Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Онон: 20 гаруй жил урлаг, уран сайхан гэж яваад хүүхдүүдтэйгээ ойрхон байх хугацаагаа алдчихсан байсан

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 22 секунд

“Х-ТҮЦ” продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ононтой ярилцлаа.

Олон сайхан дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшиж, хошин урлагийн ноён оргил гэгдэж "Х-Түц" продакшны гал голомтыг өнөөдрийг хүртэл таслалгүй үргэлжлүүлж яваа эрхэм бол яах аргагүй МУГЖ Н.Онон юм.

-“Х-ТҮЦ” продакшн 7 жилийн дараа дахин тайзнаа нэгдэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-2017 оны хавар дөрөвдүгээр сараас хойш “Х-ТҮЦ” продакшн тайзан дээр шоу тоглолт тоглоогүй. Өнгөрсөн жил "Зохиолгүй амьдрал" гээд инээдмийн жүжиг тоглосон. Долоон жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан учраас сэтгэл их сайхан байна.

-Шинэ тоглолтынхоо талаар товчхон мэдээлэл өгвөл. Хуучны номеруудаа сэргээж тоглож байгаа гэж сонссон?

-Хоёр цаг гаруй үргэлжлэх уран бүтээл. Долоон жилийн дараа тоглогдож байгаа учраас олон хүнд хүрсэн нэг номероо сэргээж тоглож байгаа. Манай Аглуугийн брэнд болсон 5-хан минутын номер. Бусад нь бүгд шинэ уран бүтээл.

-“Х-ТҮЦ” продакшныхан УДЭТ-ын жүжигчид байсан. Анх театраас гарахдаа юу хүсэж мөрөөдөж байв?

–Театрт байх үедээ Одноо, Аглуу бид 3 хамтарч тоглолт хийж үзье гэж их ярьдаг байсан учраас 2000 онд театраасаа гарсан. Театраас гарахад бидэнд ямар ч айдас байгаагүй. Залуу ч байсан. Зоригтой ч байсан. Өөрсдийн продакшнаа байгуулаад амжилттай явна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан учраас шууд шийдээд л гарчихсан. Театрын жүжигчид удирдлага ямар жүжигт тоглуулахыг хүснэ, түүнд л тоглоно. Тиймээс бид өөрсдийн хүслээр уран бүтээлээ хийж алдаа, оноогоо өөрсдөө дүгнэхийг хүссэн юм. Үндсэндээ өөрсдийнхөө төлөө явж үзье л гэж бодсон. Одоо ч бид хамтлагийнхаа залуучуудад үүнийг хэлдэг. Зөвхөн "X-ТҮЦ" гэж хайрцаглагдахгүйгээр хүссэн зүйлээ хий. Кино, шоу юу байна хүссэн уран бүтээлдээ хүссэн дүрээ гарга гэж хэлдэг. Долоон жилийн хугацаанд чөлөөт уран бүтээлч байж, хүссэн уран бүтээлдээ тоглосон залуучууд өнөөдөр эргээд цуглахад маш их өөрчлөгдөж, ахиж дэвшсэн байна. Чадвартай болсон нь мэдрэгдэж байгаа.

-Театраас гарахдаа тавьсан зорилгодоо хүрч чадсан уу?

-Гарсан жилээсээ эхлээд л маш амжилттай ажиллаж эхэлсэн. Зорилгоо давуулан биелүүлсэн гэж ойлгож болно. Бидний амжилтыг хараад маш олон хүн театраас гарах сонголтыг хийсэн.

-Та яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Зүгээр л хор, шар юм даа. Аав, ээж хоёр маань эмч болохоор намайг эмч болгоно гэдэг байсан юм. Би дунд сургуулиа төгсчхөөд яахаа мэдэхгүй л байлаа. Харин нөгөө ангийн хоёр хүүхэд ОХУ-ын жүжигчний сургуульд тэнцчихсэн байна гэж дуулддаг юм байна. Хүүхэд юм болохоор сонирхоод очлоо. Н.Нямгаваа найруулагч шалгаж авч байна. Даанч шалгалт нь дуусчхаж. Гуйж байгаад шалгууллаа. Шалгасан хүмүүс нь намайг “Чи хэзээ ч урлагийн хүн болж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь л шар хөдөлчихсөн.

Мөн намайг урлагийн хүн болгоход миний нагац эгч хамгийн их түлхэц болсон. Маш их тусалсан. Тэр үед намайг жүжигчин болж чадах үгүйг минь шалгуулахаар Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай дээр авч очсон юм. Харин Гомбосүрэн гуай “Миний олон жилийн туршлага байна. Чи жүжигчин болж чадна, чадах хүүхэд байна. Үзээд алд. Хэрэв чадахгүй хүн байсан бол би үнэнийг л хэлнэ” гэж билээ. Тэр том хүн тэгж хэлэхэд л маш их урам орж билээ. Тэгээд л СУИС-ийн оюутан болж, жүжигчин болох гараа минь эхэлсэн түүхтэй юм.

-Урлагийн хүний хамгийн жаргалтай мөч ямар үед тохиодог юм бол?

-Бүтээл амжилттай болоод нүүр бардам ёслох тэр мөч л хамгийн жаргалтай үе байдаг юм даа.

-Таны хувьд тайзнаас холдсон долоон жилийн хугацаанд юу амжуулав?

