Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Шинэ даргаа тодруулж, намаа эрх баригч нарын тоглоомоос гаргаж авахгүй бол энэ улс чинь сөрөг хүчингүй байсаар байгаад СҮЙРЛЭЭ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
15 минут 43 секунд

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай намын дотоод эвлэрлийн үйл явц болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-С.Эрдэнэ, Х.Баттулга нарын зүгээс намын ҮБХ-ны дарга гэх Т.Мөнхбаярыг Ардчилсан намыг төлөөлөх итгэмжит төлөөлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн боловч шүүхээс татгалзсан шийдвэрийг гаргасан. Шүүхийн эл шийдвэрийн талаар танд тодорхой мэдээлэл байна уу?

-Энэ талаар хэн ч мэдэхгүй байж байгаад УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны зар тавигдаад л мэдэж байна шүү дээ. Үндэсний бодлогын хорооны даргаар хэзээ Т.Мөнхбаяр гэх хүнийг томилсноо манай гишүүд ч мэдэхгүй байх жишээний. Нөгөө талаас түүнийг дэмжээд бичиг хүргүүлчихсэн ч байх шиг. Иймэрхүү хүнийг хуурсан, хулгайн аргаар юм явахгүй ээ. Монголд нууц юм гэж байдаггүй шүү дээ. Хэд хоногийн дараа л мэдэгдчихнэ. Тиймээс одоо бүх зүйлээ нээлттэй ярьж, одоо байгаа нөхцлүүдээ зөв үнэлээд явах ёстой гэж харж байгаа. Энэ утгаараа УИХ дахь АН-ын бүлэг, намын ахмадууд, залуучууд, орон нутаг, дүүргийн төлөөллүүд гээд энэ бүгдийг оролцуулсан намынхаа эвлэрлийн ҮБХ-ны хурлаа хийхээр Ажлын хэсэг байгуулаад явж байгаа.

-Гэхдээ Т.Мөнхбаярыг танай ҮБХ-ны дарга гэсэн байсан шүү дээ?

-Тийм хурал ч болоогүй л дээ. Яагаад, хэзээ хуралдаад тийм хүн болчихсон эсэхийг намын гишүүдээс гадна ҮБХ-ны гишүүд нь ч мэдэхгүй суугаа. Цөөн хэдэн хүний хүрээнд хуйвалдааны аргаар л явчихсан юм шиг байна. Хулгайн аргаар, зарчмын бус байдлаар хийж байгаа зүйл. Тамга тэмдэг гэдэг зүйл ашиглачихвал бусад нь болно гэж бодсон бол үгүй. Өнөөдөр намын дарга байхгүй байхад тамга тэмдэг гэдэг зүйл ач холбогдол ч багатай. Одоо бол нөхцөл байдлаа зөв үнэлээд явах ёстой гэж харж байгаа.

-ҮБХ-ны хорооны хурлаа зохион байгуулах Ажлын хэсэг байгуулаад явж байгаа гэлээ. Хурлаа энэ сардаа багтаагаад хийх боломж байгаа юу?

-Тийм боломж байгаа. Энэ чиглэлд маш олон уулзалтуудыг хийж байна. Намын маань гишүүдэд их хүлээлт үүсчихсэн байгаа. Маш олон хүний оролцоотой энэ ажил ч урагштай байгааг хэлэх нь зөв байх.

-Хурлаар хэлэлцэх гол асуудал нь намын даргын асуудал. Нам хууль ёсны даргатай, даргагүй гэх маргаантай байр суурийг илэрхийлсээр ирсэн. С.Эрдэнэ даргын тухайд, 2017 онд УДШ-д өөрийнх нь нэрийг намын даргаар бүртгүүлснээс хойш өөр нэр бүртгээгүй учраас хууль ёсных гэх байдлаар "давуу байдал"-тай явж ирсэн. ҮБХ-ны хурлаар шинэ намын даргын асуудлаа нэг талд нь гаргаж чадах юм уу?

