Газрын ховор элементийн төлөөх гадаадынхны “МАРАФОН” Монголд өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд Герман, БНСУ, АНУ, Польш, Франц, Вьетнам улсын Ерөнхийлөгчид ашигт малтмалын салбар буюу газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллах саналыг Монгол Улсад тавьж байв. Газрын ховор элемент нь хэдийгээр орц, хэмжээ нь бага ч гэсэн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг, өндөр технологийн “витамин” гэсэн үг. Учир нь газрын ховор элемент нь дэлбэлэх тэслэх бодис, радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, гэр ахуйн барааны үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, металлург гээд олон салбарт хэрэглэгддэг.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тонны нөөцтэй, зургаан орд илрүүлсний дөрөв нь том орд.
Парисын хэлэлцээр газрын ховор элементийг "ҮНЭ"-д оруулав
Парисын хэлэлцээрт 2015 онд 195 улс нэгдсэн бөгөөд энэхүү гэрээгээр дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн хоёр хэмд хязгаарлах, боломжтой тохиолдолд 1.5 хэмээс илүүгүй хэмжээнд барих зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Тиймээс тус хэлэлцээрт нэгдсэн орнууд хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашин хэрэглэх болсон. БНХАУ цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог бөгөөд 2023 оны эцэс гэхэд Японыг гүйцэж түрүүлснээр автомашины экспортоор дэлхийд тэргүүлэх төлөвтэй гэдгийг олон улсын агентлаг мэдээлсэн байдаг.
Мэдээж цахилгаан цахилгаан автомашины баттерейг үйлдвэрлэхийн тулд газрын ховор элемент хэрэгтэй. Тиймээс дэлхийн улс орнууд уг элементийн араас хоорондоо "жийлцэж" байгаа гэхэд буруудахгүй.
Л.Оюун-Эрдэнэ: Газрын ховор элементийг агаарын тээврээр экспортлох боломжийг судалж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд газрын ховор элементийг агаарын тээврээр экспортлох боломжийг судалж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Их Британийн "The Telegraph" сонинд өгсөн ярилцлагадаа "Монгол Улс газрын ховор элемент, зэс, ураны томоохон ордуудаа хилийн чанадад тээвэрлэхийн тулд хөрш БНХАУ-аас Тяньжин боомтоор нэвтэрдэг. Бид эдгээр түүхий эдийг агаарын тээврээр экспортлох боломжийг судалж байна. Эдгээр ашигт малтмалыг Их Британи руу Хятадаар дамжуулан далайн замаар эсвэл агаарын тээврээр тээвэрлэх арга зам бий. Бид Их Британи зэрэг томоохон орнуудтай энэ асуудлаар ярилцаж, цаашид тэдгээр ашигт малтмалыг хэрхэн тээвэрлэх талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.
Монгол Улс газрын ховор элементийг ялгаж боловсруулах хөрөнгө оруулагч татах хүртэл багадаа 10 жил шаардагдана
Эдийн засагч Н.Энхбаяр "Хөрөнгө оруулагчдыг татахын тулд эрх зүйн орчны хувьд тааламжтай нөхцлийг бүрдүүлэх ёстой. Үүнийг л улс төрчид сайн анхаарах хэрэгтэй. Гэхдээ өндөр технологи эзэмшээгүй компаниуд Монголд ирээд ямар ч нэмэргүй.
Газрын ховор элемент нүүрстэй адилгүй. Хүдрийг нь ялгаж элементийг нь боловсруулж чадахгүй бол шороо ухаж байгаатай л ижил. Иймд эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг хөрөнгө оруулагчид бидэнд хэрэгтэй.
Үүний тулд дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлж буй компаниудтай хамтран ажиллахад бид анхаарлаа хандуулах ёстой. Хил залгаа урд хөршид газрын ховор элементийг боловсруулах технологи, сүлжээ нь байна. Өнөөдөр дэлхийд газрын ховор элементийн ханган нийлүүлэлтийн том цэг нь Өвөрмонгол болсон. Эндээс олон улсын бүх том компани эндээс л импортолж байна. Энэ сүлжээнд манай улс орох тухай өнөөдрөөс бодох ёстой. Магадгүй манай улсын хувьд анхны алхам ч байж болно.
