Гурван охиноо галд алдсан ээж О: “Би юу ч хэлж чадахгүй байна”

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 22 секунд

2025 оны 4 сарын 22.

Төв аймгийн Жаргалант сум. Салхитын дугаар гудамж. Хиншүү ханхалж, утаа баагисан эл хуль, хав хар гэрийн буйр. Уй ,нулимс, харуусал, хагацал ханхалсан зэвхий саарал эзгүй гудамж. Өчигдөрхөн л энд хүүхдийн инээд хадаж, энд тэнд бойтогны хонх жингэнэн, дуу шуутай, хөл хөөртэй байсан газар. Өнөөдөр хажуу хашаанаас дотор зуран ёнгинох яндангийн дуу, салхины хүүгэх чимээ, үе үе хуйлран босох шорооноос өөр хөл хөдөлгөөн анир чимээ энэ газарт үлдээгүй аж. Дэндүү давчдам, дэндүү харуусам. Хайран.

Эрхийн чинээ жаахан гурван амь энд л цоожтой хаалганы цаана үүрд царцжээ. Үртэй бүхний зүрхийг зүсэж тэнгэрт дэвшиж. Энд уйтай байна, гунигтай байна. Хүйтэн байна.

"БАМБАР АВЧРААРАЙ ГЭЭД ТОГЛООД ҮЛДСЭН"

Иргэн Б, О хоёр дөнгөж 30 гарч яваа залуу хос. Хоёр талаасаа хүүхдүүдээ дагуулж ирээд, айл болж амьдрал зохиогоод тийм ч их удаагүй. Эхнэр О нь дэлгүүрт худалдагч хийдэг. Нөхөр Б нь Жаргалант сумын Үрийн нөөцөд ажилладаг. Тэд 2-11 насны 6 хүүхэдтэй. Хоёулаа ажиллавал алзахгүй гээд амьдрахын төлөө уналгын морь шиг зүтгэж бай гаа олон мянган залуу гэр бүлийн л нэг. Ажил хийвэл хүүхэд битгий төрүүл. Хүүхэд төрүүлбэл ажил битгий хий гэдэг сонголтыг тулгадаг энэрэлгүй нийгмийн зовлонг үүрч дүүрээд туулж яваа залуу хос. Хэрэг гардаг өдөр Жаргалант суманд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулагдаж төрийн албан хаагчид дуртай ч дургүй ч бүгд дайчлагдсан. Б бол тэдний нэг. Төрийн албан хаагч учраас шалтаг хэлэх эрх түүнд байхгүй. Эхнэр О төрийн албан хаагч биш ч хувийн ажилтан учраас хэзээ ажиллаж, хэдийд амарч, хэзээ чөлөө олдож, хэзээ хүүхдүүдээ харахыг эзэн л шийднэ. Нөхөр нийтийн цэвэрлэгээнд дайчлагдсан учраас би гэртээ үлдэж хүүхдээ харъя гэж хэлэх зориг хөөрхий бүсгүйд байхгүй. Ийм нөхцөлд 6-р ангийн охиноос нь өөр ачааг нь үүрэлцэх хүн тэдэнд олдохгүй. Харамсалтай нь тэр өдөр бүх нийтийн цэвэрлэгээнд охин нь ч бас дайчлагдсан. Ингээд л 2-5 насны учраа мэдэхгүй 3 нялхас цоожтой үлдэхээс өөр арга байгаагүй аж.

“Бамбар авчраарай” гээд тоглоод үлдсэн үрс нь эргээд ирэхэд үнс болчихсон байх юм гэж хэний ч ухаанд орохгүй нь лавтай. Ухаан санаа нь нэг орж, нэг гарч, сууж нэг босож нэг гаслан, яахаа мэдэхгүй багтран самгардсан энэ хөөрхий ээж аав хоёрт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу.

Байж ядан гаслахдаа нүднээс далд нүүрсний амбаарын ард ороод цурхиран уйлж суугаа аавыг харах нулимс алдам уйтай аж. “Юм хэлж чадахгүй нь” гээд уруулаа эвлүүлж ядан өмөлзөх ээжийн шаналан цээж нэвт хатгах шиг хөндүүр аж.

