Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байсан ч Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдсон тул түр хорооны ажлаа хүлээлгэн өгчээ. Харин түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилжээ.
Хөгжлийн банкны хянан шалгах түр хороонд Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар байдаг.
Өнөөдөр Хянан шалгах түр хороо хуралдаж, Хөгжлийн банкны мэдээлэл сонссон. Энэ үеэр АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "АТГ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах ажлын хэсэг гарч, Хөгжлийн банкны хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор гурван мөрдөн байцаалтын хэрэг, 26-н хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Эхний ээлжид 86 ялагдагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Зээл төлсөн эсэхээс үл хамаарч эдгээр 86 хүний гэм буруугийн асуудал яригдана" гэсэн юм.