Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Үерийн улмаас орон гэрээ алдсан 20 өрх шинэ суурьшлын бүсээс нүүгээгүй. Харин ус, цахилгааны асуудал хамгийн их тулгамдаж байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 10 секунд

Нийслэл хотод сүүлийн саруудад их хэмжээний бороо орж улмаар олон айл өрх эд хөрөнгөөрөө хохирсон. Тодруулбал, энэ сарын 05-ны өдөр нийслэл хотод орсон борооны улмаас уулын үер бууж, БЗД-ийн 21, 27, 29-р хороо буюу Дарь-Эх, Монел орчмын 360 айл, өрх үерт автсан юм. Үүний 47 айл орон гэргүй болсон бөгөөд Нийслэлийн ЗДТГ-аас эхний ээлжид 20 өрхөд бүрэн тавилгатай таван ханатай гэр гардуулан өгсөн билээ.

Гэвч нийгмийн сүлжээнд тэдгээр 20 өрхийг эхнээсээ гэрээ авч ирж хуучин бууриндаа буюу үерийн эрсдэлтэй бүсдээ нүүж очсон гэх мэдээлэл тархсан бөгөөд үүнтэй холбогдуулан мөн шинэ суурьшлын бүсэд байгаа тэдгээр өрхүүдийн нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

БЗД, Шинэ суурьшлын бүс "БОГДЫН АМ"

Ubn.mn сайтын сурвалжлах баг энхэл донхол ихтэй замаар шинэ суурьшлын бүсийг хайж хэсэг явав. Хотын захад байрлах тус газар төвөөс 2,5 км алслагдсаны дээр утасны сүлжээ барих боломжгүй байв. Түүгээр ч зогсохгүй тэдгээр айл өрхтэй ойролцоо ундны усны худаг байхгүйн дээр хараахан цахилгаанд холбоогүй байлаа.

Өдөр байсан болоод ч тэр үү ихэнх айлууд үүд хаалгаа цоожлон орхижээ. Цөөн хэдэн айлд хүн байх агаад зарим айлууд аль хэдийн дөрвөн тал хашаагаа хатган, нойлын асуудлаа шийдэн товхиноод амжсан байна.

Бид өдөр хоногийг аргацаан хуучин гэрийнхээ дээвэр, туургыг хатаан суух нэгэн эмэгтэйтэй ярилцсан бөгөөд тэрбээр,

Тог, усгүй учраас жаахан хэцүү байгаа ч шинэ гэртэй болсондоо баярлаж байна

"Манайх үер буухаас өмнө БЗД-ийн 27-р хороонд байсан юм. Одоо хуучин гэрээс маань үлдсэн зүйл ховор. Одоо үлдсэн хэдэн дээвэр, туургаа хатаагаад байж байна.

Үерийн дараа дүүргээс над руу холбогдоод Богдын аманд хүрээд ир гэж ярьсан. Нийт 20 өрхөд иж бүрэн тавилгатай таван ханатай гэр олгосон. Хулдаасыг нь хүртэл скочдож наагаад маш их сэтгэл гаргасан байна лээ. Үүнд маш их баярлаж байна.

Гэхдээ тоггүй, усгүй, нааш цааш явах унаагүй учраас хоол хүнсний асуудал хүнд байна. Дээр нь утасны сүлжээ ч мөн барихгүй байгаа. Нэгдсэн журмаар тог өгнө гэж ярьж байсан түүнийгээ хүлээгээд байж байна. Дээр нь үерийн дараа тогны утас алга болсон байна лээ. Тухайн үед гэрээ яах вэ гэж сандарснаас биш тогны утсаа огт санаагүй.

Мөн өөрсдөө хашаагаа хатгана гэхээр энэ жилдээ их хэцүү байх юм шиг байна. Мөнгө төгрөг муутай учир зээлээр ч хамаагүй хашаагаа хатгахыг хүсэж байна. Үерээс болоод ажлаа ч хийж чадсангүй. Эзгүй гэрээ үлдээчихээр гэрийг маань ачаад явчих вий гэж их айх юм. Ямартай ч нэг хашаатай болчихвол ажил хайна даа" хэмээв.

Шинэ суурьшлын бүсэд амьдрахаар болсон иргэд оройдоо л цугладаг гэнэ. Өдөр нь ажил төрөлдөө явдаг тул товхинож амжаагүй айл ч олон бий аж. Түүнээс гадна биднийг сурвалжилгаа бэлтгэх хооронд залуу хосууд хашаагаа барьж байсан бөгөөд тэдэнтэй ярилцахад,

Шинэ суурьшлын бүсэд буусан 20 айлаас нэг нь ч нүүгээгүй

"Шинэ гэр өгөөд дөрөв хонож байна. Өгснөөс нь хойш байж байна. Хорооноос яриад ирж газраа ав гэсэн. Даанч тог, ус байхгүй. Газан плитка авч ирээд хоол ундтайгаа золгож байна. Одоохондоо сүлжээгүй байгаа болохоор нааш, цаашаа холбоо барих боломжгүй байгаа. Доошоо төв рүү орохдоо л савандаа ус аваад ирдэг. Дээр нь бичиг баримтгүй болсон. Үерт урсгасан. Бас энд байгаа 20 гэр 20-лаа байгаа. Нүүж, буусан зүйл огт харагдсангүй.

Түүнээс гадна хичээл сургууль орохоор хүүхдүүдээ яаж хүргэж өгөх вэ. Тэр их асуудалтай байна" гэлээ.

Үерийн улмаас орон гэрээ алдсан 47 өрхийн ердөө 20 нь шинэ суурьшлын бүсэд амьдрахаар ирсэн нь энэ. Нийт 0,7 га газрыг эдгээр өрхүүдэд олгож, удахгүй гэрчилгээг нь өгөх асуудал яригдаж буй. Түүнээс гадна үлдсэн 27 айлд хандив тусламжаар болон бусад санхүүжилтийн эх үүсвэрээр гэр олгох талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд үерт өртсөн 313 айлд 5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэх талаар яригдаж буй.

Түүнээс гадна шинэ суурьшлын бүсэд амьдрахаар базааж буй эдгээр айл өрхүүд өнөөдрийн байдлаар арай тохижиж амжаагүйн дээр тоггүй, усгүй, утасны сүлжээгүй, бие засах газаргүй байгаа ч удахгүй эдгээр асуудал шийдэгдэнэ гэж итгэж байгаагаа хэлж байв. Мөн нийтийн тээврийн автобусыг хөдөлгөөнд оруулбал тухайн бүс нутагт амьдарч буй иргэдэд томоохон тус дэм болох биз.

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг нарын бүтээсэн “Монголын тал нутгаар 2000 километр“ шоу нэвтрүүлэг энэ бямба гарагт Централ телевизээр гарна
БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг нарын бүтээсэн “Монголын тал нутгаар 2000 километр“ шоу нэвтрүүлэг энэ бямба гарагт Централ телевизээр гарна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц