Улаанбаатарын утаа, түгжрэлээс залхсан иргэд Зүүн өмнөд Азийн орнууд руу дайжих болсон. Ялангуяа 2022 оноос Эрээн Жининь, Хөх хот, Вьетнам, Тайландыг зорих иргэдийн жим өдийг хүртэл үргэлжилсээр. “Жуулчин” компани өвлийн хамгийн эрэлттэй чиглэл болох Вьетнамын Фукуок руу нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 7-нд аялах хөтөлбөр гаргажээ. Төлбөр нь 4 сая 790 мянган төгрөг. Үүнд нислэгийн тийз, зочид буудал, хөтөч, орчуулагч, үзвэр үйлчилгээ бүгд багтана.
Өнөөдрийн байдлаар тур компаниудаар дамжуулан аяллын хөтөлбөртэйгээр Тайландын Пукет, Вьетнамын Фукуок руу 7 хоног аялах мөнгө нь 3.8-4.7 сая төгрөгийн хооронд байгаа нь Хөвсгөл, Булганаар аялснаас илүү хямд үнэтэй тусах болжээ. Энэ мэтчилэн шалтгаанаар дотоодын жуулчид гадаад руу дүрвэсээр.
Тухайлбал, 2023 оны арваннэгдүгээр сард 24,927 иргэн, 2024 оны арваннэгдүгээр сард 28,296 иргэн аялахаар дээрх улсыг зорьжээ.
Ямар сайндаа "Тайланд, Фукуокт танихгүй монгол хүн алга" гэх үг хүртэл гарч байх вэ дээ. Статистик тоон мэдээллийг шүүж үзвэл 2022 онд нийт 83 мянга, 2023 онд 230 мянган хүн гадагшаа аяллаар явжээ. 2024 оных бүрэн эхээрээ хараахан гараагүй ч 2024 оны эхний хагас жилд манай улсаас 1.2 сая иргэн Хятад, Вьетнам, Солонгос улс руу зорчсон байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 389 мянган хүнээр өссөн гэсэн үг.
- Ноён “ногоон”-ы ханш 7-8 төгрөгөөр чангарч, төгрөг сулрав -
Үүний цаана Монгол Улсын валютын урсгал триллион триллионоор гадаадын зах зээлд эргэлдэж буй. Энэхүү валютын урсгалын алдагдал нь төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй гэсэн үг.
"Найман шарга" валют арилжааны төвийн ченжүүд "Өвлийн улиралд гадагшаа аялах хүмүүс ихэссэн. Тэр хэрээр валют солиулж байна. Ам.долларын нөөц бага, олдохгүй байгаа учраас хүмүүс юань солиулж байна. Энэ нь гадаад валютын эрэлт нь их байна л гэсэн үг шүү дээ" гэцгээж байна.
Гэхдээ Монголд ирж буй гадаад жуулчдын орлого нь энэхүү дарамтыг тодорхой хэмжээгээр тэнцвэржүүлэх боломжтой юм.
Монголбанкны зарласан өчигдрийн албан ханшаар ам.доллар 3427.88 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь оны эцсээс /2024.12.20/ хойш ноён “ногоон”-ы ханш 7-8 төгрөгөөр чангарч, төгрөг суларсан гэсэн үг юм. Албан ханш ийнхүү чангарч байгаа нь гадаад валютын нөөцийн өсөлт, инфляци халах болон төв банк валютын ханшаа өсгөх замаар гадаад валютын эрэлт хэрэгцээг тодорхой хэмжээгээр зохицуулахыг зорьсон байх магадлалтай.
Ийнхүү төгрөг цаас болж амралт худалдаа үйлчилгээний газрын үнэ тэнгэрт хадсан нь иргэдэд санхүүгийн дарамт болоод удлаа. “Хэт үнэтэй бол хүн ирэхгүй, тэр газар дампуурна. Тэр газар хүн ирээд байвал дахин ирэх хүмүүс нэмэгдээд л байдаг" гэх үг бий.
Тэрэлж, Фукуок хоёр дээр ор хоногоор нь бодохоор Тэрэлж 250 мянган төгрөг, Фукуокт 170 мянган төгрөг байх жишээний.
- Валютын урсгалыг аялал жуулчлалаас илүүтэй эмчилгээ гадагш урсгаж байна -
Эдийн засагч Н.Энхбаяр "Валютын урсгалыг аялал жуулчлалаас илүүтэй эмчилгээ гадагш урсгаж байна. Тиймээс гадагшаа явж эмчлүүлж байгаа өндөр дүнтэй эмчилгээг эх орондоо хийх талаар төр илүү анхаарч судлах ёстой. Эхний ээлжид хийх ёстой алхам нь оношилгооны лабораторийг хүчин чадлыг сайжруулах.
Ядаж хагалгаа биш юмаа гэхэд оношилгоогоо дотооддоо хийдэг болмоор байна. Хамгийн гол нь тэрхүү оношилгоо нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгддөг байх нь валютын урсгалыг багасгахад маш чухал алхам болно.
Иргэд гадагшаа эмчилгээ, оношилгоо хийлгэхэд хамгийн багадаа 2-3 удаа явдаг. Эхлээд очиж оношлуулна, дараа нь хариугаа авах гэж очно. Сүүлийнх нь эмчилгээ, хагалгаа хийлгэнэ.
Хэдийгээр Монгол Улс дотооддоо аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа боловч дэд бүтцийн хувьд хангалттай сайн биш. Адаглаад агаарын тээврийн олон нислэгийг тогтмол үйлддэг байх ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Ялангуяа 6-8 сард нислэг олдохгүй байх жишээний. Галт тэрэгний үйлчилгээг олон улсын хэмжээнд хүргэж чадвал Зүүн өмнөд Азиас ялангуяа хятадаас ирэх жуулчид галт тэргээр ирэх бүрэн боломжтой. Бээжингээс Монгол руу хонохгүйгээр ирэх газар заавал онгоцоор ирүүлэх шаардлагагүй.
Дэд бүтцээ хөгжүүлж чадаагүйгээс болоод аялал жуучлалын салбар хөгжихгүй байна. Түүнээс биш Монголд хөшөө дурсгал дутаад байгаадаа биш" гэдгийг онцлов.
Бодит байдал дээр өнөөдөр хээр тал, уул горхиноос өөр гайхуулах зүйл Монголд алга. Гадаад, дотоодын жуулчид ч тоож “аялах”-гүй байгаа нь гашуун үнэн. Хөрш зэргэлдээ Тайланд, Вьетнам аялал жуулчлалын бүс болж хөлжсөн байхад Монголын эдийн засаг Эрээнээс хараат байна. Энэ дөнгөнөөс гарах чухал хөшүүрэг нь аялал жуулчлалын салбар.
Валютын урсгалыг богино хугацаанд татах ёстой тэд анхаарлын гадна орхисон дотоодын жуулчдаа торгоож үлдээхэд эргэж харах цаг нь болсон бололтой.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!