Хошин урлагийн ноён оргил гэгдэх "Х-Түц" продакшны гал голомтыг өнөөдрийг хүртэл таслалгүй үргэлжлүүлж яваа эрхэм бол яах аргагүй МУГЖ Н.Онон билээ. Урлаг хэмээх айлд тасралтгүй 30 жил зүтгэсэн тэрбээр ямар ч дүрийг чадварлагаар амилуулдаг нэгэн.
Тэрбээр яг одоо "Орфей" театрын хамгийн сүүлийн уран бүтээл болох "Опал" жүжигт "Соломон Бозо"-ийн дүрийг чадварлагаар бүтээж, хүмүүний орчлонгийн үнэн хийгээд хүн хүнээ хайрлах ёстой хэмээх эрхэм чанарыг олон хүнд ухааруулах ажилдаа шамдаж буй. Энэ ч утгаараа "Опал" жүжиг үзэгчдээс өндөр үнэлгээ авч, магтаалын буухиаг таслахгүй, үзсэн хүн бүхэн ухаарлын мэдрэмжийг магтаалын үгтэй хамтатган заалнаас гарцгаана. Амьдралыг мөнгөөр хэмжиж, худал хуурмагт сүнсээ худалдахаас ч буцахгүй ноён "Соломон Бозо" хүн хүнээ хайрлахын жаргалыг хэрхэн ухаарч байгааг энэхүү жүжгийг үзсэн хүн бүхэн мэдэх биз. Тийм ч учраас ноёнтон Бозо буюу МУГЖ Н.Ононтой уран бүтээлийх нь талаар хэсэг ярилцлаа.
-Юуны өмнө шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан танд болон танай хамт олонд баяр хүргэе. Үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрч байна. Үзэгчдийн сэтгэгдэл ч өндөр байна лээ. Тиймээс "Опал" жүжгийн талаар хамгийн эхэнд онцлон ярилцъя гэж бодож байна?
-"Бродвей" театрын алдарт бүтээлүүдийн нэг болох АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг М.Батболд найруулагч маань "Опал" нэртэйгээр үзэгчдийн хүртээл болголоо. Найруулагчийн маань гурав дахь уран бүтээл. Өмнө нь "Фауст" "Гэм зэм" жүжгүүдийг чадварлагаар найруулж, үзэгчдийн сонорт хүргэж байсан.
Түүний хувьд ямарваа нэгэн жүжгийг их сонин, өвөрмөцөөр найруулан тавьдаг. Магадгүй бидний үзээд сурчихсан, дасал болчихсон нэгэн хэвийн үзэгдлийг шинэ соргогоор найруулдаг залуу найруулагч байгаа. Маш эрч хүчтэйгээр гарч ирж байгаа найруулагчтай ажиллаж байгаадаа маш их талархаж байна.
Анх зохиолоо уншихад надад маш их таалагдсан. Хэлэх гэсэн санаа, утга агуулга их өвөрмөц байсан тул зөвшөөрч, жүжгийн нэгэн чухал дүрийг бүтээлээ.
-"Опал" гэдэг нэрийг нь тайлбарлаж өгөхгүй юу?
-Зохиолоо уншсаны дараа яагаад "Опал" гэж нэрлэсэн юм бол гээд бас юу байдаг юм бол гээд интернэтээс хайж үзсэн юм. Гэтэл "Опал" гэдэг нь маш үнэтэй, ховор чулуу юм билээ. Би барьж үзээгүй ч зургийг нь хараад л баймаар чулуу байна лээ.
Тиймээс "Опал" гэдэг нэрээр мөн нэн ховордсон чулуугаар хүний сайхан сэтгэл, хүн хүнээ эрхэмлэн дээдлэх ухамсрыг энэхүү чулуугаар илэрхийлсэн юм болов уу гэж бодсон.
