Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “КТО УЛААНБААТАР“ төлөөлөгчийн газар “Солонгос улсад аялагчдын ой”-г байгуулах эхний алхмыг тавилаа

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 35 секунд

Цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлэх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол мод тарих. Тиймдээ ч “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ийг Монгол орон даяар хэрэгжүүлж, ард иргэдийг мод тарих их үйлсэд өөрсдийн хувь нэмэрээ оруулахыг уриаж буй.

Тэгвэл энэхүү хөдөлгөөнийг БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харъяа Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу "KTO Улаанбаатар" төлөөлөгчийн газрын зүгээс дэмжин ажиллаж, 2022 онд Солонгос улсад аялаад ирсэн 1000 аялагчийн нэрээр мод тарихаар ‘Ногоон ази сүлжээ” ОУБ-тай хамтран ажиллах болсон талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч бямба гараг буюу аравдугаар сарын 08-ны өдөр "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг тохиолдуулан “Солонгос улсад аялагчдын ой”-г байгуулах эхний алхмыг тэд тавилаа.

Тодруулбал, Улаанбаатар хотоос 100 гаруй км-ын зайд орших Төв аймгийн Баянхангай сумыг зорьж, 500 гаруй чацарганы мод тарьж, эх дэлхийдээ үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэгвэл бид энэхүү арга хэмжээний талаар сурвалжиллаа.

Төв аймаг, Баянхангай сум

"КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газартай хамтран ажилладаг агентлагууд болон аялагчдын төлөөлөл болсон 40 гаруй хүн Баянхангай сумыг зорьсон бөгөөд үйл ажиллагааг нээж, "КТО Улаанбаатар"-ын Суурин төлөөгч Ким Кванг Шиг үг хэлсэн бол түүний дараа "Ногоон Ази сүлжээ" ОУ-ын төслийн удирдагч Шин Ки Ху үг хэлж, аялагчдын ойн үр шимийг нутгийн иргэд хүртэх талаар хэлсэн юм.

Харин түүний дараа "Ногоон Ази сүлжээ" ОУБ-ын Ахлах ойн инженер Б.Хонгорзул чацарганы модыг хэрхэн зөв тарих талаар мэдээлэл өгсөн юм.

Ийнхүү аялагчид болон төлөөлөгчид ирээдүйн чацарганы ойн талбайд очин хөнгөхөн дасгал хийгээд гурав гурваараа баг болон мод тарьцгааж эхэлсэн юм.

Бид "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газрын Суурин төлөөгч Ким Кванг Шигээс сэтгэгдэл болон энэхүү төслийн талаар тодруулахад дараах зүйлийг хэллээ.

БНСУ руу аяласан 1000 иргэний нэрээр мод тарих төслийн эхний алхам тавигдаж байна

"Энэ оны дөрөвдүгээр сараас манай "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газар болон аялалын компаниуд маань хамтран Солонгос Улс руу аяласан монгол иргэдийн тоогоор буюу 1000 иргэний нэрээр мод тарих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба өнөөдөр эхний алхамаа тавилаа. Энэ төсөл маань "Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Манай "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газар маань Монгол аялагчдыг БНСУ руу аялуулахад аялалын чанарыг сайжруулах, аялагчдыг бүс нутгаар аялуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Монгол Улсад аялал жуулчлалын чадвахыг сайжруулах сургалтын төвийг барьж байгуулах томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн энэ удаад манай төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа бол ирэх онуудад аялалын компаниуд маань өөрсдийн санаачилгаар уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулна гэдэгт итгэж байна. Мөн аялалын компаниуд маань аялалын бүтээгдэхүүндээ мод тарих төсөв мөнгийг суулгаад, Солонгос Улс руу аяласан тохиолдолд өөрийнхөө нэрээр нэг мод тарьж байна гэсэн ойлголтыг аялагчдад өгөөсэй гэж хүсч байна" гэв.

