Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргыг хэзээ солихыг МАН шийддэг болохоос АН мэддэг юм биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 20 секунд
Гэрэл зургийг MPA.MN / Edited by UBN.MN

УИХ-ын гишүүний албан тушаал, тамга тэмдэг, бас бус эрх мэдлийн төлөө хуурамчаар түр нэгдсэн АН-ынхан дахиад жийлцээд эхэллээ. Лу.Гөнтөмөр угаасаа үзэл санааны нэгдлийн төлөө биш ан цавыг нь нуугаад ч байсан хамаагүй АН-ыг бүтэн болгож харуулах гэж зүтгэсэн нь энд хүрээд төгсөж байх шиг байна.

Гэхдээ тэд аль хүртэл хагарч, хаа хүртэл эрх мэдлээ булаацалдах нь дан ганц АН-ын хүслээр болохгүй. Тэд ийм эрх мэдэл, үнэт зүйлээ МАН-д хулгайлуулаад багагүй хугацааг үдлээ.

НЭГ. АН-ынхны засагт хамтарсан “Бал сар” дуусаж, дараагийн ээлж өлдөж эхлэв

Өчигдөрхөн хамтар засгийн үртэс, үйрмэгээр голоо зогоож багагүй баярлаж суусан АН-ынхан өнөөдөр хамтарсан засагт орсон Лу.Гантөмөрөө нүд үзүүрлэж эхлэв. Хусам нь багадсандаа биш ихэнх нь ямар ч хусамгүй үлдчихээд байгаад л гол асуудал байна. Үүнийг нь “Женко” Х.Баттулга сайтар өрдөж, 2027 оны сонгуулийн өмнө ямар ч хамаагүй үнээр намаа авах гэж улайрч эхлэв. АН-ыг авдаггүй юм аа гэхэд АН-аас түүний талын хүн нэр дэвших ёстой. Хэрвээ У.Хүрэлсүхийн тахилыг зөв өргөж, доороос нь сайтар АН-аараа ивээд өгвөл өөрөө ч дахин Ерөнхийлөгчид үзэх шаанстай. Тиймээс л тэр өнөөдөр АН доторх “Намын даргадаа хариуцлага тооцох” аяныг алсаас алга ташин удирдаж суугаа.

Саяын бүх сонгуульд “Женко” л хожсон. Түүнийг иргэд сонгохгүй байна уу, үгүй юу хамаагүй. Одоо нийслэлийн АН-ыг нь Лу.Гантөмөр ч юм уу, “Нэг Монгол”-ынхон авна гэж дураараа дайрахгүй. Ингэвэл Лу.Гантөмөрийг чирч унах өрөг хэдийнээ угсрагдсан. Нөгөө талд нь албан тушаалд дурлагсад үүнийг нь дагуулж тонгороод намаа авах. Цаашлаад засагт ч орох адын санаа тээж явна. Юутай ч АН-ынхны засагт орсон “бал сар” энд хүрээд өндөрлөж байна. Одоо тэд өлдөнө...

ХОЁР. АН-ын даргыг солихыг МАН шийддэг болохоос АН мэддэг юм биш

Гачлантай нь намын дарга Лу.Гантөмөртөө хариуцлага тооцох уу, үгүй юу. Эсвэл Лу.Гантөмөр нь би болих уу, үгүй юу гэдгээ өөрийн дураар шийдэхээ болиод удаж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын даргыг солихыг, томилохыг АН мэддэг юм биш. Энийг Ардын нам мэддэг болоод удаж байна. Анхнаасаа мордохын хазгай гэгчээр АН-ын дарга нар нь МАН-тай гүйж очиж сүлбэлддэг хорлонт үйлдэл нь эцэст нь АН-ыг өнөөдөр ийм байдалд хүргэж буй юм. Тиймээс Лу.Гантөмөрт хариуцлага тооцно гээд яваад байгаа АН-ын эрхэм гишүүд та бүхний хүслээр өнөөдөр юу ч шийдэгдэхээ болиод удчихсан байгаа шүү.

