АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Орфей” театр “Опал” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа уг жүжиг утга агуулгын хувьд хийгээд дүр сонголтын хувьд ч ихээхэн анхаарал татна.
Тухайлбал, тайз, дэлгэцийн уран бүтээлчид болон хошин шогийн жүжигчид хамтран нэгэн цул болж энэхүү уран бүтээлийг өвөрмөц шийдэл, өнгө төрөхөөр үзэгчдийн мэлмийд толилуулж буй юм. Тэгвэл уг жүжгийн гол дүр биш ч заавал байх ёстой нэгэн дүр бол "Театрын хүн" хэмээх дүр аж. Оноож өгсөн нэр үгүй ч "Театрын хүн"-гүйгээр уг жүжиг тоглогдохгүй байсан биз. Тиймээс энэ дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин Э.Чинзоригтой шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Аравдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Орфей театр "Опал" жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон. Амжилттай тавигдаж байна. Юуны өмнө жүжгийн талаар ярилцах нь зүйтэй болов уу?
-Жүжгийн бэлтгэл хоёр сарын хугацаанд үргэлжилсэн. Өнөөдрийн байдлаар тав, зургаан удаа тоглогдсон байна. "Опал" гэдэг нь өөрөө маш ховор, үнэт эрдэнийн чулуу бөгөөд хайрыг бэлгэдсэн чулуу юм билээ.
Тэр ч утгаараа жүжиг маань хайрын тухай өгүүлж, хайрыг бэлгэднэ. Өнөөгийн нийгмийн ороо бусгаа байдал, хувь хүний амин хувиа хичээх үзэл ч гэдэг юм уу XXI зууны хүн төрөлхтний үнэн төрх дунд хүний мөн чанар, чин сэтгэл, хайрыг бүү гээгээрэй, хайр байгаа газар амьдрал үргэлжилнэ гэдэг санааг илэрхийлсэн жүжиг юм. Жүжгийн маань гол дүр буюу "Опал"-ийн дүр дээр О.Энхтуул эгч маань ажиллаж байгаа.
-Таны хувьд тус жүжигт ямар дүр дээр ажиллав. Дүрийнхээ тухай ярихгүй юу?
-Миний хувьд "Театрын хүн" хэмээх дүр дээр ажиллаж байна. Аливаа жүжиг, кино урлаг, театрын уран бүтээл зэрэгт дүр болгон өөрийн гэсэн оноосон нэртэй байдал бол миний бүтээж буй энэ дүрд оноосон нэр байхгүй.
Би энэ дүрдээ маш их дурлаж, хайрлаж байгаа. Яагаад гэвэл ерөнхий найруулагч М.Батболдын маань надад хэлсэн үг сэтгэлд ихээхэн хүрсэн мөн зохиол маш их таалагдагдсан.
Найруулагч маань юу гэж хэлсэн бэ гэхээр "Э.Чинзориг оо надад маш олон зохиол байсан. Би алийг нь жүжиг болгох вэ гэж бодож байгаад "Опал" зохиолыг жүжиг болгоё гэж бодсон. Энэ жүжиг маань "Саркастик мелодрам" жүжиг. Энэ жүжигт "Театрын хүн"-ий дүр байгаагүй бол магадгүй би энэ жүжгийг тавихгүй байсан юм аа. Энэ жүжгийг тавих шалтгаан маань өөрөө чиний дүр байсан. Тиймээс уг дүрийг би чамд санал болгож байгаа юм" гэж хэлсэн. Надад ч мөн зохиол, дүр маш их таалагдсан. Тиймээс надад асар их хариуцлага ирсэн гэж бодож байгаа.
