Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: Намайг гүтгэсэн БОХИР УЛСТӨРЧИЙН зам мөр нүүрсний хэрэг шиг хар. Минийх гурил шиг цагаан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 57 секунд

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай холбоотой хууль бус үйлдлүүдийг АТГ-д шалгуулахаар хандаж байгаа талаар иргэн О.Цэрэнтогтох өчигдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл уг асуудалд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тайлбар өглөө.

Тэрбээр "Өчигдөр АТГ-ын гадаа иргэн О.Цэрэнтогтох гэх иргэн хардах эрхийнхээ хүрээнд цахим орчинд нийтлэгдсэн мэдээллүүдийг нэгтгэж намайг шалгуулахаар өгсөн талаараа мэдээлсэн. Тухайн хүнд хардах эрх байх боловч гүтгэх эрх байхгүй. Миний хувьд хууль бус үйлдэл огт хийж байгаагүй. Үүнийгээ 100 хувь итгэлтэй хэлнэ.

Шалгадаг газар нь шалгаад, шийдвэрээ гаргана гэж найдаж байна. Тухайн иргэнийг би танихгүй. Харин цаана нь бохир улс төрч байгаа. Өөр шигээ бодож байгаа байх" гэв.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Яагаад таныг харлуулах болсон гэж бодож байна?

-Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдсон. Гэтэл намайг нэрийг нь оруулсан гэж хардаж байгаа. АТГ бол аль нэг гишүүний үгээр холбогдсон этгээдүүдийн нэрийг нэмж оруулна гэж байхгүй. Тийм учир тамын тогооны үлгэр шиг хамт шатъя гэж байна гэж ойлгож байна.

-Тухайн улс төрчийг хэн гэдгийг хэлж болохгүй юу?

-Тэр улс төрч бол цол хэргэмийн төлөө аль ч намын хэнтэй ч наалдаж ирсэн. Бохир улс төрч. Төрөөс төрсөн "тэрбумтан". Магадгүй тэр хүн нүүрсний хэрэгт холбогдсон зам нь нүүрс шиг, миний зам бол тариа будаа шиг цагаан гэдгээ итгэлтэйгээр хэлье.

-Таныг ах, дүүстэйгээ нийлж 18 тендер авсан гэж мэдээлсэн шүү дээ?

-2020 оны сонгуулийн үеэр 18 тендер гэж яригдаж эхэлсэн. Тэнд олон тэрбум төгрөгөөр тооцогдох тентер нэг ч байхгүй. Намайг "Дорнод гурил" компанитай холбодог. Тэр болгоныг оролцуулж, тоо хэмжээг нь нэмсэн. Түүнээс биш миний ах дүү нарт их дүнтэй тендерүүд огт хамаарал байхгүй.

-"Дорнод газар" ХХК болон "Саруул өргөө" констракшнтай та ямар холбоотой юм бэ?

-"Саруул өргөө" констракшныг огт мэдэхгүй. Харин "Дорнод газар" ХХК бол манай дүүгийн үүсгэн байгуулсан компани. Олон тэрбум төгрөгийн тендер авч байгаагүй. Би доороо есөн дүүтэй. Тэр болгон ажил, хөдөлмөрийг нь огт мэдэхгүй. Гэхдээ буруу аргаар тендер авсан, хууль бус ажилд оролцоогүй гэдэгт нь итгэж байна.

-Төрд ажиллаж байгаа дүү нар бий юу?

-Байхгүй. Бүгд хувиараа хөдөлмөрлөж байгаа.

-Дорнод ДЦС-тай холбоотой баримтуудыг ярьж байсан. Үүн дээр ямар тайлбар хийх вэ. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд хоорондоо нэр хаялцаж байх шиг байна. Ц.Сэргэлэн гишүүн өмнө нь "Дорнод" компанитай холбоотой хүн намайг гүтгэж байна гэх тайлбарыг өгч байсан. Та хоёрын хооронд хагарал байна уу?

-Хүнийг ханилан байж танина гэдэгчлэн бид хоёрын хувьд нэг аймгаас нэр дэвшсэн. Гэхдээ үзэл бодол, байр суурийн хувьд өөр.

-Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг нь ямар хүн бэ. УИХ-д байгаа юу?

-Магадгүй ирээдүйд төрөөс төрсөн тэрбумтан гэдэг нь илүү баталгаажих байх гэдгийг хэлье.

ШУУД: 18 тендерийг хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулж авсан гэх асуудалд ХХАААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тайлбар өгч байна
ШУУД: 18 тендерийг хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулж авсан гэх асуудалд ХХАААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тайлбар өгч байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц