Дижитал хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эркатай ярилцлаа. Түүний хувьд монголын урлагт шинэ өнгө төрх болж яваа Тоонот продакшны уран бүтээлч хэмээх тодотголоор өөрийн уран бүтээлүүдээ сонсогч фенүүддээ хүргэх болсон. Уран бүтээлүүд ч сонсогчдод нь хүлээлт үүсгэдэг болсон гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ.
-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хамгийн сүүлд "Чамайг дурсаад" дуугаа цацаж сонсогчдодоо бэлэг барьсан. Дараагийн уран бүтээлийн ажилдаа орчихсон байгаа юу. Уран бүтээлийн сонин сайхнаас нь яриагаа эхэлье?
-Өнгөрсөн тавдугаар сарын 15-нд "Тоонот" продакшны 8 артист нэг өдөр, нэг цагт 7 клип цацсан. Уран бүтээлүүдийн хандалтыг харахад, миний "Чамайг дурсаад" дуу маань нэг сая хандалт даваад явж байна. Энэ мэтчилэн Тоонотын уран бүтээлүүд үргэлжлээд явж байгаа. Миний хувь уран бүтээлчийн төлөвлөгөө гэж бий. Ар араас нь хурдан, хурдан дуу гаргах бус нэг сайн чанартай уран бүтээл гаргах нь зөв гэж боддог. Ямар ч уран бүтээлд туулах зам гэж бий. Тэр нь яван нь явсаар дараагийн уран бүтээл гаргах цаг болсон гэх мэдрэмж өөрт төрсөн цагтаа шинэ уран бүтээлээ гаргах байдлаар ажилладаг гэсэн үг. "Чамайг дурсаад" дуу маань өөрийн замаа туулна. Түүнийг нь харж байгаад дараагийнхаа уран бүтээлийг цацна гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ шинэ дуугаа бэлдчихсэн. Арын халаасанд минь 5,6 дуу бэлэн байна. Эдгээр дуунууд дунд нэлээн олон жил дарсан, өндөр итгэл найдвар тавьчихсан дуунууд ч бий. Гэхдээ цаг нь болохоор энэ дуунуудаа цацах учраас энэ яриаг түрдээ хойшлуулья.
-Тантай уулзвал асууя гэж боддог байлаа. Та Тооноттой хэрхэн холбогдсон юм бэ?
-Тоонот" продакшнд яагаад орсон юм бэ гэх асуулт маш их ирдэг. Тоонотод яагаад оров гэдэг асуултын нөгөө талд Дижиталаас яагаад гарчихав гэх асуулт угтдаг. Тоонот А цэг дээрээс эхлэхээс өмнө Дээгийг мэддэг байлаа. Дээгий маань DUAL Z-г хариуцаж ажилладаг байсан юм. Дүүтэйгээ "Дижитал" хамтлагийн олон уран бүтээлүүд дээр ажиллаад явж байсан. Дээгийгийн хувьд тухайн үед статусаа өөрчлөх шаардлага гарч байсан. Шинэ студэд нүүж орох гээд л, цугтаа очиж байрыг нь хүртэл үзээд л явж байсан. Нүүж орсон студид нь хулгай орж, хамаг л тоног төхөөрөмжөө алдаж байсан тохиолдол ч бий. Юу ч үгүй хоцроод хэцүү байдалд орж байх үедээ Дээгий маань "Ер нь больдог ч юм уу" гэж ярьж орж ирсэн. Тэгэхээр нь "Хүнд эргэлтийн цэг гэж гардаг. Хүн эцсийн мөчид тулаад "унасаны" дараа эргээд боссон тэр үйл явдал хүнийг байгаагаас нь хэдэн шат ахиулж гаргаж ирдэг тал бий. Энэ бол сорилт. Тэр эргэлтийн цэг нь одоо гэж бодоод дахиад оролдоод үз" гэж хэлсэн. Тэгээд дараа нь Десант, Дээгий хоёр намайг студи дээр дуудсан юм. Тухайн үед би найз нөхөдтэйгээ "Тоонот хүрээ" гэдэг хүрээтэй байлаа. Таны "Тоонот" гэх нэрийг өгмөөр байна л гэж байна. Тэгэхээр нь тухайн нэрнийхээ утга учрыг хэлээд "Тоонот" нэрээр эхэлж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, орсон гэж хэлэх нь зохимжгүй байгаа биз.
