Хэдхэн жилийн өмнө манай улс 0-18 насны хүүхдүүдийнхээ 60 хувьд "Хүүхдийн мөнгөн тэтгэмж хэмээн ердөө 20 мянган төгрөг" олгодог байв. Гэтэл ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж, улмаар хүүхэд бүрт 100,000 төгрөг олгохоор болсон байдаг.
Гэвч ковидын нөхцөл байдал намжсан тул хүүхдийн мөнгийг энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор болж, иргэний бүртгэл, хүн амын мэдээллийн сан зэргийг ашиглан мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдүүдийг тодорхойлон, эцэг эхчүүдэд мессежээр мэдээлэл хүргүүлж эхэлсэн. Харамсалтай нь, бүртгэлийн байгууллагуудын алдаа юу эсвэл бүртгэлээ буруу хийлгэсэн гэгдэх эцэг эхчүүдийн буруу юу аль нь болох нь мэдэгдэхгүй хэд хэдэн асуудлаас үүдэн мөнгөн тэтгэмжээсээ хасагдсан хүүхдүүдийн тоо нэмэгдэв.
Дээр нь хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бол сум, дүүргийнхээ хороонд хандаж, мэдээллээ шинэчлэх шаардлагатай талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл бид зарим хороодод нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.
Сүхбаатар дүүрэг, X хороо
Биднийг очиход тус хороонд иргэд олноор үйлчлүүлж байв. Ихэнх иргэд хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтнээс зөвлөгөө авахаар дараалан зогсоно. Тэдгээр хүмүүс бүгд л "хүүхдийн мөнгөнөөс хасагдсан" гэх шалтгаанаар үйлчилгээ авахаар явж байсан бөгөөд өрхийн орлого хэтийдсэн, өөрийн нэр дээр хэд хэдэн хүүхэдтэй болсон, огт хүүхэдгүй болчихлоо гэх зэрэг олон асуудал тулгарсан эцэг эхчүүд байлаа. Тиймээс бид эцэг эхчүүдийн байр суурийг сонсоход дараах зүйлсийг ярив.
Эхнэр бид хоёр сардаа нийлээд 1,5 сая төгрөгийн цалин авдаг. Гэвч өрхийн орлого 40-50 сая хэмээн тодорхойлж, хүүхдийг маань мөнгөн тэтгэмжээс хассан байна
"И-Монголиа руу ороод харахад хүүхдийг маань хассан байсан. Өрхийн орлого 40-50 сая төгрөг гэж гарч ирж байна лээ. Тиймээс хүүхдийг маань хүүхдийн мөнгөнөөс хассан юм байна. Хорооноос нийгмийн даатгалын хэлтэс рүү явж орлогоо нотолж, дахин орлогоо тогтоолгох хэрэгтэй гэх зөвлөгөөг өглөө. Би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 400 мянган төгрөг гар дээр авдаг, эхнэр маань нэг сая төгрөг гаргаж цалин авдаг.
Манайх нэг хүүхэдтэй. Эхнэр бид хоёр хоёулаа хөдөлмөр эрхэлдэг. Зээлээр байр авсан. Гэтэл зээлд огт хамааралгүй гэж байна. Тиймээс хүүхдийг нь маань хассан байна" гэлээ.
Хоёр хүүхэд маань миний нэр дээр огт бүртгэлгүй байна. Харин хоёр автомашин, хоёр байртай болчихоод байж байна
"Монгол хүний цалин тэр дундаа нэг жилийн орлого 50 сая төгрөг хүрэхгүй шүү дээ. Жирийн нэг өрхийн амжиргааны түвшин тийм өндөр байхгүй нь тодорхой. Гар дээр арай хийн сая төгрөг авдаг. Манайх нэг байртай, автомашингүй. Гэтэл хоёр байр, хоёр автомашин нэр дээр маань гарч ирж байна. Хоёр хүүхдийг маань хүүхдийн мөнгөнөөс хассан байна. Үнэхээр харамсалтай байна.
Ямар сайндаа хороон дээрээ ирээд асуудлаа шийдүүлэх гээд шүүлгээд үзтэл И-Монголиад бүртгэгдсэн байсан бүх мэдээлэл гарч ирдэг юм байна. Би 2018 онд СХД-ийн 20 дугаар хорооноос энэ хороонд шилжиж ирсэн юм. Тэгээд сая өөрийнхөө мэдээллийг шүүлгээд үзтэл огт мэдээлэл гарч ирсэнгүй.
Би хоёр хүүхэдтэй хоёр хүүхэд маань миний нэр дээр огт бүртгэлгүй байна. Тэгээд бүртгэлээ сайтар шалгуулахад нэг хүүхэд маань дөнгөж сая бүртгэгдлээ. Бага хүүхэд маань бүр байхгүй байна" гэв.
Би өөрөө хоёр хүүхэдтэй гэтэл систем дээр гурван хүүхэдтэй болчихлоо
"Би өөрөө хоёр хүүхэдтэй. Гэтэл систем дээр гурван хүүхэдтэй болчихоод байж байна. Хаанаас гарч ирсэн юм бүү мэд. Хамаатан садан, ах дүүгийн хүүхэд биш. Огт танихгүй хүний хүүхэд гараад ирлээ. Дээр нь хүүхдүүд маань хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байна.
Бүртгэлтэй хүүхдийг заавал төрсөн эцэг эх нь ирж байж хасуулах юм байна. Түүнээс биш би эндээс миний хүүхэд биш гэж хасуулах эрх байхгүй гэнэ. Системээр хувь хүний орлогын мэдээллийг гаргана дээр нь хүүхдийн мөнгийг алагчилж олгоно гэдэг утгагүй зүйл. Бүгд л хүүхдийнхээ ирээдүйн төлөө мөнгийг нь хадгалж бас зарцуулж байгаа шүү дээ" хэмээлээ.
ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаярын мэдээлж буйгаар "Анх удаа төрийн мэдээлэлд үндэслэн өрхийн амжиргааны түвшинг үнэлж байгаа учраас асуудал гарч байгаа мөн эцэг эхчүүд бүртгэлээ дутуу хийлгэсний улмаас маргаан үүсэж байна хэмээсэн юм.
Мөн "Мэдээлэл алдаатай бол засуулах бүрэн боломжтой. Өрхийн ам бүлийн мэдээлэл зөрүүтэй бол хорооны засаг даргад хандах, хүүхдийн мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгж болон хорооны засаг даргад хандаж мэдээллээ шинэчлүүлэх юм. Мэдээллээ засварласны дараа ХНХЯ-наас өрхийн амжиргааны түвшинг дахин тодорхойлоод, хүүхдийн мөнгийг олгох боломжтой.
ХНХЯ-аас яагаад засч болохгүй байна вэ гэвэл төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй. Тиймээс иргэдтэй нийлж мэдээллээ зөв болгож, өрхийн амжиргааг дахин тодорхойлж, хүүхдийн мөнгө авах бүрэн боломжтой" гэж мэдээлсэн.
Бүр зарим сайдууд иргэд мэдээллээ зөв хийлгээгүй мөн шилжилт хөдөлгөөн зэргээс хамааран дээрх алдаа тутагдал гарч байгаа гэх тайлбарыг өгсөн болов ч иргэдийн зүгээс өөрийн нэр дээр яагаад олон үл хөдлөх хөрөнгө, олон автомашин бүртгэгдсэн талаараа ч ойлголтгүй явж байна. Тийм ч учраас төрийн мэдээллийн сан эхнээсээ алдаатай байсан уу эсвэл мэдээллээ шинэчлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн нь энэ мэт асуудал дагуулсан уу гэдэг эргэлзээтэй асуудал болов.
Мөн зарим хороод болон бусад төрийн байгууллагын нэгжүүд хэрхэн ажиллаж, иргэдэд ямар чиглэлээр үйлчлэх талаар ч мэдээлэлгүй байгаагаа илэрхийлж байв. Нөхцөл байдал хөрсөн дээрээ ийм байгаа нь төрийн алдаа гэх үү хувь хүний буруу гэх үү. Ямартай ч энэ завшааныг ашиглан төрийн мэдээллийн системийн гажуудал нэг тийш болох бололтой. Цаашид цахим үндэстэн болохын тулд хамгийн түрүүнд иргэдийнхээ хувийн мэдээллийг үнэн зөв бүртгэх шаардлагатай гэдгийг энэ жишээнээс харж байна.
Түүнээс гадна ямар нэг шийдвэр гарахад өнөө л нэг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг байдал ард хоцрохгүй нь бололтой. Энэ бол дан ганц иргэдэд хүндрэл учруулж буй хэрэг биш бөгөөд төрийн байгууллагын анхан шатны нэгжид ч томоохон хүндрэл үүсгэдэг. Үүнийг ч иргэд ихээхэн илэрхийлдэг. Ямартай ч хүүхдийн мөнгөнөөсөө хасагдахгүйн тулд мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай болж хэн хэндээ ажил удаж байгаа талаар иргэд байр сууриа илэрхийлж байв.