БНХАУ-д сарын 5 сая юанийн цалинтай ажилуулах сургаар Монгол Улсын 32 иргэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очсон бөгөөд аюултай хүнд байдалд байгаа гэх мэдээлэл цахим орчинд тараад буй юм.
Тэгвэл энэ талаар ГХЯ-наас тодруулахад " Одоогоор 8 иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон бөгөөд Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байна" хэмээсэн бөгөөд БНХАУ болон бусад улсад өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын улсад хөдөлмөр эрхлэхээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхаарууллаа.