Аливаа улс орны эдийн засгийн солонгорсон нэг өнгө нь аялал жуулчлалын салбар байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэг үеэ бодвол Монгол Улс энэ салбарт анхаарлаа хандуулах болсон.
Өнгөрсөн 2023 онд Монголд нийт 640 мянган жуулчин ирсэн. Энэ нь хамгийн их жуулчин хүлээн авсан түүхэн жил байв. Улсаар нь задлан харвал, Оросоос хамгийн их буюу 217 мянган жуулчин ирсэн бол Өмнөд Солонгосоос 139.8 мянган жуулчин иржээ. 2023 онд аялал жуулчлалын салбарт 1.3 тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, нэг жуулчнаас үлдэж байгаа мөнгөн дүн 2000 орчим доллар болж өссөн сайхан мэдээ байна.
Гэвч энэ сайхан мэдээний араас нөгөө л улиг болтол ярьдаг асуудлууд амь бөхтэй байсаар л. Жуулчид ирж, үнэ өсөхийн хэрээр үйлчилгээ “тэг” төвшинд байсаар.
Олон улсад аюултай аяллыг сонгогчид Монгол Улсыг зорьдог бол тав тухтай, тайван аялахыг хүссэн хүмүүс өөр орнуудыг сонгодог байна. Учир нь Монголын авто зам хамгийн их эрсдэл ихтэй, үүний дээр бие засах газрын асуудал маш хүндхэн байдаг талаар аялаад буцсан гадныхан ярьдаг аж.
Жуулчдын үзэхийг хүссэн байгалийн үзэсгэлэнт газар очход энхэл донхолтой замаар давхиж, элэг бөөрөө доргитол явдаг нь үнэн. Монголд жуулчид ирээд аялж зугаалах, цэнгэх, буудаллаж хоноглох, үзвэр үйлчилгээг тэгш хүртэж чаддаггүй байна. Тэр дундаа, хөдөө орон нутагт аялал жуулчлалын салбар огт хөгжөөгүй гэхэд болно. Ялангуяа модон жорлонгийн асуудал Монголын зорьж ирсэн гадаадынхны нүдийг бүлтийлгэхэд хүрдэг аж. Зуны халуунд хамаг ялгадас нь нүдэнд ил харагдаж, ялаа, батгана шавж үнэр танар нь хэтийдсэн модон жорлонгоор үйлчлүүлэхийн тулд гадаадынхан огьж бөөлжөөд эхэлдэг тухай аяллын компаниудын төлөөлөл ийн ярив.
-Модон жорлонд гүрийгээд орсон хэд нь гарч ирээд нэг хэсэгтээ юм ярихгүй, дуугаа хураачихдаг-
“Аялал мэдээлэл тээвэр шуудан” компанийн захирал Д.Батцэнгэл "БНСУ-ын аялагчид модон жорлонгийн талаар ямар ч төсөөлөлгүй ирдэг. Мэдээж бид ирэхээс нь өмнө нөхцөл байдлыг тайлбарлаж, зураг явуулдаг. Гэхдээ бодит байдалд ирээд шоконд ордог. Зарим эмэгтэйчүүд бие засаж чадахгүй гэдэг. Арга ядаад юм нөмөргөөд хээр бие засуулах гэхээр тэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнтэй тэнцэхүйц хүнд мэдрэмж авдаг талаар ярьж байсан удаатай. Модон жорлонд гүрийгээд орсон хэд нь гарч ирээд нэг хэсэгтээ юм ярихгүй, дуугаа хураачихдаг. Ямар ч юм үзэж харах, хүсэлгүй болоод аяллын эрч нь уначихдаг. Тэр мэдрэмжээ мартдаггүй гэх юм уу даа. Гүн шокноосоо гарах гэж уддаг.
Эцэст нь Монгол Улсыг хөгжил буурай, хүний анхдагч биологийн хэрэгцээг шийдэж чадаагүй гэцгээдэг.
Уг нь Монгол Улс аялах олон сайхан газартай ч үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр модон жорлонгийн асуудлаас болоод жуулчдын сэтгэл ханамж буурдаг. Энэ асуудлыг шийдэхгүй бол 21 дүгээр зууны босгыг давсан гэж яриад ч хэрэггүй. Жуулчдад тав тухтай байх нь хамгийн чухал.
Манай компани БНСУ-аас жуулчид авдаг. Ингэхдээ модон жорлонгүй газруудыг сонгож хөтөлбөрөө зохиодог. Мөн био 00, эсвэл өөрсдийн гар аргаар хийсэн 00-ыг ашигладаг. Жуулчдад бодит байдлыг тайлбарлаад 00 хэрэглэх хугацааг багасгахын тулд идэж, уух юмыг нь багасгаж, хоолны цагийг нь өөрчилдөг. Мэдээж биологийн хэрэгцээг ингэж хаах нь бүдүүлэг бөгөөд арга ядсан арга л даа. Ийм хэдэн аргыг ашигладаг. Гадаадад бол энэ асуудлыг хөнгөхөн шийддэг. 45 хүний суудалтай автобусанд 00 суурилуулсан байх жишээний. Энд, тэнд төлбөртэй 00 их. Европын орнуудад 1 еврогийн үнэтэй 00 их байдаг.
