Шахсан бяслаг шиг “хийгүй” төсөв батлах ёстойг дахин сануулав
Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа. /2013 онд сангийн сайд асан Ч.Улаан УИХ-ын чуулганаар 2014 оны төсвийг хэлэлцэж байх үед нэг удаа “Шахсан бяслаг шиг хийгүй” төсөв болсон гэж онцолж билээ. Тэгвэл энэ агуулгыг давтаж Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 2023 оны төсвийн төслийг эргэж харах шаардлагатайг сануулав./
-Монгол Улсын ирэх оны төсвийн зарлагыг түүхэнд байгаагүй өндөр дүнгээр буюу 20.4 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгасан. Тэгвэл зардал дээр он дамжин хэрэгжүүлж байгаа төслийн зардал хэчнээн хэмжээг нь эзэлж байгаа вэ? Зарлагыг танах боломж бий юу?
-Ирэх оны төсвийн зарлага дотор 2.6 их наяд төгрөгийн санхүүжилтийн төсөл шилжиж орж ирсэн байгаа. Нэг талдаа сүүлийн 5-10 жилийн хугацаанд үргэлжилсэн зарим үр ашиггүй төслүүдэд хөрөнгө оруулалтыг хувьчилж хувааж тавьж байсан гэсэн үг. Гол ачаалал нь 2023 оны төсөв дээр хөрөнгө оруулалтын зардлын ачаалал өмнөх жилүүдэд байгаагүйгээр хамгийн өндөр гарч ирж байна. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газрын зүгээс ирэх онд ямар нэгэн байдлаар шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх бодлогыг баримталж байна. Ажлын хэсгээс ч мөн дээрх бодлогыг дэмжиж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Гэхдээ он дамжиж орж ирсэн 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг дахиад дотор нь задалж үр ашиггүй зардлуудыг хасаж, хэмнэлт хийх боломжтой эсэх асуудлыг судлах шаардлагатай.
Засгийн газраас олон жил удаашралтай явж ирсэн төслүүдээс ирэх онд нийтдээ 86 орчим хувийг нь дуусгаж үлдсэн 14 хувьд хамаарах 100 гаруй барилга байгууламжийг 2024 онд дуусгахаар төлөвлөж хойшлуулсан байгаа.
-Төсвийн хөрөнгө оруулалтын зардлуудыг дахиж эрэмбэлэх шаардлагатай гэж та сая хэллээ. Зардлыг дахиж танавал 1.5 их наяд төгрөгийн алдагдлыг бодитоор бууруулах боломж хэр байна гэж үзэж байгаа вэ?
-Ажлын хэсгийн хүрээнд судлах шаардлагатай хэд хэдэн асуудлууд байгаа. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт болоод урсгал зардлуудыг нарийвчилж судалж үзэх шаардлагатай байна. Эндээс магадгүй алдагдлыг бууруулахад тодорхой орон зай үүсэх болов уу гэсэн хүлээлт бий. Нөгөө талаараа орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж болохгүй учраас нарийвчилж үзэх ёстой. Учир нь ирэх онд улсад татан төвлөрүүлэх нийт орлогын дийлэнхийг түүхий эд болоод уул уурхайн салбараас бүрдүүлнэ гэж харж байгаа. Гэтэл бид урьдчилсан таамгаас илүү түүхий эд, бүтээгдэхүүний үнийн зөрүүг нарийвчилж үзэх ёстой. Төсвийн орлого, зарлагын харьцаанаас гадна өөр нэг анхаарах асуудал бол гадаад зээл тусламжтай холбоотой асуудлууд байна. Гаднаас авч байгаа зээл тусламжуудыг тухайн эдийн засгийн бодит секторуудад зарцуулдаг байх шаардлагууд байх нь чухал. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд авч үзэхэд гадаад зээл тусламжийг дамжиж, Улсын өрийн дарамт нэмэгдэж ирсэн.