Нөгөөтэйгүүр миний хувьд сургуулиа төгссөнөөс хойш анх удаа тайзны уран бүтээлд тоглож байгаа маань энэ. Уран бүтээлч хүний өөрийгөө сорьж буй шалгалт гэж бодож байна. Түүнээс гадна Ардын жүжигчин Ж.Лхамхүү багш маань намайг тайзны уран бүтээлч болгох асар их сонирхолтой байсан. Харамсалтай нь би сургуулиа төгссөнөөс хойш дэлгэцийн уран бүтээлд тоглоод, 16 жил урлагийн тогоонд холилдоод явж байна. Багш маань нээлтийн тоглолтыг үзээд "Би чамайг тайзны хүн гэж хэлсэн биз дээ" гээд маш сайхан урмын үг хэлж, чин сэтгэлийн баяр хүргэсэн. Нэг талдаа багшийнхаа мөрөөдлийг биелүүлсэн гэж хэлж болно. "Театрын хүн"-ий дүр намайг "Тайзны хүн" гэдгийг маань ойлгуулж өгсөн.
Найруулагч М.Батболд маань "Love love love" жүжигтээ тоглооч ээ гээд надад санал тавьж байсан. Тухайн үед ковид гараад нээж чадаагүй. Мөн "Гэм зэм" жүжигтээ намайг урьсан ч би "Хохирогч" олон ангит уран сайхны кинонд тоглож байсан учраас мөн адил урилгыг нь хүлээж авч чадаагүй. Харин энэ "Опал" хэмээх жүжигт гурав дахь удаагаа санал тавиад урьсан. Намайг урьсан явдалд маш их баярлаж, талархаж явдгаа илэрхийлэх нь зүйтэй байх.
-Зохиолын бичвэр маш өвөрмөц санагдсан. Таны хувьд зохиол маш их таалагдсан гэж хэлж байна. Тэгвэл анх зохиолыг уншаад яг ямар мэдрэмж төрсөн бэ?
-Анх зохиолыг уншиж үзээд ямар сонин бөгөөд гоё зохиол вэ гэсэн бодол хамгийн эхэнд төрсөн. Мөн манай Монголд театрын урлагийг шимтэн үздэг масс байгаа байх. Гэхдээ нийтээрээ театрын урлагийг мелодрам эсвэл хүнд, уйлуулсан, ухааруулсан гэсэн ойлголттой байдаг юм шиг санагддаг. Гэхдээ бүгдийг нь хэлж байгаа юм биш шүү дээ.
Харин "Опал" жүжиг маань театын урлагт шинэ салхи оруулсан, “Broadway” стилийн жүжиг болж тавигдаж байгаагаараа анхдагч байх. Өмнө хэлсэнчлэн Саркастик мелодрамын жүжиг учир егөөдсөн өнгө аясыг илэрхийлсэн. Ийм төрлийн жүжиг тавигдах ёстой.
Одооны залуус өөрсдийн дуртай зүйлсээ тодорхойлж чаддаг болсон. Энэ ч утгаараа ийм урлаг байдаг юм байна, ингэж ангилдаг юм байна, би энэ жанрын уран бүтээлд дуртай юм байна гэдгээ маш сайн ойлгодог болсон. Яах аргагүй нийгмийн байдал, сэтгэлээ, цахим хөгжлийн эрин үүнтэй асар их холбоотой.Тиймээс үүнтэй хөл нийлүүлсэн.
Хүн бүрийн сэтгэл дотор драмын жүжгийг ийм байдаг даа гэсэн төсөөлөл байдаг. Гэтэл манай жүжиг тэр бодлыг нь өөрчилж чадаж байгаа нь ялангуяа залуусаас харагддаг. Түүнээс гадна ахмад үеийн уран бүтээлчид маань шинэ зүлийг олж харж, шинэ хавхалгыг нээсэн болов уу гэж бодож байна.
-"Опал" жүжгийн онцлогуудаас багахан ярилъя гэж бодож байна?
-Жүжгийн тавилт, жүжигчдийн тоглолт маш өвөрмөц. Магадгүй найруулагч маань жүжгээ тавихдаа барууны жанр руу, америк стиль рүү чиглүүлсэн. Магадгүй гадны томоохон театруудад тоглогдоход огт гологдохооргүй уран бүтээл болсон. Яг л XXI зуунд зайлшгүй тавигдах ёстой шинэ уран бүтээл болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
Мөн нуулгүй хэлэхэд манай театрын урлаг 90-ээд оны төрөл жанраасаа өнөөг хүртэл салаагүй байна. Гэхдээ мэдээж уламжлалтгүй шинэчлэл гэж байхгүй. Тиймээс уламжлалаа хүндлэхгүй байхын аргагүй. Тиймээс уламжлал дээрээ суурилаад бид шинэ салхийг үзэгчиддээ мэдрүүлж байгаа гэж боддог.
