Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр /2023.03.30/ хуралдаж, 2022 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн биелэлт, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ.
Хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Улаанбаатар агропарк”-д хүнсний ногоо тариалах боломжоор хангаж, мэргэжлийн агрономичийн удирдлага дор сургалт явуулж, түр ажлын байраар ханган, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн аж.
Энэ жилийн тухайд төвийн зургаан дүүргийн 650 иргэнийг хамруулах бөгөөд 43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Иргэд уг хөтөлбөрт хамрагдсанаар өрхийн орлогоо нэмэгдүүлэхээс гадна эрүүл хүнсний ногоогоор өрхийн хэрэгцээгээ хангах, газар тариалан эрхлэх мэдлэг чадвартай болох, төмс, хүнсний ногоог хадгалах, нөөшлөх арга барилд суралцах гэхчлэн олон талын ач холбогдолтой юм.
Төлөвлөгөөнд тусгасан дээрх үйл ажиллагаануудыг дөрөвдүгээр сарын 5-наас нийслэлийн хэмжээнд албан ёсоор зарлах бөгөөд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ авах, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд харьяа дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.