Монгол Улс газрын ховор элементийг ялгаж боловсруулах хөрөнгө оруулагч татах хүртэл багадаа 10 жил шаардагдана. Иймээс газрын ховор элементийг ашиглаж эхлэх болоогүй байна. Одоо бид байгаа нөөцөө бүрэн тогтоох асуудал яригдана" гэв.
Монгол газрын ховор элементийн 3.1 сая тонн нөөцтэй ч боловсон хүчингүй
Газрын ховор элементийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулбал хүчирхэг эдийн засагтай болохгүй юм гэхэд “сэхээнд орсон” эдийн засгаа сэргээх боломжтой гэж судлаачид тайлбарлаж буй. Учир нь газрын ховор элементээс хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай. Тиймээс нэг грамм цэвэр элемент нь 10-20000 ам.долларт хүрдэг гэж байгаа. Манайд нөөц нь бий ч технологи, боловсон хүчин байхгүй учраас салгалгүйгээр нэг тонныг нь 4000 ам.доллараар “Монгол газрын ховор элемент” компани экспортолдог гэх.
Өнөөдөр улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тонны нөөцтэй, зургаан орд илрүүлсний дөрөв нь том орд. Хэрэв судалгаа, шинжилгээ сайн хийж чадвал үүнээс ч олон орд илрүүлэх бүрэн боломжтой.
Үүнийг тоймлон тооцоход 10 тэрбум ам.доллар. Хэдийгээр нөөц эхний байдлаар тогтоосон ч ашиглалтын үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эргэлтэд орсон орд газар нэг ч байхгүй.
Энэ нь Монголд газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаарх хууль тогтоомж, тэдгээрийн олборлолт, үйлдвэрлэлтэй холбогдолтой эрх зүйн зохицуулалт байхгүйтэй холбоотой. Газрын ховор элементийн хүдрээс баяжмал гарган авах, цаашлаад элемент бүрээр салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардагддаг. Монголд энэ чиглэлд олборлолтын болон технологийн салбарт туршлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчин байхгүй.
Одоо харин төр засаг нь энэ салбарыг хөгжүүлэх үү, эс хөгжүүлэх үү гэдэг дээр онцгой анхаарах хэрэгтэй
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа "Газрын ховор элементийн нийлбэр исэл нь 17 элемент тус бүрийн ислүүдийг агуулсан нийлмэл бүтээгдэхүүн юм. Үүнийг түүхий эд хэлбэрээр нь зах зээлд нийлүүлж, зарж болно, аль эсвэл 17 элементээ ялгаж авах технологийн туршилтын дээжээр ашиглаж болно гэсэн үг. Элемент тус бүрийн ислийг ялгаж авахад мэдээж дахиад өөр төрлийн технологи шаардагдана, судалгааг явуулах шаардлагатай болно.
Бидний хэтийн зорилго бол гарган авсан нийлбэр ислээсээ элемент тус бүрийг ялгах юм.
Газрын ховор элементийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь үнэндээ алт, зэс, төмөр, нүүрс гэх мэт бусад ашигт малтмалын ордыг ашиглахтай адил биш бөгөөд шийдвэрлэх шаардлагатай хүндрэл бэрхшээлүүд нэлээдгүй гарна. Байгаль орчны асуудал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ бэрхшээлтэй гэж яриад л байвал энэ салбар хэзээ ч хөгжихгүй. “Төр”-“хувийн хэвшил”-“судалгааны хүрээлэн” гэсэн гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх замаар энэ салбарын асуудлыг шийдвэрлэж, хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Судлаачид бид хүдрээ баяжуулж, баяжмалаа боловсруулах технологио гаргаж байна. Судлаачид нь ажлаа хийгээд эхэлсэн гэсэн үг.
Одоо харин төр засаг нь энэ салбарыг хөгжүүлэх үү, эс хөгжүүлэх үү гэдэг дээр онцгой анхаарч төрөөс газрын ховор элементийн салбарт тусгайлан баримтлах бодлогоо нарийн тодорхойлж, хувийн хэвшилтэй, судлаачидтайгаа хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй болж байгаа юм.