-Давуу байдал ч юу байх вэ дээ. 2017 онд С.Эрдэнийг намын даргаар сонгосон гэдгийг л нотолсон тогтоол болохоос биш одоо намын дарга байхгүй. Намын даргагүй гээд Дээд шүүхийн хэд хэдэн тогтоол баталчихсан. Нийт шүүгчдийн хуралдаанаас тогтоол байдлаар гаргачихсан шийдвэр учраас нам даргагүй гэдэгт маргаад байх зүйлгүй. Сая хийж өгсөн бичгийг нь харахад, энэ нөхцөл байдлыг ч хүлээн зөвшөөрчихсөн юм шиг байна лээ.

Одоо хэн нэг хүн АН-ын дарга болж тоглодогоо болих хэрэгтэй. Харин дүрэмдээ нийцүүлээд ҮБХ-ны гишүүдээс журмынхаа хүрээнд намын шинэ даргаа тодруулж, УДШ-ээр бүртгүүлэх ёстой л гэж харж байгаа. Харин үүний араас УДШ шинэ даргыг бүртгэхгүй байвал үнэхээр эрх баригч намын гар хөл болоод улс төржиж, улс орныг сөрөг хүчингүй нэг намын дарангуйлал дор байлгах гэж байна гэх дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй.

-АН-ын даргад өрсөлдөх потенциалтай олон хүн бий. Тэдгээрийн дунд Лу.Гантөмөр, С.Баярцогт зүй ёсоор багтана-

-Намын шинэ даргад хэн хэнийг зүтгүүлэхээр ярьж байгаа вэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Лу.Гантөмөр, С.Баярцогт нарын нэрс тодроод байгаа юм билээ?

-Олон хүний л нэр явж байгаа. Ардчилсан нам тамга тэмдэг тэвэрчихсэн, нэг хүний нам биш шүү дээ. Яахав, тиймэрхүү намууд мэр сэр байдаг л даа. Түүнтэй харьцуулахад Ардчилсан нам үндэсний хэмжээний том нам учраас маш олон лидерүүд байгаа.

АН-ын даргад өрсөлдөх потенциалтай олон хүн бий. Тэдгээрийн дунд өөрийн тань хэлж буй хоёр хүний мэдээж байгаа. Мөн З.Нарантуяа, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Х.Тэмүүжин гэх мэт арваад хүний нэрийг би одоо шууд нэрлэчихэж чадах юм байна. Гэхдээ эцсийн сонголт ҮБХ-ны гишүүдийн сонголтоор гарч ирнэ.

-Таны хувьд өөрөө намын даргад өрсөлдөх бодол байгаа юу?

-Бүх зүйл нээлттэй. Шалгуур, шаардлагыг нь хангасан хэн ч нэр дэвших эрхтэй. Гэхдээ би энэ тал дээр одоогоор байр сууриа илэрхийлмээргүй байна.

Миний хувьд нэн тэргүүнд намаа эвлэрүүлж, хууль дүрмийн дагуу шинэ намын даргаа сонгуулж, УДШ-ээр бүртгүүлэх ажилд гол хүчин чармайлт гаргаж ажиллая гэж бодож байна. Тэгж эрх баригч намын тоглоомноос гаргаж авахгүй бол энэ улс чинь сүйрлээ шүү дээ.

Сөрөг хүчингүй болсон нам яаж дураараа аашилдагийг, хэрхэн татвар төлөгчдийн мөнгөөр тоглодгийг нийтээрээ л харж, ойлголоо шүү дээ. Эрх баригч нам ч сөрөг хүчингүй бол яаж балардгийг яс махандаа тултал мэдэрч байгаа байх гэж бодож байна.

Эрх баригч нарт хандаж хэлэхэд, одоо улсаа бодох цаг болчихсон юм биш үү. Намаа бодохоо боль. Намаа бодож сонгууль хийсээр байгаад энэ улсыг алаад дууслаа. Одоо улсаа, ард түмнээ, Монголоо бодвол яасан юм бэ. Энэ бол та бүхний үүрэг шүү дээ. Бид зөндөө сануулсан. Одоо ойлгож байгаа болов уу л гэж бодож байгаа.

-ҮБХ-аар шинэ намын даргаа сонгож, Их хурлаараа батламжиллаа гэж бодоход тамга тэмдгийн асуудлаа хэрхэх юм бэ. С.Эрдэнэ даргад байгаа тамгыг хүчингүй болгох юм уу аль эсвэл хууль хяналтыг байгууллагад хандах шийдэл явах юм уу?

