсан байгаа.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Нүүрсний экспортыг өмнөх жилүүдийнхээсээ өндөр төсөөлөлтэйгөөр төсөлд тусгасан юм билээ. Гэтэл дотоод хүчин зүйлээс үл хамаарч БНХАУ ирэх онд өөр улсаас нүүрс авахаар болбол, эсвэл импортын хэмжээгээ бууруулвал яах вэ гэдэг асуудлыг тооцоолохгүйгээр хэт өөдрөг төсөөллийг амлаж байгаа нь буруу. Үүнээс гадна зарлага талд нь харахад хэдэн жил дамжин хэрэгжиж байгаа дуусдаггүй төслүүд ч байна. Нэн шаардлагатай төслүүдээ оновчтой эрэмбэлж, түүн рүү төсвийн зарцуулалтаа чиглүүлдэг баймаар байна. Дээр нь түүхэндээ байгаагүй өндөр дүнтэй төсөв ярьж байгаа хэр нь нөгөө талд хэрэв орлогоо биелүүлж чадахгүй бол яах вэ гэдэг эрсдэлийн менежментийг хийх шаардлагатай гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Ирэх онд экспортлох нүүрсний хэмжээ 80 гаруй сая тонн билүү 84 орчим сая тонн гэж байсан байх. Ер нь одоо хэлэлцэгдэж байгаа төсөв бол хэтэрхий уул уурхайг дагасан, шүтсэн байдалтай байгаа. Экспортын тоо хэмжээ, үнийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн байсан. Бодит үнэн гэвэл бидний экспортын орлого БНХАУ-ын худалдан авалтаас шууд хамаарна. Гэтэл ирхэ жилүүдэд хэчнээс тонн нүүрсийг ямар тээвэрлэлтээр хийж, хэдэн ам.долларын үнээр борлуулах эсэх нь одоо хүртэл бүрэн тодорхой болоогүй байгаа. Тэнцвэржүүлсэн үнийн тухайд нүүрс 129 ам. доллар гэж байсан байх.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Миний хувьд төсвийн төсөл танилцуулж эхэлснээс нь хойш л анхаарч байгаа. Саналуудаа УИХ дахь Байнгын хороонд болон чуулганы хуралдаанд илэрхийлээд л явж байна. Би нүүрс, зэсийн үнийг төсвийн төсөлд хэрхэн тусгасныг одоогоор олж хараагүй байна. Зах зээлийн ханшийг ч судлаагүй байна. Гэхдээ их өөдрөгөөр төсөөлсөн байсан. Нүүрсний экспортын хувьд 80 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөж байгаа.
Сануулахад, Ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32,8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэхээр төсөөлж буй. Түүнчлэн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 129 ам.доллар, зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 7491 ам.доллар байхаар төсөөлсөн байдаг.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!