Гэм хийчихээд хүний нүд хариулах мэт жаахан охины гуниг, айдас, цочрол дүүрэн харц дэндүү өрөвдөлтэй. Тэд ийм зүйл үзэж туулахаар юу буруу хийсэн гэж? Хавчуу, энэрэлгүй нийгэмд хөлөө олж, амьдрахын төлөө зүтгэснээс өөр буруу бий билүү? Даргын тушаалыг дагасан нь уу? Ажилгүй болохоос айсан нь уу? Аль нь буруу гэж?

ХОНОГИЙН ДОТОР АМЬДРАЛ ХӨМӨРСӨН ЗАСГИЙН ЭНТЭЙ ДАРГЫН ШИЙДВЭР

Жаргалант сумын Засаг даргын бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай А/107 тоот захирамж 2025.04.17-ны өдөр гарсан. Цэвэрлэгээг харин 21-ний өдөр гэж товлосон. Энэ ажилд төрийн албан хаагчид бүгд оролцох ёстой гэнэ. Тиймээс Өгөөмөр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Амаржаргал багш,ажилчдаа цэвэрлэгээнд оролцуулахын тулд цэцэрлэгийг амраах шийдвэрийг дур мэдэн гаргажээ. Засаг даргын захирамжид цэцэрлэгийг амраах тухай үг үсэг байхгүй гэж дарга яаран хамгаалалт авна. Гэхдээ л төрийн албан хаагчид оролцох ёстой гэж үүрэгдэнэ. Тэрэхээр ямар гаргалгаа байж таарах вэ?

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зосоох, амраах шийдвэрийг гагцхүү Боловсролын яам, Засгийн газар шийдэх эрхтэй. Харин ямар нэг давагдашгүй гамшиг осол тохиолдсон үед нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” гэсэн хуулийн заалт бий.

Гэвч Засаг даргын захирамжид нийцүүлэхийн тулд цэцэрлэгийн эрхлэгч өөрийгөө Засгийн газрын энтэй үнэлээд цэцэрлэгийг амраах шийдвэрийг дангаараа гаргасан аж. Үнэн хэрэгтээ энэ шийдвэр групп чатын хүрээнд л яригдаад шийдэгдсэн гэх. Үр дүнд нь өнөөдрийн уй гашуу. Засгийн газрын энтэй цэцэрлэгийн эрхлэгчийн энэ шийдвэр элэг бүтэн нэгэн айлын амьдралыг хоногийн дотор хөмөрсөн нь энэ. Хэрвээ цэцэрлэг амраагүй бол энэ айл элэг бүтэн, гурван бяцхан охин аавдаа захисан Бамбар зайрмагаа идээд, инээж баясаж суух ч байсан юм бил үү?

Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Амаржаргалаас энэ шийдвэрийнх нь талаар асууж тодруулахаар “Өгөөмөр цэцэрлэгт бид 3 удаа очоод цоожтой хаалга мөргөөд буцав. Очих бүрт “яг саяхан гараад явчихлаа” гэж хэлүүлнэ. Араас нь сураглаж сумаар нэг эрэл хайгуул болоод ч тусыг эс олов. Залгаад мэдээж утсаа авсангүй.