-Тэгэхээр та анхнаасаа л цуг байсан байх нь?
-Тийм ээ. Анх дунд нь байж л байсан. Яахав актив болж эхэлж байгаа цаг үе л дээ. Тухайн үед уран бүтээлүүдээрээ гарч ирэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгээд актив болж эхлэх үедээ "Тоонот" лабелийн артист гэдгээр явж эхэлж байгаа юм. Дижиталаас гараагүй байх нь. "Дижитал" байх хугацаанд "Тоонот" байсан. Өнөөдөр ч "Дижитал" хамтлагаараа очиж дуулах шаардлага гарвал очоод л дуулдаг. Жишээлбэл, Өвөр Монголд хамтлагаараа уригдчихсан байх жишээтэй. Бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. Ирэх жил "Дижитал" хамтлагийн 25 жилийн ой. Төлөвлөсөн зүйлүүд байгаа. Одоо ярьчихал "амттай" зүйлүүд нь задарчих байх. Ямартай ч Дижитал хамтлаг маань юм хийж байгаа гэдгийг хэлье.
-Анхны төсөөлөлд маань хүрээгүй учраас бэлэн болчихсон дуугаа цацалгүйгээр устгаж байсан тохиолдол олон бий-
-Та өмнө хэлсэнчлэн хэсэг уран бүтээлээсээ холдсон. Буцаад урлагтаа ирэхдээ нэг зорилго дор нэгдсэн залуустай уран бүтээл дээр ажиллаад явахад ямар мэдрэмж төрөв. Бас ямар нэгэн өөрчлөлт байв уу?
-Би 20 гаруй жил урлагт зүтгэж, уран бүтээлээ хийж ирсэн. Одоо ч хийж л байна. Цаашид ч хийсээр байх болно. Бидний нэг онцлог байдаг. Бусдаас хамаарахгүйгээр өөрсдийнхөө юмыг хийдэг. Уран бүтээлийн ая, үгнээс авхуулаад эцсийн бүтээл маань үзэгч, сонсогчдод хүрэн хүртэл энэ дуу, уран бүтээл ямар өнгө төрхтэй байх вэ гэдгийг анхнаас нь төсөөлөөд эхэлдэг. Эцсийн бүтээгдэхүүн болгоод студид сонсоод сууж байхдаа, бэлэн болсон клипийг нь үзээд сууж байхдаа анх төсөөлж байсан төсөөлөл, мэдрэмжээ авч чадвал болсон байна гээд цацдаг. Хэрэв анх төсөөлж байсан мэдрэмжээ авч чадахгүй бол тэр дуугаа цацдаггүй. Гаргахгүйгээр delete хийгээд орхисон дуунууд зөндөө бий. Клип хийчихээд хүртэл устгаж байсан тохиолдлууд ч байдаг.
-Та дуугаа хэр их "дарах" уу?
-Ямар ч уран бүтээл хийсэн эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргахыг л хүснэ шүү дээ. Нэг ёсондоо барак хийхийг хүсэхгүй шүү дээ. Барак хийж байсан тохиолдлууд нэлээн их бий. Гэхдээ хөшигний цаана асуудал өөрөөр эргэхийг үгүйсгэхгүй. Тэр дууг дарахгүйгээр цацсан бол хүмүүст таалагдах байсан байж магадгүй. Хөшигний цаана харагдаж байгаа үр дүнгийн талаар ярьж байгаа учраас эргэлзээтэй нөхцөл байдал дээр шийдвэр гаргадаг. Харин энэ маань амжилттай байх болов уу гэсэн уран бүтээл дээрээ нэлээн өндөр хувьтайгаар төсөөлөлдөө хүрдэг. Хөшигний цаана гарсан үр дүнгээ мэдрэх маш сайхан байдаг.
-Та мэдрэмжийг л их чухалчилдаг байх нь?
-Мэдрэмж бол уран бүтээлч хүнд байх ёстой хамгийн чухал зүйл мөн. Мэдрэмж маань надад орж ирэхгүй байгаа л бол би хөгжмийн цаана суугаад ч юм уу аль эсвэл үзэг цаас бариад үгийг нь бичээд суух албагүй. Тэгж өөрийгөө хүчилбэл сайн уран бүтээл гарахгүй. Ямартай ч надад мэдрэмж өгч байх ёстой.