00 нь бизнес болоод ирэхээрээ хөгждөг юм байна лээ. Гэтэл монголчуудын сэтгэхүй нь энийг төрөөс хийх ёстой үнэгүй үйлчлэх ёстой гэх ойлголтоосоо салж чаддаггүй.
Бид жуулчдад сонголт хийлгэхгүйгээр шууд л модон жорлонд оруулж, зах зээлийн бус зарчмаар үйлчлээд байгаа нь буруу шүү дээ. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сайжруулж, дэд бүтцээ хөгжүүлж, шинийг санаачилж эрэлхийлэхгүй бол жуулчдыг татах бус үргээх нь" гэдгийг онцлов.
-Зам дагасан бүтээн байгуулалтад анхаарах шаардлагатай-
“Лүүк Монголиа” ХХК-ийн захирал Т.Баттулга хэлэхдээ “Аялал жуулчлалын салбар бол хүн бүрт хамаатай. Наад зах нь, малчин айлаас авхуулаад супермаркет, ресторан цаашилбал эмнэлэг даатгалын компани, банкны салбарт валютын орлого төвлөрүүлдэг. Энэ утгаараа аялал жуулчлалын салбар эдийн засагт үр өгөөжтэй.
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхааръя гэвэл дэд бүтцийг хөгжүүлэхгүй бол өөр зүйл яриад ч хэрэггүй. Жишээлбэл, орон нутагт зам дагуу түр саатаж буудаллах үйлчилгээний байгууламж маш цөөхөн.
Төрөөс жуулчдыг Монголд аялахыг урьж, ирүүлдэг атал стандартын шаардлага хангахгүй байна. Энэ нь өөрөө маш ичгүүртэй. Иймд дэд бүтэц тэр дундаа зам тээвэртэй холбоотой асуудлаа төр шийдвэрлээсэй гэж хүсдэг. Олон улсын стандартаар 100 км тутамд амрах цэгүүд байх ёстой” гэлээ.
-2023 онд жуулчны баазуудын нүхэн жорлонгийн тоо 2246-аар багассан-
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "2023 онд жуулчны баазуудын нүхэн жорлонгийн тоо 2246-аар багассан. Нүхэн жорлонг байхгүй болгохын тулд Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулгад "Ариун цэврийн байгууламжаа шийдээд өгвөл татвараас чөлөөлөх, хөнгөлнө" гэж заасан. 2024 онд хийж байгаа хоёр том ажлын нэг нь 118 отоглох цэг байгуулах ёстойгоос өнгөрсөн хугацаанд 34-ийг нь байгуулсан. Үүнийг бүгдийг нь хувийн хэвшилтэй хамтарч хийхээр төлөвлөж байгаа. Мөн 102 цэгт зам дагуу 00 хийхээр төлөвлөсөн.
2024 онд нүхэн жорлонтой байх юм бол ахиж сануулахгүйгээр тэр жуулчны баазыг шууд хаана. Өөр арга байхгүй. Тэгж байж жуулчдын сэтгэл ханамж сайжирна.
2023 онд аялал жуулчлалын салбар тэрбум доллар давсан орлоготой байсан. Харин 2024 онд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бүх хүмүүс тэрбумтан болох ёстой гэсэн зорилго тавьж байгаа" гэжээ.
Эцэст нь ...
Танил маань хагас жилийн өмнө Дорноговь аймгийн Хамрын хийдтэй танилцахаар явсан тухай ирээд нүдэнд харагдтал ярьж өгсөн юм. Хийдийн гэр буудалд орж хоолоо захиалчхаад “морь харчих” газар хаахнуур байгаа билээ гээд хайтал ганц онгорхой жорлонтой. Ганц онгорхой жорлонд орох аргагүй гээд хүмүүс баруун жалга руу унаа машинаараа яваад байсан гэнэ. Жалга руу нь очтол дээрдэх ч юм алга, цаасны хог гэж найгүй. Мань хүн сонирхоод ганц жорлон руу нь дөхөж очтол хөл гишгэх аргагүй өмхий үнэрт нь толгой нь эргэж, гадуурх ялгадсыг хараад өөрийн эрхгүй огиудас нь хүрэн, хоол идэх дур сонирхол нь алга болсон гэдгээ хуучилж байсан юм.
Монгол Улс хөгжихгүй байна, ард түмэн ядуу байна гэсэн үгс улиг болтол амнаас ам дамжин яригддаг. Гэтэл байгалийн үзэсгэлэнт газруудаараа гадныхны нүдийг хужирлаж хэдэн төгрөг олох боломжоо энэ мэт хоёрын хооронд асуудлаас болоод алдчихвал ёстой хайран л юм.