Мод тарихад хамгийн их анхаарах зүйл бол үндсийг гэмтээхгүй байх. Түүнээс гадна усалгаанд ч маш их анхаарах ёстой аж. Тиймээс модыг хэрхэн зөв тарих талаар Ахлах ойн инженер Б.Хонгорзул мэдээлэл өглөө. Тэрбээр,

Чацарганы ой таван жилийн дараа нутгийн иргэдэд үр өгөөжөө өгнө

"Өнөөдөр чацарганы мод тарьж байгаа талбай маань "Атар хамтын төгөл"-ийн талбай юм. Уг талбайд өнөөдөр "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас тэр дундаа энэ онд БНСУ руу аяласан аялагчийн хандивын хөрөнгөөр 1000 чацарганы модны ой бий болохоор болсонд туйлын баяртай байна. Монгол эх орныхоо төлөө хийж байгаа хамгийн том ажил гэдгийг онцолж хэлмээр байна. Мөн таван жилийн дараа энэ ойгоос гарах ашиг шим бүгдээрээ хоршооны хөрөнгө, нутгийн иргэдийн хөрөнгө болох юм. Тиймээс үр шимээ өгөх талбайг бий болгохын тулд хичээн ажиллаж байна.

Мод тарихын тулд хамгийн эхний бэлтгэл ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай. Хүмүүс мод тарих юу байхав гээд нүхээ ухаж бэлтгэлгүй модоо аваад ирдэг. Тиймээс хамгийн эхэнд нүхээ ухах, усаа зөөж ирсэн байх шаардлагатай. Ингэснээр мод тарих илүү хялбар болоод ирдэг.

Мөн мод тарихад хэд хэдэн анхаарах зүйл бий. Үүнд,

  • Үндэсний хүзүү гэж байдаг. Энэ бол үндэс болон иш хоёрын зааг хүртэл шороогоор булах. Иш газрын хөрсөн доор орвол шинэ үндэс үүсэх аюултай байдаг. Энэ нь хуучин үндэс устах улмаар модны насжилтыг багасгадаг. Тиймээс үндэс, иш хоёрын зааг дээр л шороогоо булах шаардлагатай.
  • Модыг услахдаа модны иш рүү бус модны тогоог тойруулан услах шаардлагатай. Гэтэл иргэдийн түгээмэл гаргадаг алдаа бол модны иш рүү услаад байдаг. Гэтэл ингэж усласан тохиолдолд үндэс ил гарах эрсдэлтэй байдаг.
  • Мөн модоо суулгасны дараа шороогоор булахдаа дээрээс нь маш их хүчээр чигжээд байдаг. Энэ бас л буруу. Тиймээс бага жинтэй хүн эсвэл нэг хөлөөрөө чигжих хэрэгтэй. Энэ нь усыг үндсэнд хүрэх гол хүчин зүйл байдаг. Тиймээс энэ гурван зүйл дээр маш их анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна мод тарьснаас нэг сарын дараа бордоо хийдэг" гэлээ.

Чацарганы модны ач тус

Чацарганы мод нь хөрсийг сайжруулахаас гадна салхинаас хамгаалах үүргүүдийг давхар гүйцэтгэдэг. Тиймдээ ч уг модыг бордогч мод хэмээн нэрлэдэг. Хөрсний чанар сайжирснаар чийгшил сайн авч цөлжилтөөс сэргийлдэг байна.

Биднийг нийслэл хотоос хөдлөхөд цас хаялж байсан ч Баянхангай сумд очиход дулаахан, зөөлөн салхитай байв. Мод тарихад хамгийн тохиромжтой хийгээд, хамгийн зөв цаг үе байсан мэт. Тийм ч учраас мод тарьсан хүн бүр даарсан ч шинжгүй, чин сэтгэлээсээ хичээнгүйлэн модоо тарьж байлаа.

Энэ өдөр мод тарих хүн бүр гурав гурван мод тарих байсан ч түүнээс илүү мод тарин байгаль эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэгвэл аялагчдыг төлөөлөн ирсэн, олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн "Positivе Mongolians"-ийн Э.Дөлгөөнөөс сэтгэгдлийг нь сонслоо.

