Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Гишүүд, дэд сайд нар яллагдагчаар татагдсан. Гэхдээ шүүх тогтоогоогүй байхад хэлмэгдүүлж БОЛОХГҮЙ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 33 секунд

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдаж, төрийн байгууллагуудын 400 гаруй автомашинуудыг Засгийн газрын авто бааз дээр татан төвлөрүүлсэн байдаг. Эдгээрээс зайлшгүй хэрэгцээт автомашинуудыг нь баазын харъяанд үлдээж, илүүдэл автомашинуудыг дуудлага худалдаагаар борлуулж орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон шүү дээ. Сураг алдраад байгаа энэ асуудал дээр тодорхой мэдээлэл өгвөл?

-Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ялангуяа Улаанбаатар хотын түвшинд албаны хэрэгцээнд унах шаардлагагүй гэж үзсэн төрийн өмчит автомашинуудыг хураасан байдаг. Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдгээр автомашинуудыг ашиглах шааардлагатай байгаа газруудад хуваарилах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихтай холбоотой ажил хийгдэх юм. Нэг ёсондоо төрийн өмчөөс, орон нутгийн өмч рүү шилжүүлэх ажиллагааг УИХ тогтоолоор эцэслэн шийдвэрлэдэг байгаа.

Үүнээс гадна төрийн хэмнэлтийн хууль өнөөдөр ямар түвшинд хэрэгжиж байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хуульд хяналт тавих чиг үүрэг нь Сангийн яаманд төсвийн захиран зарцуулалттай холбоотойгоор олгогдсон байдаг. Сангийн яамнаас гарч байгаа мэдээллээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард батлагдсан хэмнэлтийн хуулиар одоогийн байдлаар нийт 3 орчим их наяд төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн гэдэг урьдчилсан мэдээллийг өгч байна. Мэдээж өнгөрсөн оны эцсийн тайлан гарч, аль салбар нэгж дээр хэмнэлт хийгдсэн талаарх мэдээллийг удахгүй олон нийтэд ил тод мэдээлэхээр байгаа.

Гэвч зарим дутагдалтай талуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь Төрийн хэмнэлтийн хууль орон нутагт мөн хэрэгжиж байгаа нь зарим талаараа амьдралд нийцэхгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулах болсон. Тодруулбал, сумын эрүүл мэнд, мал эмнэлгийн байгууллагын түвшинд хуулийн хэрэгжилтийн хүрээнд автомашины хэрэглээг хязгаарлах нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор ялангуяа өвлийн хүнд хэцүү цагт асуудал болж байгаа талаар саяхан аймгийн Засаг дарга нар санал хүсэлтээ хэлж зөвлөлдсөн. Тиймээс эдгээр асуудлыг Засгийн газар энэ удаагийн хуралдаанаараа шийдвэрлэхээр тогтоолын төсөл өргөн барих ажил явагдах юм. Цаашид хуулийг сайжруулах чиглэлээр шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар судалж байна.

-Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 87 хүн яллагдагчаар татан шүүх рүү шилжүүлээд байна. Үүн дотор МАН-ын гишүүд ч бий. Намын дүрэм ёсоор авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг намаас түтгэлзүүлэх үү, хариуцлагын асуудлыг хэзээ ярих вэ?

-Улс төрийн албан тушаалтнуудын хувьд би удаа дараа хэлж ирсэн. Шүүхээр тухайн хүмүүсийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийднэ. Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд намын дүрмээрээ улс төрийн хариуцлага хүлээгээд явах юм. Тиймээс шүүхийн шийдвэр хэрхэн яаж гарахаас бүх зүйл хамаарна гэж ойлгож болно.

-Сүүлд зарим яам, агентлагуудын дарга, сайд нар мөн яллагдагчаар татагдлаа. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн нар хөгжлийн банкны зээлийн асуудлаар эрүүгийн хэргийн 22.1.3-т зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр буруутгагдан яллагдагчаар татагдаад буй. Төрийн албанд томоохон даргын албан тушаал хашиж байгаа эдгээр хүмүүсд ямар арга хэмжээ авах вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэнийг гэм буруутай эсэхийг шийдэх газар бол Монгол Улсын шүүх шүү дээ. Тиймээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүнийг хэлмэгдүүлсэн үйл ажиллагаа явж болохгүй гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

СУРВАЛЖИЛГА: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх эцэг эхчүүд хаана хандахаа мэдэхгүй ХОРООДОД ачаалал үүсгэж байна
СУРВАЛЖИЛГА: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх эцэг эхчүүд хаана хандахаа мэдэхгүй ХОРООДОД ачаалал үүсгэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.