-Хүн бүр театрын урлагийн талаар өөрсдийн гэсэн төсөөлөлтэй байдаг талаар ярьлаа. Та ч бас анх удаа энэ төрлийн урлагт тоглож үзэж байна. Тэгэхээр өмнө нь таны төсөөлж байсан урлагаас юугаараа ялгаатай юм шиг танд санагдаж байна?
-Магадгүй өөр төрлийн драмын жүжиг байсан бол би бас тоглох эсэхээс сайтар бдох байсан байх. Гэтэл энэ жүжгийн хувьд миний сонирхлыг хамгийн их татсан зүйл бол зохиолын өвөрмөц байдал. Яагаад ийм байж болохгүй гэж гээд уулга алдаж байсан.
Тэр ч утгаараа бидний тоглож байгаа "ХҮН" театрт ч өөрөө маш их бодлогын шинж чанартай. Жижиг орон зайд тоглож байгаа. Энэ нь үзэгчидтэйгээ хамт амьсгалж, мэдэрч байгаа мэдрэмжийг нь хүртэл шууд хүртэж байгаа учир үзэгчидтэйгээ хамт тоглож байгаагаас ялгаагүй.
Ахмад жүжигчид маань ярьдаг л даа "үзэгчдийнхээ хөлийх нь хурууг хэзээ хөдөлж байна гэдгийг хүртэл мэдэрч тоглох ёстой" гэдэг. Яг л тийм орон зайг бүрдүүлсэн театрт тоглож байгаагаараа онцлог. Нэг гэрийн гишүүд гэр бүлээрээ тойрч суугаад хоолоо идэхэд ямар сайхан мэдрэмж төрдөг билээ яг түүн шиг мэдрэмж мэдрэхийг хүссэн хүн бүр энэ жүжгийг үзэх ёстой байх.
-Дүр сонголт маш өвөрмөц санагдсан. Хошин урлаг, дэлгэцийн урлаг, тайзны урлаг гээд төрөл бүрийн жүжигчдийг нэг дор цуглуулсан нь маш сонирхол татсан. Хамтран ажиллаж буй жүжигчдийнхээ тухай ярихгүй юу?
-Манай жүжгийн нээлтэн дээр ирсэн хүмүүс ямар сонин хүмүүсийг нэг дор цуглуулсан юм бэ, өвөрмөц санагдаж байна гээд сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ.
Намайг бодвол бусад жүжигчид маань бүгд тайзан дээр ажиллаж байсан туршлагатай уран бүтээлчид байгаа. Манай О.Энхтуул эгч маань 15 жилийн дараа театрын урлагт эргэн ирж байна. З.Онон ах маань хошин урлагийн ноён оргил Х-Түц продакшныг толгойлоод олон жил явж байна. Ц.Төмөрбаатар ахтай бүр ярих зүйл байхгүй шүү дээ. Хар залуугийн театр болон дэлгэцийн уран бүтээлд тоглож ирсэн хүндлэхгүй байхын аргагүй уран бүтээлч ах маань байгаа.
Г.Сэрэглэнгийн маань хувьд мөн л театрын жүжигчин. "Анна каренина" жүжгийн гол дүрд ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч. Харин миний бие болон Орфе театрын захирал Т.Ариунчимэг бид хоёрын хувьд тайзны уран бүтээлд анхлан тоглож байгаа учир туршлагын хувьд арай бага. Тиймээс ах, эгч нараасаа суралцаад явж байна.
Түүнээс гадна оюутан байхдаа сонсож байсан номын дуу эргэж сэргэж байна. Ихэвчлэн дэлгэцийн уран бүтээлд оролцож байсан учир тайзны уран бүтээлийн талаар мартсан байна лээ. Тиймээс туршлагатай уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллаж байгаа учир маш их нөмөртэй, дэмтэй, сайхан байгаа.
-Урилгыг минь хүлээн авч ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.