Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа Хөшигийн хөндийд болж байна. Нээлтийн үйл ажиллагааг нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү 3 дугаар зэрэглэлийн салбар төмөр зам нь 102.5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм. Ингэснээр Монгол Улсад баригдаж багаа анхны салбар төмөр зам аж.
Энэхүү төмөр замын олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж, байгуулах, ашиглалтыг "Монголын төмөр зам" ТӨХК хариуцах аж. Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим ААН-ын 2500 гаруй ажилтан оролцоно гэж албаны хүмүүс мэдээллээ.
Мөн төмөр замын төслийн замын дээд бүтэц нь тогтоосон стандартын дагуу 1520 мм царигтай, 25 метр бүхий уулзвартай дан зам байхаар төлөвлөгджээ. Мөн буталмал, чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй байх юм бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжинэ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр
- Төмөр замын бүтээн байгуулалтын хугацаанд 3000 орчим түр ажлын байр шинээр бий болно. Улмаар 420 хүн шинээр байнгын ажлын байраар хангагдана.
- Төсөл хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхөх бөгөөд Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татвар төлнө.
- Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Тээвэр логистикийн төв төсөл, Хүннү хот, Зуунмод хот, Майдар хот, Сэргэлэн сумын төв дагуул хотуудыг барьж байгуулах суурь нөхцөл тээврийн дэд бүтэц, логистикийн асуудлыг шийдвэрлэнэ.
- Жилд өссөн дүнгээр 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотод оруулахгүй шинээр баригдах Тээвэр логистикийн төв рүү тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр Нийслэлд төмөр зам, авто зам огтолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, хоногт дунджаар 144 минут автозамын хөдөлгөөн хаадаг хугацааг 21-120 минутаар багасгана.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!