ДҮҮ НАРАА ГЭРТЭЭ ҮЛДЭЭСНЭЭ ХЭЛЭЭГҮЙ УЧРААС СУРГУУЛИЙН ЗАХИРГАА “ЦЭВЭР” ҮЛДЭНЭ

Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээнд 6-12-р ангийн сурагчид ч хамрагдах ёстой. Тиймээс ангийн багш н.Цэнгээ 15:00 цагт сургууль дээр цугларах тов зарлаад хичээлээ тараажээ. 15:00 цагт багш сургууль дээр ирэхэд талийгаач 3 охины эгч ирчихсэн байсан гэнэ. “Аав Сонор дэлгүүр дээр хүргэж өгсөн” гээд зогсож байсан гэв. Дүү нараа гэртээ үлдээгээд ирснийг нь мэдээгүй гэж ангийн багш учирлана. Сумын урд энгэрт хог түүж байх зуур охины гэрийн зүг утаа гарч байжээ. Энэ үед сургуулийн групп чатад танай ангийн охины гэр шатчихжээ гэдэг мэдээлэл ирсэн байна. Багш яаран охинд гэр нь шатсан бололтой гэж дуулгах үед гэрт 3 нялх дүү нь цоожтой байгааг хэлсэн аж. Ингэж л сургуулийнхан түргэн авсан аж. Охин гэрийн зүг гүйж, улмаар ухаан балартан унахад ангийн багш эмнэлгийн тусламж үзүүлжээ. Багшийн хэлснээр 23:00 цаг хүртэл охины биеийн байдлыг харж эмнэлэгт сахисан аж.

н.ХҮРЭЛБААТАР: ОЙР ХАВИЙНХАН ХУДГААС УС ЗӨӨЖ УНТРААХЫГ ОРОЛДСОН Ч ДИЙЛЭЭГҮЙ

Гал гарч байна гэдэг дуудлагыг 15:30 цагийн үед хөрш айлын эхнэр өгсөн аж. Харин Цагдаагийн албан мэдээллээр бол 16:30 цаг гэх.

Хамгийн түрүүнд очиж галыг унтраах оролдлого хийсэн хөрш н.Хүрэлбаатарын хэлснээр “Нэг хартал гэрээс нь утаа савсаж байхаар нь гараад очтол дотор нь гал гарсан байсан. Баруун хойд талын цонхоор нь галын дөл харагдсан. Дотор нь хүүхэд байгааг мэдээгүй. Хаалгыг нь эвдэхээр цоожыг нь цохиод дийлээгүй. Тэгж байтал Б-ын ах нь ирээд дотор нь хүүхэд байгааг хэлсэн. Бид 2 тэр даруй хаалгыг цөм цохиод орох гэтэл өөдөөс улаан гал дүрэлзээд цонхнууд нь хагараад хүн орох ямар ч нөхцөлгүй болчихсон байсан. Маш их салхитай өдөр байсан учраас гал юу юугүй ойр хавийн айлууд руу орох гээд байсан юм. Манай ойр хавийнхан худгаас ус зөөж унтраахаар оролдож байхад ковш машин болон сумын усны машин ирж унтраасан. Харамсалтай нь бүх зүйл оройтсон байсан. Галын машин ирээх үед гал унтарсан байсан” гэв. Сэлэнгийн Баруунхараагаас Төв аймгийн Жаргалант хүртэл цаг гаруй явдаг гэнэ.

Дүрэлзсэн гал, тэмцсэн амь тэднийг хүлээхгүй нь ойлгомжтой.

Уг нь 2020 онд Жаргалант суманд галын машин өгсөн ч тэр нь авснаас хойш нэг л удаа ажиллаад дахиж асаагүй гэх. Тиймээс л цаг гаруйн зайтай Баруунхараагаас тусламжийн баг гарсан ч харамсалтай нь хожимдсон. Ингэж л гурван бяцхан амь дэндүү харгисаар ховоогоос одсон аж.

Гэр нь шатаж байгаа тухай мэдээг дуулсан аав ээж ирэх үед гал хэдийн хяналтаас гарсан байж. Улаан гал руу гүйж орохоор улайран зүтгэх аав, ээжийг олны хүчээр барьж тогтоосон ч удалгүй аав нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн аж. Ээж нь ч бас араас нь эмнэлэгт хүргэгдэв. “Аав, ээж нь одоо ч ухаан сөхөө орохгүй байгаа” хэмээн талийгаач хүүхдүүдийн эмээ нь учирлав. Гурвын гурван нялх хүүхэд нь нүдэн дээр нь амиа алдахыг харсан ямар эцэг, эх эрүүл саруул ухаантай байж чадах билээ. Сэтгэлгүй, мэдрэмжгүй, хайхрамжгүй, хүндээ , хүүхдэдээ ээлгүй оронд төрснийх нь төлөөс үү.

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш  99.2 төгрөгөөр сулрав
Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 99.2 төгрөгөөр сулрав
 
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана
Сэтгэгдэл (22)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!