Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батсүх: “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат морьтой болон мотоциклтэй хүн дайраагүйг хариуцлагатайгаар мэдэгдье

Ангилал
Бусад
Огноо
Унших
7 минут 40 секунд

“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг асуудлаар “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын өмгөөлөгч О.Батсүхээс тодрууллаа.

-Цахим орчинд цацагдсан бичлэгтэй холбоотойгоор юуны өмнө таниас тайлбар авах гэсэн юм. Бичлэг дээр гарч буй үйл явдал юунаас үүссэн вэ?

-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт болсон бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Миний хувьд “Гацуурт” ХХК-ийн өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр ажилладаг. Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-Хүмүүсийг машинаар хөөж байгаа бичлэгийг юу гэж тайлбарлах вэ?

-Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. Өчигдөр буюу 2023.06.14-ний өдөр “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж Гацуурт ХХК-ийн ажилчдыг зодож танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж хугалсан. Мөн компанийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдүүд 100 орчим адууг хулгайлж авч явахыг завдсан. Энэ нөхцөл байдлаас үүдэж өчигдөр шөнө хэсэг бүлэг этгээд болон “Гацуурт” ХХК-ийн адуу тууж явсан ажилчдын дунд маргаан үүссэн байдаг. Энэ асуудлаар тухай үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цаашлаад сумын удирдлагуудад хүртэл гомдлоо гаргасан.

Асуудлын гол нь тухайн тарсан бичлэг бүх процессыг өгүүлээгүй буюу зөвхөн нэг хэсгийг л харуулсан байна лээ. Бичлэгийн өмнө болсон явдлаас тайлбарлахад тухайн морьтой залуучууд эхлээд адуу хулгайлж авч явахыг завдсан бөгөөд “Гацуурт” компанийн ажилчдын эсэргүүцэлтэй тулсан учраас хүч хэрэглэж, нэг ажилтны гарыг гэмтээж хугалсан асуудал үүссэн гэдгийг дахин хэлмээр байна. Энгийнээр эргэцүүлэхэд хэн ч гэсэн өөрийн өмч хөрөнгөө бусдад дээрэмдүүлэх, хулгайд алдахыг хүсэхгүй шүү дээ.

Ялангуяа эмэгтэй ажилтны биед халдаж гарт нь хүнд гэмтэл учруулсан учраас арга барахдаа “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өөрийн автомашинтайгаа явж тухайн үйлдлийг зогсоож адуугаа тогтоосон. Гэтэл болсон үйл явдлын зөвхөн нэг хэсгийг бичиж авчихаад Л.Чинбат автомашинаараа мотоциклтой, морьтой хүнийг дайрч унагалаа гэсэн мушгин гуйвуулсан худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсанд гүнээ харамсаж байна.

Миний хувьд хариуцлагатайгаар мэдэгдэхэд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь цахим орчинд тавигдсан бичлэг дээрх шиг дээрх хоёр хүнийг дайраагүй бөгөөд тус бичлэг нь болсон үйл явдлын зөвхөн өөрсдийгөө хохирсон мэтээр харагдуулах гэсэн хэсгийг тасалж тавьсан гэдгийг дахин хэлмээр байна Хэрэв тухайн бичлэг бүтнээрээ байсан бол ийм үйл явдал огт болоогүй гэдэг нь харагдах байсан. Тиймээс дээрх бичлэгийг зохион байгуулалттайгаар тасалж тавьсан гэдгийг хэлмээр байна.

-Бичлэгт нэг эрэгтэй мотоциклтойгоо дайруулаад уначихлаа гэж ярьж байсан шүү дээ. Энэ ямар учиртай хүн бэ?

-Зүгээр явж байсан хүн бичлэг хийх болохоор доголж, өөрийг нь дайрч гэмтээчихсэн мэтээр олон нийтэд харлуулах үзэж зориудаар ийм зүйл хийсэн. Тухайн бичлэг хийсний дараа зүгээр алхаад явж байсан. Үүнийг харсан олон хүн гэрчилнэ. Тухайн үед “Гацуурт” ХХК-ийн ажилчид болон нутгийн иргэд хамт байсан. Гол асуудал нь тухайн үед Сэлэнгэ рүү адуу тууж оруулахгүй гэж эсэргүүцээд буй хүмүүс хуульд байхгүй шаардлага тавьж, хүч хэрэглэж дур зоргоороо авирлаж байсан нь гол үйл явдлын шалтгаан нь болж буй.

