Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-2023 оны төсөв батлагдахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оныг эдийн засгийг тогтворжуулах жил байх болно. Энэ ч утгаараа эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэж, инфляцыг нэг оронтой тоо руу буулгана гэж мэдэгдэж байсан. Энэ зорилт эдийн засгийн бодит тооцоололтой уялдаж чадаж байгаа юу?
-Ковид, Орос-Украины дайны хүнд үед Монгол Улс ч гэсэн нэлээд сорилттой тулгарсан. Тухайн жилүүдэд төсөв, мөнгөний бодлого эдийн засгийг яаж сэргээж, инфляцыг тогтворжуулах вэ гэдэг асуудалд төвлөрч бүх арга хэмжээ хийгдэж явсан. Гэхдээ төсөөлөл маш хүнд байсан. Ялангуяа 2022 онд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал бараг 2 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар төсөөлөл хийгдэж байсан. Тухайн үед ирж байсан Олон Улсын санхүүгийн байгууллагууд, ялангуяа Олон Улсын валютын сангийн төсөөлөл ч мөн иймэрхүү байсан.
-Өнгөрсөн оны 10 дугаар сард Засгийн газраас валютын эргэлтийг сайжруулж, дотоодод төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх үүргийг ЭТТ болон "Эрдэнэт" ТӨҮГ зэргүүдэд өгсөн байдаг. Компаниудын үүргийн биелэлт хэрхэн хангагдаж байгаа вэ?
-ЭТТ дээр Засгийн газраас тодорхой арга хэмжээ авсны дүнд төлбөрийн тэнцлийн алдагдал бараг 1 тэрбум гаруй төгрөгөөр буурч, өнгөрсөн оны төлбөрийн тэнцлийн алдагдал 700 сая доллароор яригдсан. Хэрвээ ийм арга хэмжээ авагдаагүй байсан бол Монгол Улсын валютын нөөц ч гэсэн өнөөдрийн хэмжээнд хүрч чадахааргүй байх байсан.
Цаашид эдийн засгийг тогтворжуулж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг хийх саналыг УИХ-ын даргад тавьсан. ирэх хоёрдугаар сарын эхээр холбогдох Засгийн газрын яамдууд, бусад төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд МҮХАҮТ-тай хамтраад хийх байх гэж найдаж байгаа.
-Оны өмнө Уул, уурхайн бүтээгдэхүүнийг цахим биржээр арилжаалах тухай хууль батлагдаж саяхан туршилтаар Энержи ресурс ХХК нүүрсээ амжилттай арилжаалсан гэдэг. Цаашид төрийн өмчит уул, уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ биржээр арилжаалснаар төсвийг алдагдлыг бодитоор бууруулж валютын нөөц нэмэгдэх үү?
Монгол банкны хийсэн тооцоо судалгаагаар хэрвээ нүүрс 40 сая тонноос илүү хэмжээнд экспортлогдож чадвал, мөн нүүрсний үнийг биржийн үнээр тогтоох бол эдийн засагт эерэг өөрчлөлт гарна. Хэдийгээр улс орнуудын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалах ч гэсэн нүүрсний үнэ харьцангуй сайн тогтоогдсон. Ялангуяа эрчим хүчний хямралаас шалтгаалан нүүрсний үнэ сайжирсан. Коксжих нүүрсний хэмжээ ч мөн өндөр байгаа. Нүүрсийг биржээр арилжаалах ажилтай холбоотойгоор саяхан нүүрсийг биржээр арилжаалах туршилт хийгдсэн. Тус арилжаагаар Энержи Ресурс ХХК нүүрсээ сая бирж дээр 180 ам.доллароор зарлаа шүү дээ. Тэгэхээр бид цаашид 150-аас дээш ам.доллароор борлуулж, 40 сая тонн нүүрсийг хэмжээнд нь хүргэж борлуулж чадвал тэр хэмжээгээр манай экспорт нэмэгдэж чадна.
Мөн зэсийн үнэ өнөөдөр 9000 ам.доллар давчихсан байна. Хэрвээ 10 мянган ам.доллар давах юм бол Монгол улсын төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах боломжтой. Хэрвээ Монгол улсын төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах юм бол валютын нөөц нэмэгдэж чадна, тэр хэмжээгээр ханш дагаад тогтворжих ёстой. Цаашлаад төлбөрийн тэнцэл ашигтай гарвал Монгол төгрөгөөрөө чангарах тооцоо судалгаа байна.
Ярилцсанд баярлалаа