-Жишээлбэл, орж ирэхгүй байгаа тэр мэдрэмжээ олж авахын тулд юу хийх үү?
-Гараад ганцаараа гудамжаар алхах, өөрийгөө ганцаардуулж ч болно шүү дээ. Хүний дотор маш олон төрлийн мэдрэмжүүд хутгалдаад байж байдаг байхгүй юу. Хүн заримдаа гуниглаад аль эсвэл баярлаад уйлдаг биз дээ. Тэр бүхэнд тухайн хүний дотор олон мэдрэмж, дүр төрхүүд гарч ирдэг. Тэр дүр төрхүүдээсээ сэрээнэ шүү дээ. Галзуурмаар санагдана. Жишээлбэл, би өнөөдөр "Галзуу ганц" гэх дууг дуулахын тулд ноомой зогсож байгаад дуулбал утгагүй харагдана. Энэ мэтээр дотор байгаа дүр төрхүүдээ сэрээнэ. Ингэж л өөртэйгөө ажилладаг.
-Ах гэхээрээ заавал хүндлүүлэх гээд байх биш. Би ч дүү нараа хүндлэх ёстой шүү дээ-
-Та Тоонот продакшны залуус дундаа урлагийн гал тогоо дотор арай олон жил "амьдарсан" гэдэг утгаараа ахын зүгээс хэр их зөвлөдөг вэ?
-Би өөрөө нийгмийн эд, эс гэдэг шиг би ч баг дотор нэг үүрэг хүлээх, багтаа нөлөөлдөг байх, багийнхнаасаа урам зориг байх чухал. Гэхдээ яг уран бүтээл гэдэг өнцгөөс нь харахаар нөлөөлөх шаардлага байхгүй. Учир нь би залуусынхаа уран бүтээлд хэтэрхий их оролцоод байвал залуучуудынхаа мэдрэмжийг нь эвдэх гээд унана шүү дээ. Тухайн уран бүтээлчид надад баригдахгүй мэдрэмж гэж бий. Өөрсдийнх нь мэдрэмжийг өөрсдийнх нь эрх чөлөөнд үлдээх нь гоё. Хамт олноороо байх үедээ ах дүү, насны ялгаа гэх зүйл дээр ач холбогдол өгөөд байдаггүй. Манайхан ах гэхээрээ л хоолойгоо бүдүүрүүлсэн, сургасан дүр төрхөөр төсөөлж бодоод байдаг. Надад бол энэ хэрэггүй зүйл шиг л санагддаг. Зүгээр л гоё инээлдээд, хөгжилдөөд л, нэг нэгнээ цаашлуулаад л. Ялгаагүй үүний цаана нөгөө хүндлэл нь байж л байгаа. Ах гэхээрээ заавал хүндлүүлээд байх биш би ч дүү нараа хүндлэх ёстой шүү дээ. Тэгэхээр нэгнийгээ ойлгож, ойлголцоно гэдгийн цаана хүндлэл бий. Дүү нартайгаа байхад бүх зүйлд эрч хүчтэй, хурдтай байгаа байдлыг мэдрэх гоё байдаг.
-Тоонотын залуус өнөөдөр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, өсөж дэвжиж яваа уран бүтээлчид. Та бүхнийг юу нэгтгэж яваа вэ?
-Ганцхан зүйл бий. Итгэлцэл. Тэр тэгчих вий дээ гэх айдасгүйгээр бүх зүйлд ханддаг. Хамгийн нээлттэй продакшн байхгүй юу. Зарим нэг ажил явуулахын тулд гэрээ хийгээд, тэр гэрээ нь хатуу чанга байдлаар харилцаа үүсдэг тохиолдол бий шүү дээ. Бидний хувьд гэрээ гэдэг бол итгэлцэл дээр явдаг. Заавал цаасан дээр заагдсан гэрээнд баригдаад байх бус итгэлцэлээрээ ханддаг гэсэн үг. Дээгий энэ продакшныг толгойлоод, зангидаад явж байгаа ч захирал, даргын характер, захирангуй даргалах гээд байгаа зүйл байдаггүй. Бүгдтэй нь л ах дүү, найд нөхөд байдаг. Ажил явж байгаа тохиолдолд дор бүрнээ үүрэг хариуцлагаа мэдэрдэг. Ажлаас бусад цагт гоё нөхөрлөл явдаг. Тэгэхээр Тоонот хэдэн ч жил орших боломжтой.