-Намын даргагүй байхад тамга ямар хэрэгтэй гэж. Тамганы асуудал бол бүр хойно яригдах асуудал. Үүнээс урьтаад намын даргаа хэрхэн намын дүрмийн дагуу тодруулах вэ гэдэг л чухал асуудал. Шаардлагатай гэвэл дүрмийн дагуу сонгон шалгаруулаад гарч ирсэн намын дарга нь тамганы асуудлаа шийдээд явах боломж ч байгаа. Гэхдээ энэ бол яг одоо Ардчилсан намд тулгамдсан нэн тэргүүний асуудал биш.

-Бүлэг "бүтэн" болж байгаа-

-Намын хувьд гол улс төр өрнөх ёстой талбар нь УИХ дахь намын бүлэг. Гэтэл сар гаруйн өмнө танай УИХ дахь бүлэгт даргаа солихоос авхуулаад олон үйл явц өрнөлөө. Үүнээс харахад бүлэг дотроо хэр ойлголцолтой байгаа юм бэ гэдгийг асуумаар байна?

-Бүлгийн гишүүд маань нийтлэг том эрх ашгаа харья гээд маш сайн ойлголцолтой байгаа. Саяхан л гэхэд 11 гишүүнээс 10 нь хуралдаа сууж, нэг нь хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. Бүлэг маань "бүтэн" болж байгаа. Үл ойлголцол гэхээр зүйл байхгүй. Бүгдээрээ л намын эвлэрэлд анхаарлаа хандуулж байгаа. Энэ утгаараа Ардчилсан намын зүгээс болон эвлэрэлд санаа зовж байгаа лидерүүдийн зүгээс хүчин чармайлт гаргаж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.

-Үргэлжлүүлэн цаг үеийн асуудлаар таны байр суурийг сонсож гэж бодлоо. Төв талбайн жагсаал 15 дахь өдрөө үргэлжилж байна. Та жагсаалыг ямар өнцгөөс харж байна вэ. Үүнтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагуудаас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг ил болголоо шүү дээ?

-Ийм зүйл болно гэдгийг бид эртнээс хэлж сануулж байсан. Эрх баригч та нар дээр ууртай ард түмэн л очно шүү гэж хэлж байлаа. Ингэж сануулаад байхад л үл тоож байсан. Эд нар жагсаалыг удирдана гэж андуурсан юм шиг байгаа юм. Эдийн засаг хямарчихсан, цалин орлого гэхээр зүйл байхгүй, ажлын байр, хөрөнгө оруулалт байхгүй, бизнесүүд нь хаалгаа барьж буй ийм үед эрх баригч нар жагсаалыг удирдаж чадахгүй. Эрх баригч нам 1062 суудалтай байгаад ч Ардчилсан нийгмийг ингэж удирддаггүй юм. Одоо ардчилсан нийгмийг ардчилсан аргаар удирдах тийм зарчим, арга барилд МАН суралцаагүй юм байна. Дарангуйллын байдлаар удирдсанаас ийм нөхцөл байдал үүссэн. Тиймээс энэ жагсаал цаашид ч өргөжих магадлалтай гэж харж байгаа. Энэ янзаараа ирэх хавар ч МАН ууртай ард түмэнтэй дахиад л нүүр тулна. МАН сүүлийн 100 жилийн түүхэндээ Л.Оюун-Эрдэнийн үед арчигдах тийм л юм руу орох байх. Тиймээс эрх баригч нар хүртэл нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой. Жагсаалын цаадхыг зөв дүгнэж харах ёстой гэж харж байгаа.

Нөгөө талдаа, хуулийн байгууллагууд прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгдөг шүү дээ. Прокурорын байгууллага мэдээллээ өгөөд явах гэж харж байгаа. Сая мэдээлэл дунд нь нэр дурдагдсан гишүүд нь хүртэл гомдол мэдүүлээд явж байна лээ шүү дээ. Хуулийн байгууллагаас биш манай намаас жагсаалт өгсөн гэх зүйлийг хэлж байна лээ. Хэрэв энэ үнэн бол ноцтой асуудал. Нэг нам хэдэн хүний нэрсийг захиалгаар өгдөг болчихвол том аюул. Тиймээс энэ асуудлыг ч хуулийн байгууллагууд нь хянаад явах байх. Ер нь сайд, улс төрчид олон нийтийн өмнө гарч ирээд мэдээлэл хийдэг, мөрдөн шалгах ажиллагааны талаар ярьдаг байдал нь бруу жишиг. Хуульд нийцэхгүй. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх бодлого боловсруулдаг болохоос гэмт хэргийг шалгадаг, нотолдог, тогтоодог газар биш. Тиймээс Үндсэн хуулийнхаа зарчим руу энэ асуудлаа яриад явахгүй бол цаашид эрх зүйт төртэй улс байх эсэхтэй нүүр тулна.