Уг нь ч төрийн эрх баригч МАН 2020 оны мөрийн хөтөлбөрийнхөө 2.1-ийн “Хөгжилд хөтлөх мега төслүүд” хэсэгт “Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулна” гэж заасан байсан л даа. Зөв менежменттэйгээр ордуудаа ашиглавал мэдээж түүнийг дагаад манайд нарийн мэргэжлийн боловсон хүчний нөөцтэй болно, техник технологи сайжирна, үйлдвэрлэл өргөжинө, эдийн засгийн хувьд ч бие даасан улс болоход түлхэц болно гээд сайн талууд бишгүйдээ бий. Ордын ашиглалтыг дан ганц баяжмал буюу түүхий эд үйлдвэрлэж, экспортлохоор хязгаарлаж болохгүй л дээ. Бид өөрсдөө химийн аж үйлдвэрээ хөгжүүлж, баяжмалаас дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц, цэвэршилт өндөртэй газрын ховор элементийн нийлбэр оксидыг үйлдвэрлэх зорилттой байх хэрэгтэй" гэв.
Дэлхийн өндөр технологийн түүхий эдийн эрэлтийн “цонх” үед манай улс тоглогч байж чадах эсэх нь газрын ховор элементийн хайгуулын төслүүдийг эрчимжүүлэх эсэхээс хамаарна
Геологич, судлаач И.Халиунаагийн нийтлэлд "Монгол Улс газрын ховор элементийн ордуудын судалгаа, хайгуулын төслүүдээ эрчимжүүлэхтэй холбоотой Герман, Финланд, Япон улсын эрдэмтэдтэй хамтарсан судалгааны ажлыг эхлүүлж байна. Дэлхийн өндөр технологийн түүхий эдийн эрэлтийн “цонх” үед манай улс тоглогч байж чадах эсэх нь газрын ховор элементийн хайгуулын төслүүдийг эрчимжүүлэх, ашиглалтын шатны хөгжүүлэлтийг дэмжиж төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахаас хамаарна. Одоогоор Монгол Улс 3 сая тонн нөөцийн “хөзөртэй”-гөөр дэлхийн ховор элементийн зах зээл дээр өрсөлдөхөөр байна.
Геологийн тогтцоор онцлог ийм ордуудын тод жишээ бол Монголын Халзан бүрэгтэй орд юм. Монгол Улсад одоогоор хамгийн идэвхтэй хөгжүүлж буй Халзан бүрэгтэй орд нь 1.2 сая тонн нөөцтэй.
Халзан бүрэгтэй орд эдийн засгийн хувьд үр ашигтай болохын илрэл юм. Мэдээж, ховор элементийн холимог баяжмал нь ялган боловсруулсан баяжмал шиг өндөр үнэд хүрэхгүй. Тиймээс газрын ховор элементийн олборлолтод бэлтгэж буй төслүүдийн ТЭЗҮ-ийн тооцооллын гол цөм бол боловсруулалтын технологи байдаг. Хүдэр гаргах, эсвэл баяжуулах шийдэл хэр шинэлэг, бодитой, баттай байна төдийчинээ төслийн үнэ цэнэ өснө. Ийм учир газрын ховор элементийг үр ашигтай, байгаль орчинд хор хөнөөл багатайгаар ашиглах технологиудын хөгжүүлэлт нь газрын ховор элементийн үнэтэй шууд хамааралтайгаар өсөж байна.
Энэ утгаараа дэлхийд цөөн оронд газрын ховор элементийн үйлдвэрлэл явагддаг. Гэвч тасралтгүй өсөн нэмэгдэх эрэлт нь Хятадын хараат байдлаас гарахыг эрмэлзэгчдийн хүслийг унтрааж чадаагүй.
Зах зээл, инновацын хүчтэй өрсөлдөөнийг бий болгох үндсэн шалтгаан ч энэ. Бидний сайн мэдэх алт, мөнгө гэх мэт металлуудтай харьцуулбал газрын ховор элементийн үнэ ханш, зах зээлийг ойлгоход амаргүй. Учир нь Лондоны металлын бирж, Даляны түүхий эдийн биржийн адил газрын ховор элементийг арилжаалдаг бирж гэж үгүй. Холимог баяжмал дахь ховор элемент бүрээр үнийг таамаглах боломжгүй байдаг. Зөвхөн худалдаачид, хэрэглэгчид гэсэн энэхүү зах зээлд оролцогчдын мэдээлэлд үндэслэн үнэлгээ, тандалтыг Argus Rare Earths зэрэг судалгаа шинжилгээний цөөн байгууллагууд л хийж байна.
Харин үнийн төлөв, хэтийн чиг хандлагыг монопол тоглогч орнууд тодорхойлдог. Уг зах зээлийг бүхэлд нь авч үзвэл Хятад улс гол хөдөлгөгч хүчин юм" гэдгийг онцолжээ.