Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 224 бөхийн бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, "Степ Гоулд" ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Б.Серик, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарлаа.
Долоод улсын харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, цэргийн арслан Г.Жамбалдорж нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд 3 сая, долоод үлдсэн бөхчүүд тус бүр 1 сая төгийн бай шагнал гардсан юм.
Маргааш 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Сайхан сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.