Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Цогтбаяр: Дүү рүү минь дайрч, миний зүрх сэтгэлийг мохоож байгаад намайг дараад авбал хэн нэгэн хүн нь амжилтад хүрэх гээд байх шиг байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 5 секунд

Жанжин Д.Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдад хариуцлага тооцуулах хүсэлтэй иргэд нэгдэн 13 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Хэдий жагсагчдын тавьсан шаардлагууд эхнээсээ үр дүнгээ өгч байгаа хэдий ч энэ нь хангалттай үр дүн биш юм. Тийм учраас бид жүжигчин У.Цогтбаяр буюу Цогтоотой хэсэг хором ярилцаж, жагсаалын хамгийн эцсийн зорилго юу болох мөн түүнд тулгамдаад буй бусад асуудлын талаар цөөн хором ярилцлаа.

-Жагсаал хамгийн удаан үргэлжилж буй жагсаалуудын нэгд тооцогдох болж байна. Тэмцлийг хэзээ хүртэл үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна вэ. Мөн нүүрсний хулгайд нэр холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарласан байгаа шүү дээ. Нэрстэй жич танилцсан уу?

-Жагсаалбн маань үр дүн тодорхой хэмжээгээр гарч байна. Огт үр дүнгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ 40 их наяд төгрөг гэдэг бол үндэстэн дамнасан, мөнгө угаасан гэх зэрэг манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд маш ноцтой үр дагавар учруулсан хэрэг учраас өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн том хулгай гэж үзэж байгаа.

Түүнээс гадна зарласан 17 албан тушаалтан, эрх мэдэлтнүүддээ арга хэмжээ аваагүй байгаа учраас тэмцэл маань үргэлжилсээр байна. Мөн яг жинхэнэ хулгайчдаа огт зарлахгүй байна. Шударга бус байна. Эрх баригч намынхан ард иргэдийнхээ талд байгаа гэх боловч бидний талд биш гэдгийг нь мэдрээд байна.

Хэрэв бидэнтэй нэг байр суурьтай байгаа юм бол гараад ирээч ээ. Шударга байгаач ээ. Хулгайчдынхаа нэрийг бүтэн зарлаач ээ.

-Нүүрсний хулгайчдын нэрсийг бүрэн зарлаагүй гэж үзэж байгаа юм байна тийм үү?

-Тийм. Нэрсийг зарласан ч арга хэмжээ авахгүй байна. Бүр тэд нартайгаа хамт хуулиа батлах гээд сууж байна шүү дээ.

-Та бүхний зүгээс тавьсан шаардлагынхаа хариуг албан бичгээр авна гэсэн хүсэлтэй байгаа шүү дээ?

-Биднийг хуулийн мэдлэггүйг далимдуулан албан бичгээр хариу өгөхгүй байх башир арга хэрэглэж байна гэж үзэж байна. Хэрэв албан бичгээр хариу өгвөл бид хуульчидтай уулзаж, зөвлөгөө авна шүү дээ.

Би олон өдөр нойргүй хонож байна. Үнэхээр дарамттай байна. Миний харж байгаагаар авлига, албан тушаалаа урвуулан ашиглавал 100 сая төгрөгөөр торгох гээд байх шиг байна. Бас төрийн албанд ажиллахыг нь бүх насаар нь хориглох гээд байх шиг байна. Энэ хангалтгүй шүү дээ. Хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

Бид ерөнхийлөгчийн засаглалтай бол гээгүй шүү дээ. Цаазаар ав ч гээгүй. Зүгээр хулгайчдынхаа нэрийг зарлаад, хөрөнгийг нь хураагаад ял шийтгэлийг нь зохих хэмжээнд нь оногдуулаад өгөөч ээ л гэж хүсэж байгаа шүү дээ. Сэдвээсээ хазайсан зүйл огт байхгүй шүү дээ.

"Нэрсийг зарлачихаад байхад нэрсийг зарла гээд байх ю. Ямар учиртай юм бэ" гээд бидний буруу болгох гээд байх юм. Тийм шударга байгаа юм уу. Шударга гэж харагдахгүй байна. Магадгүй тэр 40 их наяд төгрөгөө сонгуульдаа ч ашигласан ч байж магадгүй. Тэр их мөнгө хайчсан юм бэ. Бүгд л өөрийгөө би хулгайч биш гэж байна шүү дээ.

Бүтэн 12 хоног жагсаж байна. Суулт зарлаад 7 хонож байна. Энд би удирдаад, толгойлоод байгаа юм огт байхгүй. Надаас илүү тууштай тэмцэж байгаа маш олон залуу байгааг сошиал орчноор ч тэр бүгд харж байна.

