УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 2023 оны төсвийн талаар мэдээлэл хийв. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар 2023 оны төсөв батлагдсан юм.
Тэрбээр "2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан ирэх жил нийгэм, эдийн засгийн тодорхойгүй байдлууд үргэлжлэхээр байна. УИХ-ын зүгээс төсөв батлахад тодорхой хэд хэдэн бодлогуудыг гаргаж ажилласан. Үүнд,
Нэгдүгээрт, төсөвт суугдсан, ирэх жил тэвчиж болох зардлуудыг танасан. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тэнцлийг сайжруулах бодлогыг баримталсан. Хэмнэсэн зардлаараа нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогуудыг баримталсан. Тухайлбал, эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг бүрэн шийдвэрлэж, төсвийн хуулинд суулгасан. Түүнчлэн хүүхэд хамгаалах болон эрүүл мэндийн тодорхой хөтөлбөр, бодлогуудыг хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Хамгийн гол нь төсвийн реформын эхлэлийг тавьсан. 2023 оны төсвийг дагалдаж гарах тогтоолуудын хэмжээнд хэд хэдэн эрх зүйн шинэчлэлүүдийг УИХ-аар баталсан. Тодруулбал, төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг дээшлүүлэх тогтоолыг баталж гаргасан. Цаашдаа төрийн өмчийн компани, хувьцаат компаниуд СЗХ-ноос бэлтгэж байгаа нэгдсэн цахим бүртгэлийн системд бүртгэгддэг болно. Тэгэхээр уг компаниудын бүхий л мэдээ, мэдээлэл, гэрээ хэлцэл, татвар, өр авлагатай холбоотой бүх асуудал цахим бүртгэлийн системд бүртгэгдэнэ. Ингэж байж төрийн өмчит компаниудын нээлттэй, ил тод байх боломж бүрдэх юм.
Нүүрсний хулгай гэх юм уу гэрээнүүд ил тод бус байдаг, үйл ажиллагаа, тээвэрлэлт, олборлолт, экспортын гэрээнүүд ил тод бус байдаг учир нэг зүйл заалтыг тогтоолд тусгасан. Төрийн өмчийн буюу уул уурхайн төрийн өмчит компаниуд ашигт малтмалыг олборлохоос авахуулаад тээвэрлэх, экспорт гаргах хүртэл бүх үе шатуудад хамааралтай гэрээнүүдийг татварын цахим, нэгдсэн системээр бүртгүүлж, экспортод гаргадаг тогтолцоог бүрдүүлэх тогтоол шийдвэрийг гаргалаа. Цаашдаа төрийн өмчийн нууцын гэх зэрэглэлтэй байгаа бүх гэрээнүүдийг энэ ондоо багтаж, УИХ-д танилцуулах үүрэг даалгаврыг ЗГ-т өглөө" гэлээ.