Хүн бүр бие биенээ уриалаад мод тарихыг хүсч байна

"Өнгөрсөн дөрөвдүгээр сард бид "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газрын ажлын хүрээнд БНСУ руу аяласан. Аялалын хүрээнд нийт аялагчдын тоогоор мод тарих талаар сонссон. Гэтэл нийт 1000 мод тарихаар болсон гэдгийг мэдээд маш их баярласан. Бараг сарын өмнөөс энэ өдрийг хүлээгээд, ажлуудаа ч мөн төлөвлөөд өнөөдөр зориод ирсэндээ маш их баяртай байна.

Анх тэрбум мод тарих хөдөлгөөний талаар сонсоход маш их гайхаж, хэзээ тарьж дуусах бол гэж бодож байсан юм. Гэтэл өнөөдөр гурван хүн нийлээд маш богино хугацаанд 19 мод тарилаа. Гэтэл өнөөдөр энд цугласан хүмүүс нийлээд 500 гаруй мод тарьсан гэж байна. Тэгэхээр энэ нэг тэрбум гэдэг тоо бол амархан гүйцэгдэхээр санагдлаа.

Гэхдээ ганцаараа биш олуулаа нийлж байж энэ тоонд хүрнэ гэдгийг маш сайн ойлголоо. Маш их итгэл төрж байна. Тиймээс хүн бүр найз нөхөд, хамт олноороо нийлээд, бие биенээ уриалаад тав, аравдахгүйгээр мод таривал үр дүнд хүрэх юм байна гэдгийг харлаа" хэмээв.

"Airmarket holiday" аялалын компанийн гүйцэтгэх захирал Б.Баянжаргалаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр,

1000 мод төслийн эхлэл маш олон хүний хүч хөдөлмөрөөр эхэлж байна

"Сүүлийн зургаан жилийн хугацаанд "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байна. Энэ жилийн Солонгосын аялалыг манай компани хамгийн эхэлж гаргасан. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн БНСУ руу аяласан аялагч бүрт нэрийн пайзтай мод тарих хөтөлбөрт хамтран ажиллах санал тавьж, манай компани хамтран ажилласан байгаа. Ойролцоогоор дөрвөн аялалын 640 орчим аялагчийг Чэжү рүү аялуулж, 1000 мод төсөлд аялагчдаа хамруулж байна. Өнөөдөр бол уг төслийн эхлэл, тэр дундаа эхний модод таригдаж эхэлж байна гэсэн үг.

Өнөөдөр тарьсан моднууд маань зулзаган мод учир пайз зүүх боломж байхгүй юм байна. Эдгээр модны бүх зардлыг "КТО Улаанбаатар" болон БНСУ-ын элчин сайдын яам хариуцах юм байна. Түүнээс гадна маш олон хүний хүч хөдөлмөрөөр эхэлж байгаа ажил гэж ойлгож байна" гэлээ.

"КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас уг ажлыг энэ жил санаачлан хэрэгжүүлж байгаа ч ирэх жилүүдэд аялалын компаниуд маань өөрсдөө үргэлжлүүлэн, цаашид хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол орны цөлжилтийн эсрэг тэр дундаа байгаль эх орондоо иргэнийхээ үүргийг биелүүлэн мод тарьсан хүн бүхэнд талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Мөн БНСУ руу аялах аялагч бүр энэхүү ажилд өөрийн хувь нэмрээ оруулж буйг энэхүү сурвалжилгаараа дамжуулан хүргэхийг зорилоо.

Ж.Бат-Эрдэнэ: Надад 70 тэрбум битгий хэл 7 тэрбум ч алга
Ж.Бат-Эрдэнэ: Надад 70 тэрбум битгий хэл 7 тэрбум ч алга
 
УИХ: Намын бүлгүүд 10.30 цагаас хуралдах бол чуулганы нэгдсэн хуралдаан 12.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана
УИХ: Намын бүлгүүд 10.30 цагаас хуралдах бол чуулганы нэгдсэн хуралдаан 12.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.