-Хамгийн их анхаарал татаж байгаа сэдэв бол таны төрсөн дүүд халдах гэж оролдсон. Гэрийх нь хаалган дээр элдэв юм бичсэн, газ шахсан зэрэг асуудал гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халдлага болсон. Үүнийг бол миний зүрх сэтгэлийг мохоох, намайг дарж авах гэсэн арга байна гэж харж байгаа. Урд шөнө халддаг нь ямар учиртай юм бол. Өнөөдөр хуулиа баталж байгаа нь ямар учиртай юм бол.

Яагаад намайг Хятадын эрлийз гэж янз янзын хөдөлгөөнүүд хэвлэлийн бага хурал хийгээд байгаа юм бол. Намайг л Хятадын эрлийз болгоод, намайг л дараад авчихвал хэн нэгэн хүн нь амжилтад хүрэх гээд байгаа юм шиг байна.

-Сэтгэлзүйн хувьд хэр байна. Маш их дайралт, хардлага ирж байгаа шүү дээ?

-Надад сэтгэлзүй гээд хэлчих зүйл алга. Би зүгээр л хүүхдүүдээ тэврээд, эхнэрийнхээ гарыг атгаад л байж байхыг хүсч байна. Өөр яаж сэтгэлзүйгээ бэлдэхээ огт мэдэхгүй байна.

Гэхдээ би яах гэж ийм зүйлд оролцов доо, яах гэж үүнийг эхлүүлэв ээ гэж огт бодохгүй байгаа. Анх ирэхдээ л хулгайчгүй болъё, хариуцлага тооцъё гэж бодсон тэр бодол маань хэвээрээ байна. Улс төр гэдэг бол үнэхээр аймшигтай юм байна.

-Зарим иргэдийн зүгээс жүжигчин Цогтоо яагаад жагсаал удирдаад яваад байгаа юм бэ. Магадгүй төлбөртэй жагсаал болж байгаа юм биш үү гэж хардаж байна. Үүн дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлбэл?

-Яагаад ингэж хардаж байгаа вэ гэвэл өмнөх бүх жагсаалууд тийм системээр явагдаж байсан учраас хүмүүс хардаад байгаа юм. Бидний жагсаалыг органик ба органик бус гэж нэрлээд байгаа. Үүнийг би ойлгохгүй байна. Надаас илүү шударга ёсыг хүссэн, тууштай тэмцэж байгаа олон залуу байгаа шүү дээ.

Би ч эд нарынхаа сэтгэлийг мохоочихгүй юмсан, итгэлийг нь алдчихгүй юмсан гээд явж байна. Улс эх орондоо сайхан амьдрах гээд байж байна.

Түүнээс гадна нэг зүйлийг хэлье. Би хэн нэгэнтэй тохирсон бол нэг их удалгүй илчлэгдэнэ. Цаг хугацаа харуулна шүү дээ. Хэн нэгнээс би мөнгө авсан бол үр хүүхдээрээ тангаргалан байж түүгээр нь хоол авч идээд, хүүхдүүдээ тэжээгээд сууж байна гээд төсөөлөөд үздээ.

Ийм эцэг хүн байх уу. Хүний ёсноос гажууд, хүнлэг бус зүйл байх уу. Яасан итгэдэггүй юм бэ. Иргэд тэгж хардах нь байж болох асуудал. Бүр сүүлдээ бид өөрсдөө ч итгэхэ байж байна. Ийм л нийгэм шүү дээ. Тиймээс одоо л өөрчлөхгүй бол болохгүй.

-Уг жагсаалыг удахгүй нээлтээ хийх гэж байгаа шинэхэн кинотой нь холбож байгаа хүмүүс ч байна. Ялангуяа киноныхоо маркетингийг хийх гэж байна гэж байна?

-Энэ жагсаалд оролцсон ч бай үгүй ч бай манай киног хүмүүс үзнэ. Бид комеди төрлөөр улс төрийн тухай кино хийе гээд хоёр жилийн өмнөөс л ярилцаж байж хийгдсэн кино. Үүнтэй битгий хольж хутгаач ээ гэж хүсэж байна.

-Та бүхний хамгийн эцсийн зорилго яг юу юм бэ?

-Өмнө хэлсэнчлэн хулгайчгүй л төртэй болъё. Хэрэв хулгайч биш юм бол түүнийгээ нотол. Хэрхэн баяжсанаа тайлбарла. Хариуцлагаа хүлээ. Ингээд л болоо шүү дээ.

-Ерөнхийлөгчийн засаглалыг огт хүсэхгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Ерөнхийлөгчийн засаглалтай болж яадаг юм. Дараагийн засаглалтай болох гээд байгаа юм уу.

-Ярилцсанд баярлалаа.

SOCIAL POP: “Үнэн ба Зөв“ намын дарга А.Отгонбаатар жүжигчин Цогтоог “Хятад“ гэв
SOCIAL POP: “Үнэн ба Зөв“ намын дарга А.Отгонбаатар жүжигчин Цогтоог “Хятад“ гэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.