Бүгд найрамдах ардчилсан Конго улсад улаан бурхан өвчний улмаас 6000 гаруй хүн нас барсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
ДЭМБ мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “дэлхийн хамгийн хүнд улаан бурхны дэгдэлт”-тэй тэмцэхэд нөөц боломжоор туслахыг олон улсын хамрагч, байгууллагуудад уриалжээ.
Өнгөрсөн жилээс хойш Конго улсад 310 мянга гаруй улаан бурхны болзошгүй тохиолдол бүртгэгджээ. Хөрөнгө мөнгөний хомстолтойн улмаас өвчний дэгдэлтийг зогсооход “томоохон бэрхшээл” учирч байна гэж ДЭМБ-аас мэдэгджээ.
Олон улсын дэмжлэгтэйгээр таваас доош насны 18 сая хүүхдийг вакцинжуулсан ч, дархлаажуулалтын хэмжээ бага байсаар байна. Конго улсад бүртгэгдэж байгаа улаан бурхан өвчний тохиолдлын 25%-ийг таваас доош насны хүүхдүүд эзэлж байна.
ДЭМБ-аас 27.6 сая доллар төсөвлөсөн ч, 6-14 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаын тулд дахиад 40 сая доллар хэрэгтэй байгаа аж.
Улаан бурхан өвчин бол ханиаж, найтаах үед агаарт цацагдаж, амьсгалын замаар хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин. Өвчний дархлаагүй хүн амьсгалын замаар халдварлаж, ихэвчлэн бага насны хүүхдэд элбэг тохиолддог.
Бүгд найрамдах Конго улс улаан бурхан өвчнөөс гадна Эбола вирусийн халдвартай тэмцэж байгаа. Эбола бол дэлхийн хоёр дахь том, үхлийн аюулд хүргэдэг өвчний тахал юм. 2018 оны найман сараас эхэлсэн.
Конго улсын зарим хэсэгт цэргийн зөрчил, эрүүл мэндийн системд итгэх итгэл сул байгаагийн улмаас дэгдээд буй хоёр өвчинтэй тэмцэхэд саад учирч байна.
Улаан бурхан өвчний улмаас дэлхийд өнгөрсөн жил 140 мянган хүн амиа алджээ. Тэдгээрийн ихэнхийг таваас доош насны хүүхдүүд эзэлж байна.
Эх сурвалж: CNN