Энэ оны байдлаар авч үзэхэд мөн л гадаад зээл тусламж болон зардлын санхүүжилт нийлээд 3.1 их наяд төгрөг болж байна. Энэ нь төсвийн нийт ачааллын 12 хувьтай тэнцэж байгаа. Уг нь бид хуулиараа алдагдалгүй төсөв батлах ёстой. Зарчмын хүрээнд төсвийн тогтвортой байдлын хуулиа дагаж мөрдөх шаардлагатай.
Гэтэл өнгөрсөн 19 жилийн хугацааны төсөвт дүн шинжилгээ хийж үзвэл дөрвөн жилд нь төсөв алдагдалгүй гарч байсан юм билээ.
Эндээс харахад бид төсөв дээр бодлогын өөрчлөлт хийж, хатуу зохицуулалтуудыг хийх шаардлагатайг сануулж байгаа юм.
“Ирээдүйн өв сан” ирэх онд хуримтлалгүй өнжинө”
-“Ирээдүйн өв сан”-гийн хөрөнгийн зарцуулалтыг 2026 он хүртэл сунгасан асуудлыг та байнгын хорооны хуралдаан дээр шүүмжилж байсан. Ирэх онд санд мөнгөн хуримтлал огт хийгдэхгүй хэр нь зарим хөтөлбөрийг эсрэгээрээ сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх асуудлыг тусгасан байна шүү дээ. Тийм байж болох уу?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс буюу “АМНАТ”-аас тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтворжуулалтын санд тодорхой хувийг нь хуваарилаад үлдэх хэсгээс “Ирээдүйн өв сан”-д төвлөрүүлэх хөрөнгийг ирэх онд “тэг” гэж харж байгаа.
Товчхондоо, 2023 онд “Ирээдүйн өв сан”-д хөрөнгө оруулах боломжгүй гэж ойлгож болно.
Цаашилбал, 2024 онд 25 хувь, 2025 онд 45 хувь, 2026 оноос 65 хувь байх асуудлыг Засгийн гараас төсөлд тусгаж оруулж ирсэн байна лээ. Зүй нь бол жилд тогтмол 65 хувийн орлого төвлөрүүлэх ёстой зүйлийг ирэх онд тэглээд 2024 оноос орлого төвлөрүүлэхээр хойшлуулж байна гэдэг бол зарчмын хувьд байж болохгүй асуудал. Бид нэг жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна. Үүнтэй уялдуулж “Ирээдүйн өв сан”-гийн хөрөнгийг ч гэсэн нэг жилээр тооцож хувь хэмжээг батлах ёстой гэсэн хувь хүний байр суурийг би илэрхийлж байгаа. Энэ асуудлыг мэдээж ажлын хэсэг дээр ярина.
-Ямар шалтгаанаар сангийн хуримтлалыг ирэх онд зогсоохоор төлөвлөөд байгаа вэ?
-Энэ нь хүүхдийн мөнгөтэй холбоотой. Бид нар ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгийг шууд шийдвэрлэх бодлогыг танилцуулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 1.3 сая хүүхэд байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно гэж тооцвол 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Засгийн газрын зүгээс ирэх жил хуваарилах хүүхдийн мөнгийг өмнөх судалгаанаас авч үзээд нийтдээ 91 хувьд олгох асуудлыг тусгаж байна. Хэрэв энэ тооцооллоор хүүхдийн мөнгийг олгохоор болбол 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай болно.
Үүнийг бүрдүүлэхийн тулд ирээдүй өв сангаас хуваарилах зохицуулалтыг Засгийн газраас оруулж ирсэн. Ирэх оны төсөв хүнд байж болно.
Магадгүй ирэх оны хүүхдийн мөнгөний хуваарилалтыг шийдвэрлэж болох ч зарчмын хувьд “Ирээдүйн өв сан”-д төвлөрүүлэх хөрөнгийг нэг жилээр л ярих ёстой болохоос биш цаад онуудын асуудлыг төсвийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байгаа. Тиймээс хуулинд нь өөрчлөлт оруулах өөр аргагүй. Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч тодорхой шийдлийг гаргах байх гэж найдаж байна.
Б.Мягмарсүрэн