-Хүрч чадах хүрээлэл, орон зай дотроо дуугарч байгаа гэдгээ хэлье-
-Урлагийнхнийг хамгийн их дагадаг шүүмжлэл бол дуу хоолойгоо хүргэсэнгүй, хойш суулаа гэх хандлага. Та энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
-Хийж байгаа уран бүтээл бүхэндээ бид үзэл бодлоо шингээдэг. Хоёрдугаарт, ямар нэгэн буруу зүйлийн эсрэг жагсаал өрнөж байхад бид байж л байдаг. Хүмүүс өөрсдөө таньдаггүй шүү дээ /инээв/. Таниагүй байж намайг тэнд байсан, байгаагүйн тухай ярих утгагүй биз дээ. Нөгөө талдаа тэнд очсон ч заавал шоу хийх гэж байгаа юм шигээр байгаагаа мэдэгдүүлэх гээд байх шаардлага байхгүй. Урлагийнхан маань оролцдог. Оролцоо маань маш олон зүйл дээр илэрдэг. Кино уран бүтээл, жүжиг, дуу гээд л. Энэ бүгдээр гаргаж байгаа агуулга, санаа өнөөгийн нийгэмд л байгаа асуудлууд шүү дээ. Энэ болгон уран бүтээлч хүний хийх зүйл. Дугарч чадах хүрээлэл, орон зай дотроо дуугарч байгаа гэдгээ хэлье.
-Ярилцлагын төгсгөлд урлагт хөл тавьж буй шинэ уран бүтээлч залуустаа хандаж үг хэлэх үү?
-Би хүнд хэцүү гэдэг талаас нь ямар нэгэн зүйл хэлмээргүй байна. Тэртэй тэргүй амьдрал хүнд хэцүү. Амьдралд ямар ажил мэргэжил сонгоод явсан ямар ч даваа давахгүйгээр, сорилттой тулгарахгүйгээр шууд амжилтад хүрнэ гэж байхгүй. Тэгэхээр ямар ч зам сонгосон гэсэн саад бэрхшээл гардаг. Саадыг давах чадвар, сэтгэлийн тэнхээ байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй. Манай салбар ч гэсэн сорилтууд ирнэ. Тэр сорилтод тууштай чанар чухал байдаг.
Би үе тэнгийнхээ найз нөхдөө хардаг юм. Биднийг дөнгөж байгуулагдаж байх цаг үед анги бүр, орц бүр хамтлагтай байдаг байлаа шүү дээ. Цаг хугацаа явсан. Эргээд харахад өөр өөрсдийн ажил амьдрал гээд явсан. Тууштай байсан цөөн хэд нь үлдсэн. Тиймээс эргээд харахад тууштай байдал маш чухал юм байна гэдгийг олж харсан.
Түүнчлэн дотор хүн чинь үүнийг хийх хүн мөн үү гэдэгт хариулж чадаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Үүнийг хүмүүс авьяас гэж тайлбарладаг. Өнөөдөр авьяасыг яаж дүгнэх вэ гэдэг дээр өөр ойлголт гараад ирчихсэн байна шүү дээ. Урьд нь хоолой темберийг чухалчилдаг байсан бол өнөөдөр мэдрэмж нь чухал болчихсон. Хоолой гэхээсээ илүү үгээрээ, дотоод мэдрэмжээрээ ямар мэдрэмж өгөх гээд байна вэ гэдэг нь чухал болчихсон. Чамаас гарч буй мэдрэмж бусдад хүчтэй хүрч чадах уу гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй.
Мөн бид сайн харизматай байх ёстой. 3 мянган хүний өмнө гарахад тэдний энергийг давж гарах ёстой болдог. Би өөрөө хийж байгаа зүйлдээ эргэлзээтэй, айдастайгаар хандвал 3 мянган хүн намайг хүлээж авахгүй эсвэл өрөвдөнө. Тиймээс хүргэхийн тулд, үзэгчдийг өөрийнхөө удирдлагад авахын тулд маш өндөр ачааллыг үүрч, харизмагаа хүргэх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.