Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотод “Өөрчлөлтийн үед статистикийн байгууллагыг удирдах нь” бага хурал энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус хуралд Үндэсний Статистикийн Хорооны Хамтын ажиллагаа, арга зүйн хэлтсийн дарга С.Норов, Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн ахлах статистикч М.Оюунцэцэг нар оролцлоо.
Хурлын үеэр албан ёсны статистикийн шинэчлэл болон өөрчлөлтийн зааг үед статистикийн засаглал, чанарын удирдлагыг сайжруулах, мэдээллийн шинэ эх үүсвэр ашиглах, статистикийн хэрэглэгчид мөн бусад төрийн байгууллагын оролцогч талуудтай хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд тулгарч буй сорилт, сайжруулах боломжийн талаар онцлон хэлэлцлээ.
Түүнчлэн ҮСХ нь НҮБ-ын Европын эдийн засгийн комисс болон Бүгд Найрамдах Казахстан Улс, Гүрж улс, Бүгд Найрамдах Армени Улстай хамтын ажиллагааны хүрээнд албан ёсны статистикийн шинэчлэлийн загваруудыг уялдуулах, чанарын бодлого, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг боловсронгуй болгох чиглэлд сайн туршлагаа солилцож, зөвлөн дэмжиж байхаар тохиролцлоо.