Монгол Улсын Засгийн газраас гаргасан Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах арга хэмжээний тухай тогтоолоор олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулж буй. Энэ хүрээнд нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг арваннэгдүгээр сарын 1-нээс цахимжуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа.
Нийслэл хот руу орж, мөн гарч байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр гурван секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх найман товчоонд суурилуулаад байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр зам тээврийн нэгдсэн ухаалаг системийг бий болгох ажлыг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд авто замын төлбөр авах цэгийг цахимжууллаа. Өөрөөр хэлбэл, татвараа төлөөгүй, даатгал, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл хот руу нэвтрэх, хотоос гарах үед цахим системээр цагдаагийн албан хаагчид хяналт тавьж, хууль журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэдэг болж байна. Энэ маш чухал.
Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч, 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр энд дүрэм журам, хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдах ёстой. Бүгд зорчих хөдөлгөөнд соёлтой оролцож, зөрчил гарахаас сэргийлж, татвар хураамжаа хугацаанд нь төлөн, дүрэм журмаа мөрдөх ёстой. Дэлхийн хотуудын адил хөгжинө гэвэл ингэж л таарна. Нийслэл рүү орж, гарч буй тээврийн хэрэгслийг товчоод бүртгэж хянаснаар, зөрчлийг арилгана” гэж онцоллоо.