АН-ынхан нэгнийгээ огцруулах, унагах, намын даргаа томилох, сонгуулийн нэр дэвшүүлэлтээ хийх, гүтгэх, гутаан доромжлох, шоронд хийхээ хүртэл МАН-ын зөвшөөрөл, тусламжтайгаар хийсээр ирсэн. Лу.Гантөмөр хэрвээ огцорвол Тэргүүн шадар сайдын сэнтийгээ ч алдана. Тэргүүн шадар сайд нь үгүй болчихвол хамтарсан засаг ганхаж эхэлнэ. Яахав, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн адил гээд Э.Одбаяр шиг өөрсдийнхөө адисалсан өөр нэг нөхөрт Ардчилсан намын даргын тамга, сайдын суудал хоёрыг түрээсэлж болох л байх.

Дахиад хэлье. АН-ын даргыг солихыг МАН шийддэг болохоос АН мэддэг юм биш.

ГУРАВ. Лу.Гантөмөрийн “мордохын хазгай”

Лу.Гантөмөрийг анх намын дарга болоход нь л мордохын хазгай болчихлоо гэж бичиж байсан санагдана. Тэр мордохын хазгай нь бүр хэрээс хэтэрч сая сонгуулийн дараа бүр буруу тийшээ хараад суучихав. Энэ нь АН-ыг бараг л хувьчилж авах санаатай Х.Баттулгад л багагүй олз болно. Дунд нь ажил хийе гэсэн, үзэл санаа тээгч болчих гэсэн залуучууд л ихээхэн хохирч үлдэх байх. Анх томилогдохдоо л намынхаа бүх фракцыг эвлүүлж байгаа нь энэ гээд шагайсан болгонд нь “За” гээд хэлчихсэн. Үзэл санааны туг хатгаад түүнийг тойрох хүмүүсээ л цуглуулж чадаагүй нь түүний том алдаа. Эвлүүлэх гэж байгаа нь энэ гэх өндөгний үлгэр эцэстээ өөрийг нь хүн бүрт өрөнд оруулж, өрөө төлж чадахгүй нэгэнд нь дайсан болж сууна.

АН-ын асуудал эрх баригчдаас хэт хараат болсны өөр нэгэн тод илрэл бол Лу.Гантөмөр намын дарга болсон цагаасаа хойш хоёр жил гаруй хугацаанд намын генсекээ ч томилж, жинхэлж чадсангүй. Сонгууль дуустал генсекээрээ “МАН-ын БЭТ”-г ажиллуулж байгаад сүүлд нь гишүүн, бүр сайд болгоод орой дээрээ залсанд жирийн гишүүд нь хүртэл үнэндээ хорсож байна лээ. Мөн саяын УИХ-ын сонгуулиар дургүйд хүчгүй гэгчээр бүх зүйлээрээ дутуу орсон. УИХ болон орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэлт нь МАН-ын чигчий хурууны чилээгч гаргахгүй сул өрсөлдөгчид байсан. Сонгуулиудад Лу.Гантөмөр тэргүүтэй АН-ынхан дотоод нөөц боломжоо ашиглаагүй зэрэг нь АН-ыг өрсөлдөгч Ардын намаасаа ил далдаар хамааралтай болсныг шууд илтгэж буй юм. Намын гишүүд нь ч үүнийг удаа дараа хэлж, шүүмжилж харагдана лээ.

Нөгөө талд нь Ардын намын дарга дээр гүйж очиж тохироо хийгээд тамга, тэмдгээ авчихаар тамгатайгаа, өөртэйгөө, намтайгаа хамт МАНГАСУУДЫН аманд орчихож буй юм. Өнөөдөр нам доторх “цөөврүүдээс” нь Ардын нам түүнийг хамгаалах боловч, маргааш тэр хэрэггүй болбол шууд хаяна. Ингэсэн цагт намын гишүүд нь ёстой ч нэг хорсолтойгоор дэвслэх биз.

Өөрөөр хэлбэл, АН-ыг тушааж хувьдаа эрх мэдэл олдог, МАН-ын хамгаалалтад орж амь аврагддаг байдал эцсийн дүндээ өөрт нь уналт, намд нь сүйрэл. Монголд ардчиллын гүнзгий гажуудлыг л авч ирнэ. Одооноос эхлээд өөрийн дүрмээр тогло.

Г.Лхагвадорж

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа 18,600 гаруй аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь хаягжилтын стандарт мөрддөггүй
Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа 18,600 гаруй аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь хаягжилтын стандарт мөрддөггүй
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.