Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Болдбаатар: МАН-ынхан шиг ах нарынхаа “лифт”-ээр ороод крандуулдаг залуучууд манай холбоонд байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 34 секунд
Ubn.mn

АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатартай ярилцлаа.

-Та АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүнээр сарын өмнө сонгогдсон. Холбооны шинэчлэл, алсын харааг юу гэж харж, ажиллахаар төлөвлөж байна вэ?

-АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбооны хамгийн анхны ерөнхийлөгч Г.Батхүү агсан байсан. Түүнээс хойш Ардчилсан намын лидерүүд удирдаж ирсэн. Холбооны хувьд намынхаа үзэл баримтлалыг дагаж, парламентад сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх намын гишүүдийн бодлого чиглэлд хяналт тавьж, дэмжиж ажиллах ёстой ганц байгууллага л даа. Энэ утгаараа Ардчилсан залуучуудын холбоо цаашид Ардчилсан нийгмийг бий болгосон үнэт зүйл тээгч буюу “ах нар”-ыгаа муулж, яллах гэхээс илүү сайн туршлагаас нь суралцаж, практикт ашиглах ёстой гэж үзэж байгаа.

Эрх баригч намын хувьд Ардчилсан намыг дотор нь хагалан бутаргах, нийгэмд харлуулах үйл ажиллагааг тасралтгүй хийж ирсэн. Лидерүүдийг хооронд нь хагаралдуулах ажиллагааг маш олон жил хийж байсан юм билээ. Тиймээс бидний шинэ үеийн залуучууд арай өөр өнцгөөс асуудалд хандах ёстой юм байна.

Бид нар гараад ах нарыгаа муулаад байх биш. Сөрөг хүчний үүргээ биелүүлж, ард түмний өмнө хүлээсэн үүрэгтээ эзэн болж чадахгүй байгаа намынхаа намын нөхдөөс хариуцлага нэхэж, шаардах цаг болсон байна. Тэгэхээр өнөөдөр иргэдийн нуруун дээр байгаа хүнд ачааг нимгэлэхийн тулд сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байгаа гэдэг утгаар би хамгийн түрүүнд шударга залуучуудыг холбоондоо элсүүлж, хамтдаа сөрөг хүчний дуу хоолой болж ажиллахын төлөө зүтгэнэ гэж боддог.

-Та сая ардчиллыг авчирсан “ах нар”-ыгаа бид буруутгах шаардлагагүй гэж хэллээ шүү дээ. Гэтэл парламентад суудал авч сонгогдсон 11 гишүүн өнөөдөр сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, хувийн ашиг сонирхол дээрээ талцал үүсгэчихлээ. Намын эрх ашиг чинь хэсэг бүлэг хүмүүсийн хувийн эрх ашигтаа дарагдаад байгаа юм биш үү?

-Ардчилсан Залуучуудын холбоо гишүүддээ шаардлага тавиад явж байгаа. АН 11 УИХ-ын гишүүнтэй. Ард түмэн 11 гишүүнийг хоорондоо талцах биш, сөрөг хүчнийхээ хяналтыг эрх баригч нарт тавиад жинтэй дуугарахыг хүсэж байгаа. Ер нь бол 11 гишүүн бол цөөдөхгүй л дээ. Сөрөг хүчин нэг байсан ч гэсэн хүч дутдаггүй. Өнөөдөр нам, бүлэг хоорондын уялдаа холбоо байх ёстой гэж би хардаг.

МАН олон жилийн турш АН-ын лидерүүдийг хооронд нь талцуулах ажлыг хийж ирсэн. Манай 11 гишүүнээс сайд нарын албан тушаал амлаад нэг хэсэг нь явлаа. ҮХНӨ дээр нэг хэсэг нь эрх баригч намтай Засгийн газарт хамтарч ажиллая гээд зарим нь ханарсан.

Дээр нь Ардчилсан нам дотроо хоёр хуваагдлаа гэх мэт асуудлууд нь эргээд нийгэмд Ардчилсан намын нэр хүндийг шалан дээр унагаж байна. Тогоон дотроо гэдэг шиг хэрвээ алдаа, оноо байвал дотроо ярих хэрэгтэй. Тогоонд “буцалсан” хэрүүлээ нийгэм рүү гаргаж бүхэл бүтэн 200 мянган гишүүнтэй намынхаа нэр хүндийг шороотой хутгана гэдэг бол зохисгүй үйлдэл юм.

Тиймээс УИХ-д сонгогдсон 11 гишүүнийг нэг зүйл дээрээ нэгдээч гэж хүсэж байгаа юм. "Албан тушаал, амбицаа хая, улс орны эрх ашиг хөндөгдөж байна" гэдэг шаардлагыг тавьж ажиллана. Эцсийн дүндээ эдгээр хүмүүс Ардчилсан намаас сонгогдсон нь гарцаагүй учраас сөрөг хүчний дуу хоолой болж ажиллах нь тэдний үүрэг. Тэрнээс биш сайд бол гэж УИХ-ын гишүүн болгоогүй.

