Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2025.04.25/ Хөшигийн хөндийд болж байна. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү 3 дугаар зэрэглэлийн салбар төмөр зам нь 102.5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм. Ингэснээр Монгол Улсад баригдаж багаа анхны салбар төмөр зам аж.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Энэ төсөл бол хоёр том зорилгийг агуулж байгаа. Нэгдүгээрт Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нөгөө талдаа энэ шинээр бий болж бүтээн байгуулагдах Хүннү хотын суурьшлыг дэмжинэ. Уг төслийг хэрэгжүүлэхээр болсонд миний хувьд их баяртай байгаа.
Хүннү хотын цахилгаан хангамжийн эх үүсвэр нь үндсэндээ шийдэгдсэн. Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын тендерийг олон улсын нээлттэй тендерийг зарлаж байгаа.Хүннү хотын дамжуулах шугам сүлжээний магистраль шугам сүлжээнүүд хийгдэж дууссан.
Одоо салбар шугам сүлжээнүүдийн зургийн тендер зарлагдаад явж байгаа. Хүннү хотын авто замын шугам сүлжээний зургийг зурах олон улсын нээлттэй тендер нээгдсэн. Удахгүй гүйцэтгэгч нь шалгарна. Энэ жил Улаанбаатар хотод анх удаагаа газрын гүнийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр ТЭЗҮ-г боловсруулах ажил ид дундаа явж байна. Өөрөөр хэлбэл, Хүннү хотод газрын гадаргаас доош 3000 метрийн гүний дулааны хайгуул хийх өрөмдлөгийн ажил наймдугаар сард хийгдэж эхэлнэ. Урьдчилсан судалгаагаар Хүннү, Сэргэлэн орчмын хавтанцарын заагаар газрын гүнийн дулаан байх магадлал өндөр гэх дүгнэлт гарсан.
Газрын гүний хайгуулыг амжилттай хийсэн тохиолдолд Хүннү хот анх удаагаа нүүрс түлдэггүй, дулааны станцгүй, газрын гүний дулаанаар халаалтаа шийднэ" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!