Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Соёлмаа: Бие бялдрын түвшин тогтоох сорилоор 55-аас дээш насныхан сайн, 18-35 насныхан хангалтгүй үнэлгээ авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 52 секунд

Биеийн тамир спортын улсын хороо 21 аймаг 9 дүүргийн иргэдээс Бие бялдрын түвшин тогтоох сорил авч эхэлжээ. Энэ талаар БТСУХ-ны Спортын клубын магадлан итгэмжлэх хариуцсан мэргэжилтэн Д.Соёлмаагаас тодрууллаа.

-Бие бялдрын түвшин тогтоох сорилыг өнөөдрийн байдлаар хэчнээн хүнээс авсан бэ. Ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Бие бялдрын түвшин тогтоох сорил авах ажлыг 2023 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс улс орон даяар өрнүүлж эхэлсэн. Түүврийн аргаар 21 амаг, 9 дүүргийн 7000 хүнээс авахаар тооцоолсон. Өнөөдрийн байдлаар 50 хувьтай явж байна.

-Энэ сорилыг авах болсон шалтгаан юу вэ?

-Иргэдийн бие бялдрын хөгжил хөдөлгөөний идэвхийг тодорхойлох суурь судалгааг гаргах зорилгоор биеийн тамир спортын салбарын алба хаагчдыг түшиглэж судалгааны ажлыг эхлүүлсэн. 18-64 насны хүмүүсийг хамруулж байгаа. Судалгааны онцлогийн тухайд гэвэл иргэдэд идэвхтэй хөдөлгөөний мэдлэг, хандлага, дадал байна уу. Ямар орчинд идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж байна. Бие бялдрын хөгжил нь ямар түвшинд байна вэ гэдгийг суурь судалгаагаа болгож авч байгаа.

-Өнөөдрийн байдлаар 3000 гаруй иргэнээс сорил авчихсан байгаа юм байна. Ямар үр дүн гарч байгаа вэ. Урьдчилсан байдлаар дүгнэлт хэлбэл?

-18-64 насны хүмүүсийг сорилд хамруулж байгаа. Судалгаанаас харахад, ахмадууд буюу 55-аас дээш насныхан бие бялдрын хөгжлийн үнэлгээгээр сайн байдаг. Тухайн насандаа ачаалал даах чадвар, хурд, хүч гээд бүх талаараа сайн үнэлэгддэг. Шалтгаан нь маш энгийн залуу насандаа идэвхтэй хөдөлгөөнийг тогтмол хийдэг байсан. Автомашин хөлөглөхөөс илүү алхахыг чухалчилдаг байсан нь чухал нөлөө үзүүлдэг гэсэн үг. Харин 18-35 насныхан хангалтгүй үнэлэгдэж байна. Яагаад гэдэг шалтгаан нөхцөлийг нь судалж үзэхэд, завгүй, заал танхим хүрэлцээгүй гэх шалтгаанаар идэвхтэй хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэггүй. Ажил дээрээ өдөржин суучхаад гарахаараа машин хөлөглөчихдөг. Эдгээр нь 18-35 насныхны бие бялдрын хөгжлийн үнэлгээ хангалтгүй гарч байгаагийн гол шалгаан болж байна.

-Сорилоос гарсан үр дүнд тулгуурлаж ямар ажил өрнүүлэх вэ. Залуучууд хангалтгүй үнэлэгдвэл тэдэн рүү чиглэсэн ажил, арга хэмжээг өрнүүлэх болов уу?

-Мэдээж судалгааны үр дүнд тулгуурлаж, бодлогоо тодорхойлоод явна. Тухайлбал, идэвхтэй хөдөлгөөний мэдлэг, хандлага, дадал байна уу гэдгийг нь эхний ээлжид тодорхойлж гаргаж ирнэ. Мэдлэг, хандлага, дадал тогтоогүй бол энэ талын мэдлэг мэдээллийг өгч, дадал болгон төлөвшүүлэх ажилд онцгой анхаарч ажиллана. Бие бялдрын түвшин тогтоох сорилоор бие бялдрын хөгжил, ачаалал даах чадвар нь ямар түвшинд байна вэ гэдгийг нь тодорхойлж гаргаж ирнэ. Үүн дээрээ үндэслээд тодорхой ажлуудыг хэрэгжүүлээд явна. Иргэд ууланд алхахыг илүүд үзэж байвал ая тухтай алхах боломжоор хангаж, орчин нөхцөлийг нь сайжруулах, фитнес клубт хичээллэх сонирхолтой байвал тухайн хүний гаргасан үр дүн, хичээл зүтгэлийг бодитоор үнэлж, сайн үр дүнг урамшуулах гэх мэтээр бодлогоо тодорхойлж ажиллахаар төлөвлөж байна.

АН-аас Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна
АН-аас Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.