-Ардчилсан намын талцал одоо болтол шийдэгдээгүй байна. Үндсэндээ нийгэмд Х.Баттулга талын Ардчилсан нам, эсвэл С.Эрдэнийн Ардчилсан нам гэсэн хоёр нэршлээр ялгаж, салгаж ойлгодог болчихсон. Намаа нэгтгэхэд танай холбоо ямар байдлаар ажиллах вэ?

-Ардчилсан Залуучуудын Холбоо намын ирээдүйн залгамжлагч, манлайлагч байх учраас хуучны аргаар үзэх биш шинэ аргаар энэ болохгүй байгаа зүйлүүдийг өөрчилж явна. Намын гишүүд дунд хувь хүн л болсон хойно нэгэнтэйгээ маргах, зөрчилдөх зүйл гарна. Энэ асуудлыг байхгүй болгохын төлөө залуучууд нь эхлээд хоорондоо ойлголцох ёстой.

Иймээс бид нар Х.Баттулгын талын залуучуудтай саяхан уулзалт зохион байгуулсан байгаа. Уулзалтаар баримталсан ганц зарчим нь албан тушаалын тохироо ярихаас илүү эхлээд залуучуудаар нэгдэхийг уриалсан.

Угаасаа Улсын Шүүх дээр хамгийн түрүүнд баруун төвийн үзэл баримтлалтай үнэт зүйлийг тээсэн нам бол Ардчилсан нам гэдгийг заагаад өгчихсөн байгаа. Гагцхүү Ардчилсан нам энэ үнэт зүйл дээрээ нэгдэх ёстой. Харин эрх ашиг дээрээ нэгдэх юм бол 2024 онд ялалт авсан ч гэсэн маргааш нь эрх ашгаа дагаад сална. Хуучин бол Ардчилсан намд таван намын нэгдэл байсан учраас өнөөдрийн ялгарал бий болж байгаа юм.

-Өнгөрсөн аравдугаар сард Ардчилсан нам “Сүүдрийн Засгийн газар” байгуулсан. Удирдлагын бүрэлдэхүүнд Ч.Сайханбилэгийг томилсон нь улстөрийн хүрээлэлд нэлээдгүй хэл ам дагуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ "Сүүдрийн Засгийн газар"-аа сүүдэртсэн хүнээр удирдуулахаар боллоо гэх шүүмжлэл тасарсангүй. Ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Барууны орнуудын жишгээр Парламентын сөрөг хүчин нь “Сүүдрийн Засгийн газар" байгуулдаг л даа. Энэ утгаар Ардчилсан нам өнгөрсөн гуравдугаар сарын 31-д Улсын дээд шүүхээр шинэ дүрмээ батлуулсан. Хүмүүсийн хэлдгээр С.Эрдэнийн гэх Үндэсний бодлогын хороотой нам л даа. Үндэсний бодлогын хороо нь үндэсний хэмжээний бодлого тодорхойлох зорилгоор байгуулагдаж 21 аймаг, 9 дүүргээс сонгогдож гарч ирдэг манлайлагч нарыг хорооны даргаар томилдог. Ч.Сайханбилэгийн хувьд Үндэсний бодлогын хорооны дэд дарга гэж явдаг. Үндэсний бодлогын хорооны дарга нь Д.Ганбат. Эдгээр хүмүүс бодлогын хорооны үйл ажиллагааг л цааш чиглүүлж явуулах учиртай. Хэрвээ дарга, дэд дарга нар нь ажлаа хийж чадахгүй бол хорооны гишүүд эргүүлэн татаж дараагийн удирдлагуудыг томилдог байх ёстой.

-Намын дэргэдэх залуучуудын холбоо ирээдүйн улс төрчдийг бэлтгэдэг сургууль шиг л болж хувирлаа. Тухайлбал, эрх баригч нам залуу боловсон хүчнээр цус сэлбэж удирдлагын эрхээ баталгаажуулах гэж оролдож байна. Гэтэл Ардчилсан намаас хэзээ залуу үеийг төлөөлсөн лидерүүд төрөх вэ гэсэн олны хүлээлт үүссэн. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Шууд хэлэхэд, Залуучуудын байгууллага өөрөө бойжиж төлөвшөөгүй байна. Би бол шууд залуучуудаа буруутгана. Яагаад гэвэл манай залуучууд нэгдэж чадахгүй байна. Нэгнийгээ дэмжиж чадахгүй байна. Манай залуучууд ах нарынхаа доор ороод нуугдчихаад байна. Ах нарынхаа өөдөөс зоригтой шүүмжилж чаддаггүй. Шүүмжлэх гэдгийг “чи зайл” гээд орилж, цонх хагалахдаа гэж ойлгоод байна. Алдааг нь хэлж, хамтарсан шийдэл гаргаж ажилладаг байх ёстой. Шинэ үеийн залуус өөрсдөө хүчирхэг байвал бид нарын хэлдгээр “ах нар” өөрсдөө хүлээн зөвшөөрнө. Хүлээн зөвшөөрөгдөх зүйлийг залуучууд л хийж чадна.

