XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын 21-ний өдөр тохиож Монголчууд хотол олноороо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тэгвэл зарим иргэд буруу өдрөө золгосон бөгөөд шинийн гуравны сарыг хоёрны сартай андуурсан мэтээр цахим орчинд шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлээд буй.
Уг асуудлаар зурхайч, доктор Л.Тэрбиш "Эргэлт.мн" сайтад өгсөн ярилцлагадаа "Монголчууд шинийн нэгэнд л золгодог. Сар харагдахгүй өдрийн маргааш л золгох ёстой. Монголчууд баримталж ирсэн монголынхоо цаг тооллоор л золгосон. Монголчуудын золгох өдөр, цаг тоолол, өөр шашинтай бусад орны хүмүүст таалагдах албагүй. Өөрөөр хэлбэл, монголчууд зөв өдрөө золгосон.Сар удаан, хурдан гарах нь тухайн өдрийн гэрч биш. Гарч буй сарыг хараад шинийн нэгэн, хоёрон, гурван, дөрөвний өдрийнх гэж хэлэх боломжгүй. Үймүүлж байгаа улсууд байдаг юм уу, үнэхээр мэдэггүй юм уу, бүү мэд. Зарим хүн буруу мэдээлэл өгч, иргэдийг төөрөгдүүлж байна" хэмээжээ.
Эх сурвалж: Эргэлт.мн