-Бичлэг дээр гарч буй Ганзориг гэдэг хүн тухайн орон нутагт ямар хамааралтай хүн бэ?

-Тэр хүн бол багийн засаг даргаар ажиллаж буй нэгэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд Гацуурт ХХК-ийн талаар зориудаар сөрөг мэдээлэл түгээж, нутгийн иргэдийг өдөөн турхирч, компанийн эд хөрөнгийг сүйтгэж эвдэлдэг этгээд юм. Өөрөө төрийн албан хаагч хэр нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж, компанийн нэр хүндийг зориудаар гутаан доромжилж, бусдад нөлөөлсөн асуудлаар бид холбогдох байгууллагуудад хандаж захиргааны арга хэмжээ хүртэл авахуулж байсан. Компанийн зүгээс Ганзориг гэдэг тэр хүнтэй үл ойлголцож, муудах ямар ч шалтгаан байхгүй. Гэтэл тэрбээр сум орон нутагт компанийн нэр хүндийг харлуулж улс төр хийдэг болчихсон. Ингэхдээ "би Гацууртыг зогсооно. Газрыг нь нутгийн иргэдэд авч өгнө" гэх мэтээр бусдыг өдөөн турхирч, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн.

Энэ хүн өчигдөр гартаа бэртэл авсан гээд байгаа эмэгтэй ажилтан н.Ичинноровын хурууг нь хугалж хүнд гэмтэл учруулсан учраас цагдаагийн байгууллагад хандаж, улмаар шүүх эмнэлэгт шинжээч томилуулаад явж байна.

-Одоо н.Ичинноровынх нь биеийн байдал ямар байгаа вэ?

-Хуруу нь хугарсан учраас эхний байдлаар эмнэлгийн тусламж авч анхан шатны тусламж үзүүлсэн байгаа. н.Ичинноровоос гадна хоёр ч эмэгтэй ажилтан зодуулсан. Ганзориг гэх этгээд толгойлж, түүнийг дагаж явсан согтууруулах ундаа хэрэглэсэн залуучууд ирж нийлж зодсон гэсэн үг. Энэ үйл явдал өчигдөр шөнөжингөө үргэлжилсэн.

Манай компанийн зүгээс өөрийн эзэмшлийн хашаа руу адуугаа тууж оруулах гэж байгаа учир байдлаа хэлсэн. Гэтэл тухайн этгээдүүд ойлголцолд хүрч чадалгүйгээр компанийн ажилчид руу хүч хэрэглэж биед нь халдаж гэмтэл учруулсан. Түүнээс гадна хэд хэдэн унага, адуу хулгайд алдагдсан тохиолдол үүссэн учраас түүнийг баримтжуулсан бичлэг бүхий мэдээллийг цагдаагийн байгууллагат өгч шалгуулж эхэлсэн байгаа. Хуулийн байгууллагаас уг асуудлыг эцэслэн тогтоох байх.

-Малын хулгайчдыг нь олж тогтоосон зүйл бий юу?

-Өчигдрийн байдлаар олон тооны адуу хулгайд алдагдсан. Бидний асуудал цагдаагийн байгууллагат шалгагдаж байна. Тухайн малын хулгайчдыг цагдаагийн байгууллагаас олж тогтоох ажлыг явуулж байгаа гэж найдаж байна. Эцэст нь хэлэхэд, хууль зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хохироох асуудал цаашид гарч болохгүй гэдгийг анхааруулж хэлэх нь зүйтэй байх.

Д.Ганбат: МАН-д жагсаад байхаар эрэгтэй хүн ч байхгүй болчихсон юм шиг байна
Д.Ганбат: МАН-д жагсаад байхаар эрэгтэй хүн ч байхгүй болчихсон юм шиг байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.