Одоо МАН-ыг хар л даа. Тэд ах нарын “лифт”-ээр ороод залуучууд нь “крандуулаад” гараад ирдэг. Манай нам бол тэгдэггүй.

Бид ах нараасаа илүү байж гарч ирэхгүй бол өнөөдөр тэд болохгүй байна гэдгийг хүн мэдэж байгаа. МАН-ын 80-аад оны залуучууд төрийн эрх барьж сүүлдээ 1990 оны залууг дэд сайдаар томилж чадлаа. Гэтэл ардчилсан намын залуучууд “Өлгийндөө өтөллөө” гэж ярьдаг. Үүнийг нийгмээрээ хэлж байгаа. Нэг л зүйл хэлэхэд манай Ардчилсан намын залуучууд өөрсдөө арчаагүй байна. Гэхдээ арчаагүй байгаа байдлыг өөрчлөхийн тулд хамтдаа зоригтойгоор нэгдэх ёстой. Нэгдэхдээ үнэт зүйлээ яриад нийгмийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Цаг хугацаа бага байна. Одооноос шуурхай хөдөлж, үр дүнд хүрэх ёстой. Товчхондоо бид ах нартаа таалагдаж хүлээн зөвшөөрөгдөх нь чухал биш, нийгмийн үзэл санааг өөрчилж масст хүлээн зөвшөөрөгдөх нь л хамгийн чухал. Нийгэмд танигдаагүй цагт Ардчилсан намын залуучуудыг хэн ч тоохгүй.

Бодоод үзэхэд сүүлийн 30 жилийн хугацаанд Ардчилсан намаас өнөөдөр хамгийн ихдээ 20 гаруй хүн л танигдсан байна шүү дээ. Тэр 20 хүнийг МАН үеийн үед хагаралдуулсаар байгаад өнөөдөр нийгэмд тэр 20 хүн шиг новш байхгүй гэдэг ойлголтыг суулгачихсан.

Ардчилсан залуучуудын холбоо тэдгээр хүмүүсийг өнгөрсөн алдаа, оноотой нь хүндлээд орхих хэрэгтэй. Магадгүй Парламентад нөлөөлж чадах, дуу хоолойгоо илэрхийлдэг, хуул санаачлахад оролцдог байх цор ганц боломж бидэнд байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригч намын эсрэг ганцаараа дуугараад хядуулах шахдаг байсан. Одоо бид бөөндөө дуугарах ёстой юм байна гэдгийг өнгөрсөн жишээнүүд харуулдаг даа.

-АН-ыг нэгдэх болов уу, сөрөг хүчний үүргээ биелүүлчих болов уу гэж иргэд хүлээсээр байтал 2024 оны сонгууль хаяанд ирэв. Үлдсэн ганцхан жилийн хугацаанд АН төр эргүүлж чадах уу гэдэг эргэлзээ нийгэмд үүссэн байна. Үнэхээр Ардчилсан нам хүчээ нэгтгэж чадах уу?

-Ардчилсан нам эвлэлдэж чадсангүй. Цаашид бүр сөрөг хүчний орон зайгаа гуравдагч намд алдах нь гэдэг яриа их байгаа. Яг үнэндээ хүссэн хүсээгүй түүхийн он тооллоороо ч тэр улс төрд Ардчилсан нам байх ёстой юм байна гэдгийг нийгэм ойлгож хэлнэ. Бид маш богино хугацаанд нэг л зүйлийг хийх ёстой. Маш олон залуучуудыг эгнээндээ элсүүлж дотроо байгаа нөөц бололцоогоо ашиглах ёстой. Дээр нь өнөөгийн залуучууд юуг хүсэж шаардаад байгааг судалгаанд тулгуурласан анализ хийж нэгтгэх хэрэгтэй байна. Судалгаагүй ажил, сураг бараадсан таамаг хэзээ ч хол явдаггүй. Тиймээс манай залуучууд зоригтой, хүчтэй ажиллавал 2024 оны сонгуулиар Ардчилсан нам магадгүй илүү олон парламентын суудал авах байх гэж найдаж байна

Б.Мягмарсүрэн

Хотын дарга Д.Сумъяабазар: Оношлогоонд орж, татвар хураамжаа төлж байж Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцох ёстой
Хотын дарга Д.Сумъяабазар: Оношлогоонд орж, татвар хураамжаа төлж байж Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцох ёстой
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.