-Хэрэг хянан шалгагдаж байх үед 17 хүний нэрийг зарласан явдал нь эргээгээд хэрэг мөрдөн байцаалтын явцад ямар байдлаар эрсдэл үүснэ гэж та харж байна вэ?

-Нотлох баримтгүй зүйлээр дүгнэж ярих боломжгүй. Хуулийн байгууллагууд нь хараат бусаар шалгаад нотлон тогтооно. Харин үүнд нь аль нэг улс төрийн нам, улс төрчдийн зүгээс шахалт үзүүлж болохгүй. Нөгөө талдаа, иргэдэд, хэвлэлд мэдээлэлд хардах эрх бий. Энэ эрх байх ёстой. Тиймээс аль аль талаас зөв хяналтыг тавьж нэг талдаа гарах ёстой л гэж харж байна. Миний харж буйгаар, нүүрсний хэрэг энэ 17 хүнээр тогтохгүй л байх. Энэ нь явж явж намын санхүүжилт, сонгуульд нь явсан болж таарна. Энэ мэт маш олон асуудлууд мухарлагдах хүртэл шууд дүгнэлт хийх нь өрөөсгөл юм.

-Оросын тагнуултай ажиллахгүй гээд байсан хүн чинь гэнэт л нийлээд явах юм-

-Нүүрсний хулгайн гэмт хэрэгт хамгийн нэгдүгээрт шалгах ёстой хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдгийг хэд хэдэн улс төрч зарлачихсан. Гэтэл ийм эгзэгтэй цаг үед танай нам, ялангуяа С.Эрдэнэ дарга намын нэгдээд яваа. Бичиг хүртэл хүргүүлчихсэн явна шүү дээ?

-Оросын тагнуултай ажиллахгүй гээд байсан хүн чинь гэнэт л нийлээд явах юм. Ер нь намынхаа үнэт зүйл зарчмыг хувийнхаа шуналаар худалддаг байж таарахгүй ээ. Энэ бол Ардчилсан намын үнэт зүйл биш. Бид энэ байр суурь дээрээ хатуу зогсоно.

Нөгөө талдаа үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү төрийн бүхий л эрх мэдлийг татан төвлөрүүлдэг болсон буруу жишиг сүүлийн хэдэн жилд тогтчихсон байсан. Үүний л гай. Одоо бид зөв зарчим руугаа орохгүй бол дарга нарын хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гэсэн зүйлээ төрийн нууц гэдэг ойлголтод багтаадаг байж болохгүй.

Мөн Засгийн газар оффтейк гэрээг саяхан л мэдсэн юм шиг гайхацгааж байна. Энэ шиг худлаа зүйл байхгүй. Үнэхээр мэдээлэлгүй сууж байсан бол Засгийн газар огцрох ёстой. Одоо бүх гэрээгээ ил болгох ёстой. Эзэд нь дотроо л сууж байгаа шүү дээ. Одоо эрх баригчдыг гаднаас биш дотроосоо хайгаад явах ёстой байх.

-Ярилцсанд баярлалаа.

ШУУД ҮЗЭХ:

У.Цогтбаяр: Дүү рүү минь дайрч, миний зүрх сэтгэлийг мохоож байгаад намайг дараад авбал хэн нэгэн хүн нь амжилтад хүрэх гээд байх шиг байна
У.Цогтбаяр: Дүү рүү минь дайрч, миний зүрх сэтгэлийг мохоож байгаад намайг дараад авбал хэн нэгэн хүн нь амжилтад хүрэх гээд байх шиг байна
 
Эрт илрүүлэх үзлэгт ХОЁР жилд нэг удаа орох боломжтой
Эрт илрүүлэх үзлэгт ХОЁР жилд нэг удаа орох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.