-Олон ажил амжуулсан. Онцлоод хэлэх юм бол өнгөрсөн долоон жилийн хугацаанд аавынхаа үүргийг маш сайн биелүүллээ. Эхнэр, хүүхдээ ирэхэд хоол хийчихсэн урьд, хожид байгаагүй сайн аавын дүрд тоглолоо. Эхнэрээсээ чи их өөр болсон байна гэдэг үгийг ч сонсоод амжсан. Яагаад гэхээр өмнө нь би ажлаас өөр юм мэддэггүй, харьцахад их төвөгтэй, хүйтэн хөндий хүн байсан гэсэн. Би өөрөө мэддэггүй байсан юм байна лээ. Завсарлаад үзэхээр ойлгодог юм байна.

-Та өөрийгөө хэр сайн аав гэж дүгнэдэг вэ?

-Сайн аав байхыг маш их хичээдэг. Бас ээжийн сайн хүү байхыг ч хичээж байна. Энэ бол миний хүүгийн үүрэг, аавын үүрэг. Түрүүн хэлсэнчлэн 20 гаруй жилийн хугацаанд урлаг, уран сайхан гэж яваад ар гэрийнхээ бүх амьдралыг эхнэртээ даатгачихсан байж. Тэгж явсаар хүүхдүүдтэйгээ ойрхон байх хугацаагаа алдчихсан юм байна лээ. Сая хэсэг амсхийх хугацаандаа жаахан ухаараад эргээд хартал хүүхдүүд маань том болчихсон. Аавтайгаа юм ярьж, санаа оноогоо хуваалцдаг үе нь өнгөрчихдөг юм байна. Тийм учраас хожимдсон ч гэсэн сайн аав байхыг хичээж байгаа.

-Сошиалд хүүхдүүдийнхээ бичлэгийг их оруулдаг. Хүүхдүүд нь дургүйцэж байна уу?

-Охин маань дуртай биш. Намайг хүүхдүүд юу гэж бодох юм гээд дургүйцдэг. Товчхондоо, "Сошиал орчинд та өөрийнхөө ертөнцөөр яв. Би өөрийнхөө ертөнцөөр явъя" гэж хэлээд байх шиг байгаа юм.

-Хүүгийн хувьд?

-Хүү харьцангуй гайгүй. Одоо гадаадад сурч байгаа. Яваад жил гаруй хугацаа өнгөрч байна. Очсоноосоо хойш над руу нэг ч удаа залгаж үзээгүй. Дандаа ээж рүүгээ залгадаг. Эхнэрээсээ чи хүү рүүгээ залгаж үзсэн үү гэсэн чинь "Бараг залгадаггүй. Хүү л өөрөө залгаад, яагаад залгахгүй байгаа юм гээд байдаг " гэсэн. Гэтэл би эсрэгээрээ хүү рүүгээ залгаад яагаад залгахгүй байгаа юм гээд л үглэдэг. Ээж нь их ойрхон байсан болохоор тэгдэг юм болов уу даа. /инээв/

-Охин тань хэр их залгаж байна?

-Бараг залгахгүй. Ганцхан тохиолдолд залгана. "Данс руу мөнгө хийчих ааваа" гэж л залгадаг даа.

-Фантастик продакшны жүжигчин М.Баярбатын хуримын үеэр таны хийсэн рийл бичлэгүүд их хөгжилтэй байсан. Гэвч та хуриманд оролцож буй бичлэгээ тавиагүй. Та хуриманд оролцсон уу?

-Эхнэр бид хоёрын гэр бүл болсны 30 жилийн ой М.Баярбатын хуримын өдөр хоёр нэг өдөр таарсан. Том охин маань бид хоёрын хуримын ойг тохиолдуулж Вьетнамд амраасан юм. Тэнд очсоныхоо дараа М.Баярбатийн хурим болж байгааг мэдчихээд маазарч бичлэг хийгээд л яваад байсан юм. Тэд нар ч бас намайг хайгаад л яваад байсан юм байна лээ.

-Та хуриманд оролцсон уу?

-Оролцоогүй. Эхнэр бид хоёрын гэр болсны ойн өдрөөр М.Баярбатийн хурим болж таарсан учраас оролцож чадаагүй.

-Ойрын зорилгоосоо хуваалцаач. Шинэ тоглолтоо нээчихлээ. “Х-ТҮЦ” продакшн болон жүжигчин Н.Ононгийн дараагийн төлөвлөгөө юу бол?

-Бодож төлөвлөсөн маш олон зүйл байна. Цухас дурдахад, 2026 онд манай хамтлагийн 30 жилийн ой болно. Энэ хүрээнд маш олон уран бүтээл, арга хэмжээг төлөвлөсөн байна. Түүний эхлэл нь энэ тоглолт. “Х-ТҮЦ” продакшн үргэлжлүүлээд уран бүтээлээ хийгээд явна. Хувь Н.Ононгийн тухайд бол ажлаа ч амжуулна. Ар гэрээ ч анхаарна. Сайн аав, сайн хүү, сайн хань байхыг хамгийн их хичээнэ.

Оюутан цэргийн бүртгэл энэ сарын 11-ний 17.00 цаг хүртэл үргэлжилнэ
Оюутан цэргийн бүртгэл энэ сарын 11-ний 17.00 цаг хүртэл үргэлжилнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.