Түүнээс гадна хүн хүнээ хайрлах тэр нинжин сэтгэл яг энэ ховор, үнэт эрдэнэ шиг ховордоод байгаа юм болов уу гэх санааг илэрхийлж байгаа гэж хувьдаа боддог. Түүнээс гадна сайн нь муугаа иддэг гэдэг шиг орчлон ертөнц дээрх хүн төрөлхтөн муугаасаа илүү сайн руу уусаасай гэх агуулгыг илтгэсэн жүжиг юм билээ.
-Үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна лээ. Таны хувьд "Опал" жүжгийн ямар дүр дээр ажиллав?
-Би амьдралдаа эсрэг дүрийг бүтээж байгаагүй юм билээ. Одоо бодоход. Миний бүтээж буй дүр бол тодорхой хэмжээний эсрэг дүр. Нэг ёсондоо жүлик буюу жижиг гарын хулгайч.
Амьдралд хөл алдаад, эргэж босох гээд тэмцэж, зүтгэж яваа, амьдралын үнэ цэнийг мөнгөөр хэмждэг нэг нөхөр бий. Жүжгийн төгсгөлд амьдралын үнэ цэн, утга учир мөнгө биш юм байна гэдгийг ойлгож байгаа "Соломон Бозо" хэмээх залуугийн дүрийг бүтээсэн.
-"Опал" жүжгийн хувьд яг ямар төрөл жанрын жүжиг вэ?
-Жүжиг маань саркастик мелодрам төрлийн жүжиг. Зохиол нь их сонин, өвөрмөц бичигдсэн. Энэ нь далд егөөдөл, далд хошигнолыг илэрхийлсэн жүжиг. Зохиолыг уншаад, задлах тусам далд утга агуулга нь ил гарсаар л байсан. Тухайлбал, эхний гурван үзэгдэл нь инээдмийн буюу комеди, хөнгөн. Гэтэл дөрөвдүгээр үзэгдлээсээ мелодрам буюу уянгын болоод эхэлж байгаа юм.
Би урьд нь тийм жүжгийн зохиол уншиж байгаагүй. Нэг бол комедигээрээ дагнадаг нөгөө бол мелодрамаар дагнадаг. Тиймээс энэхүү жүжиг нь их сонин, өвөрмөц мэдрэмж төрүүлсэн. Ялангуяа жүжигчний ур чадвар, маневр буюу хувиралыг шаардсан жүжиг байна лээ.
Нэг тайзан дээр байж өөр өөр мэдрэмжүүд нэгэн зэрэг илэрдэг. Манай О.Энхтуул маань гол дүр буюу "Опал"-ын дүрийг бүтээж байгаа шүү дээ. Тайзны нэг талд би уй гашууд автаж байхад Опал нөгөө талд комеди тоглоод байгаа байхгүй юу. Их сонин юм билээ.
-О.Энхтуул жүжигчин та хоёрын хувьд хошин урлаг хийгээд драмын урлагт чамгүй хугацаанд хамтран зүтгэж байсан. Жүжигчин О.Энхтуул арав гаруй жилийн дараа тайзан дээрээ иргэн ирж байгаа шүү дээ. Дахин хамтрахад ямар сэтгэгдэл төрж байна?
-О.Энхтуул бид хоёрын хувьд урлагийн тогоонд чанагдаад амьдралынхаа нэлээдгүй хэсгийг өнгөрөөсөн байна. Хамгийн сонин нь бид хоёр өмнө нь огт хамтарч тоглож байгаагүй, дуэт хийж үзээгүй юм билээ. Анх удаа тайзан дээр хамт тоглож байна. Найзтайгаа олон жилийн дараа хамтарч байгаадаа туйлын их баяртай байгаа.
-"Опал" жүжгээс гадна үзэгчид "Х-Түц" продакны шинэ уран бүтээлийг маш их хүлээж байгаа байх. Ялангуяа өвөл болж байна. "Өвлийн инээмсэглэл"-ийг их хүлээж байгаа байх?
-Манай хамт олон ярилцаж л байна. Үзэгчиддээ шинэ контентоор бэлэг барих юмсан, өвлийн зургандаа орох юмсан гээд ярилцаж байгаа. Удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзана гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь уран бүтээлд нь амжилт хүсье.