Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр, "Сар гаруйн хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн намайг дайрлаа, доромжиллоо, тэвчлээ. Тодорхой хэмжээнд тайлбар мэдээлэл өглөө. Миний бие 1996 оноос хойш банк санхүүгийн байгууллагад ажиллаж байна. Энэ салбарт ажиллаж байгаа, байсан хүмүүсийг танина. Найз, нөхөд олон бий.
Гэтэл тэр болгонтой намайг холбож ярьж байна. Үүний учир шалтгааныг би мэдэж байгаа. Гэхдээ үүнд ярьж болох, болохгүй зүйл гэж бий.
Ц.Даваасүрэнгийн 2012-2020 оны сонгуултд өөрийх нь менежер хийж байсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга хийж байсан Ц.Гансүх гэдэг залууг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр одоогоос яг жилийн өмнө Дарханы арьс ширний цогцолбор ТӨҮГ-ын захирлаар томилуулсан байдаг.
Харамсалтай нь энэ ТЭЗҮ их өөрчлөгдсөн. Анх 10 сая арьс шир боловсруулах байсан бол одоо 4,4 сая болтлоо буурсан. Гэтэл хөрөнгө оруулалт нь 2-3 дахин нэмэгдсэн. Үүнийг боловсруулах тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар гэсэн судалгаа байдаг. Мөн бог малын арьс шир боловсруулахад 3-4 сая ам.доллар байдаг. Дэд бүтцийг нь ойролцоогоор 40 тэрбум төгрөгөөр хийсэн гэж тайлан тавьж байгаа. Эдгээрийг нийлүүлэхэд хамгийн ихдээ 60 сая ам.долларын бүтээн байгуулалтын ажил юм.
Гэтэл одоо хийгдсэн байгаа ТЭЗҮ нь 159 сая евро. Үүний 103 сая еврог зээлээр, 19 сая еврог төсвөөс, 30-аад сая еврог нь Эрдэнэтээс гаргуулна гэсэн хүсэлт манай яаманд ирсэн. Түүнээс гадна 103 сая еврог засгийн газраар бататлгаа гаргуулна гэсэн хүсэлт ирсэн. Тиймээс өнөөдөр би боломжгүй гэсэн хариуг өгнө. Энэ бол Ц.Даваасүрэн гишүүн бид хоёрын хувийн харилцаа биш.
Байгуулагдаад нэг жил болж байгаа компанид монголын ард түмний хөрөнгөөр баталгаажсан, засгийн газрын баталгаа гаргаж өгдөггүй. Цаашид эрсдэлийн шинжилгээ хийх ч боломж байхгүй. Тэр томилогдсон залуугийн буруу гэж юу байхав.
Ц.Даваасүрэн гишүүн "Дарханы арьс ширний цогцолбор"-т өөрийнхөө хүнийг томилоод, төсөвт өртгийг нь хэд дахин нэмж байна" гэв.